| |
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ)-аас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Баруун аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дундаж(ОЖД)-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Уур амьсгалын тойм
Аравдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг байна.
Аравдугаар сарын агаарын дундаж температур 1979, 1982, 1990, 1995, 1998, 2001, 2005, 2006 болон 2008-2011, 2014, 2015, 2018, 2023 онуудад ОЖД-аас дулаан байсан бол 1980, 1981, 1986, 1987, 1992, 1994, 2000, 2002 онуудад ОЖД-аас харьцангуй хүйтэн байсан байна. 2023 оны 10 дугаар сард ОЖД-аас 5°С-аар дулаан байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан 10 дугаар сар болсон бол 1981 оны 10 дугаар сар нь ОЖД-аас 4.5°С–аар хүйтэн буюу түүхэн дэх хамгийн хүйтэн 10 дугаар сар болж өнгөрсөн байна.
Эх сурвалж: УЦУОШГ