|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10
8-08-2024, 22:26

Бидний мартчихдаг "баярлалаа”

Бидний мартчихдаг "баярлалаа”

 

Соёлтой хүн, соёлт нийгэм гэж бид ярьдаг. Тэгвэл соёлтой нийгмийг үг үйлдлээрээ үлгэрлэж, зөв үйлийг түгээж явдаг хүмүүсийн энгийн үйлдлүүдийн цогц гэж  томъёолж болмоор. “Зууны мэдээ” сонин нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох үүднээс соёлтой нийгэмд хууль мэт үйлчилдэг энгийн дадлуудыг жишээ болгон цувралаар хүргэж байхаар “Жижиг биш жишиг” буланг нээж байна.
Нэгэн томоохон сүлжээ дэлгүүр орохдоо өөдөөс гарахаар зөрж байгаа хүмүүст зам тавин хаалгыг нь барьж хэсэг зогслоо. Минут орчмын хугацаанд 10 гаруй хүн хаалгаар цуваад орсны хэн нь ч “Та өөрөө ор” гээд хаалгыг шилжүүлж авсангүй. Нэг, хоёрхон хүн “Баярлалаа” гэснээс бусад нь яг л зочид буудлын хаалгачаар хаалгаа бариулж буй мэт ихэмсэг байдлаар инээд алдан орж явчихна лээ.
Минут хэдий богино хугацаа ч гэлээ хаалга барин зогсоход гар чилэм урт гэдэг нь тодорхой. Нэлээд хэдэн хүнийг өнгөрөөсний дараа “Албатай биш дээ” гэж эгдүүцэж бодсоор би өөрөө хаалгаар орон цааш алхсан юм. Энэ бол зөвхөн нэг өдрийн, нэг удаагийн бус өдөр бүр Монголд болж л байдаг, байдаг л юм шиг хүлээж аваад сурчихсан  бидний нийтлэг дүр зураг. Ийм байх ёстой юм шиг нэг нэгнээсээ урьтаж, би л болж байвал болоо гэдэг сэтгэхүйгээр үргэлж хандсаар байдаг бидний хамгийн энгийн боловч бодит жишээний ганцхан нь.
 
Ерөөсөө манай монголчууд бусдын үйлдэлд талархаж, эерэг байдлаар асуудалд хандаж анхнаасаа сураагүй мэт. Сүүлийн үед хүмүүс ийм байх нь бүдүүлэг шүү гэдгийг хэлж ярьж, сануулснаар арай дээрдэж байгаа ч, соёлтойн хэмжээнд хүрээгүй хэвээр л байна. 
 
Тэгвэл гадаадын олон улсад аялж, зочилж, амьдарч үзэхэд нэг нэгнээ хүндэтгэдэг энгийн боловч эерэг сэтгэгдэл төрүүлсэн үг, үйлдлүүд алхам тутамд тохиолддог. Бидний мартчихдаг баярлалааг тэд өдөр бүр хэлэхдээ хэзээ ч төвөгшөөдөггүй. Хамгийн наад захын жишээ гэвэл хаалгаар дотогш орж байгаа хүн ардаа буй хүнийг ойрхон явж байвал заавал хаалгыг барьж зогсдог нь уламжлал болоод тогтчихсон. Харин ирж буй хүн нь тэр хүнд талархал илэрхийлээд дараагийн хүндээ шилжүүлнэ. Хаалга барьж өгсөн хүндээ баярлалаа гэж хэлээд эерэгээр инээмсэглэх тэр хүмүүс хар, шар, цагаан, ази, африк гээд арьсны өнгөнөөс үл хамааран нийтлэг энэ соёлд нийцэж төлөвшчихдөг. АНУ-д гэхэд орон сууцныхаа хаалгаар орохдоо заавал бие биедээ зам тавьж, хаалгыг нь барьж баярлалаа, зүгээрээ гэдэг үгийг байнга хэлцгээнэ. Лифтэнд суухдаа бусдыгаа түрүүлж гарган гарахдаа лифтний хаалгыг орж байгаа хүнд зориулан хаагдахаас хамгаалан гараараа халхалж өгдөг. Мэдээж энэ бүхнийх нь хариуд баярлалаа гэж хэлэхгүй бол хамгийн бүдүүлэг үйлдлийн нэгд тооцогддог.
Хаалгыг чинь бариад зогссон хэн нэгэнд баярлалаа гэж хэлэхгүй бол тэд өөрсдөө танд хандан “Thank you” гэж дургүйцлээ илэрхийлнэ гэж мэд. Түүнийг нь та талархал гэж ойлговол том эндүүрэл. Харин эсрэгээрээ “бүдүүлэг амьтан” гэж тань руу хашгирч байгаа нь тэр.
Өөрөөр хэлбэл, сайхан сэтгэлийг үнэлдэггүй, хүний хийсэн жижиг ч гэсэн зүйлд талархаж чаддаггүй хүмүүст тэд ясны дургүй. Хэдийгээр энэ бүхэн жижиг мэт боловч соёлт нийгэмд аль хэдийн тогтсон соёлын нэг юм. Тийм учраас л үглэмээргүй байвч үглэхээс аргагүй учир үүнийг бичиглэж “Жижиг гэлтгүй жишиг” болсон соёлын нэг гээд улиглаж суугаа нь энэ л дээ. 
 
 
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler