| |
Видео
Шинэ мэдээ
Японы супер компьютер 2025 он гэхэд квант тооцоолол хийдэг болно
Японы Байгалийн шинжлэх ухааны “RIKEN” хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Fujitsu” компанийн шинжээчидтэй хамтран 2025 он гэхэд квант тооцоолол ба супер компьютерын хүчин чадлыг хослуулан ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр шинэ эм, материал гарган авах, бусад өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд ашиглах нарийн төвөгтэй тооцооллыг хийх боломжтой болно гэж “Nikkei” сонин мэдээлжээ.
Квант компьютерууд нь энгийн супер компьютертэй харьцуулахад 100 сая дахин хурдан тооцоолол хийх хүчин чадалтай боловч одоо байгаа квант компьютерууд нь маш хүчтэй хөргөлтийн систем шаарддаг бөгөөд ажиллахад тогтворгүй байдаг ажээ. Харин “RIKEN” хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүтээж буй квант компьютерээ “Fujitsu” компанитай хамтран бүтээсэн дэлхийн хоёр дахь хамгийн хурдан супер компьютер болох “Fugaku”-тай холбохоор төлөвлөж байгаа ажээ. Квант компьютер нь их хэмжээний өгөгдөлд гол тооцооллыг хийх бол “Fugaku” нь оновчтой шийдлийг олох дүн шинжилгээг хийх гэнэ. Японы анхны квант компьютерыг гуравдугаар сарын эцэс гэхэд Токиогоос холгүй орших Вако хотод бүтээх төлөвтэй байна.
Квант компьютерыг “Fugaku”-тай холбох технологийг бүтээхдээ “RIKEN” хүрээлэн “Toyota”, “Hitachi”, “Sony” компаниудтай хамтран ажиллах ажээ.
Квант тооцоолол ба супер компьютерын хүчин чадлыг хослуулан ашиглах арга нь маш их ирээдүйтэй гэж шинжээчид үзэж байна. Ийм технологи дээр “Google”, “Amazon” компаниуд мөн ажиллаж байгаа ажээ. “Boston Consulting Group”-ын тооцоолсноор, 2040 он гэхэд квант тооцоолол жил бүр 850 тэрбум ам.долларын ашиг авчрах гэнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг