|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын хэрэгждэггүй дүрэм

 

МАН-ын хэрэгждэггүй дүрэм

 

Монгол ардын намаас УИХ-д сонгогдсон найман гишүүн нүүрсний болон Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад байна.

Нүүрсний гэх хэрэгт

  1. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан-Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

  2. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар-Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.

  3. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан-Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.

  4. УИХ-ын  гишүүн Ж.Мөнхбат-Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

  5. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд-Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.

Хөгжлийн банкны гэх хэрэгт

  1. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

  3. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг-Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан.

Яллагдагчаар татагдсан нь л тэд болохоос шалгагдаж буй нэлээд гишүүн бий. Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-д сонгогдсон 11 гишүүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа юм. МАН-ын 2021 оны арванхоёрдугаар сард болсон XXX дахь Их хурлаар намын аль нэг гишүүн гэмт хэрэг хийж ял шийтгэл авбал намын гишүүнээс хасах, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэхээр дүрмээ шинэчилсэн.

Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Намын XXX Их хурлаар МАН-ын Үндсэн дүрэмд хоёр чухал өөрчлөлт орсон.  Нэгд, МАН-ын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, дээр нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй болгож өөрчилсөн. Хоёрт, МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, тэр нь хуулийн байгууллагаар тогтоогдон яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээрээ 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг байхаар өөрчилсөн. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын гишүүнээс түдгэлзүүлэх заалт орсон. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон шүүхээр тогтоогдож, ял шийтгэл оноосон тохиолдол намын гишүүнээс хассан тооцох шийдвэрийг гаргахаар болсон" хэмээн ярьж байсан юм.

Гэвч энэ дүрэм хэрэгжихгүй, МАН эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод буй 11 гишүүнээ яаж ч чадахгүй байна.

Энэ талаар МАН-аас тодруулахад "Хяналтын ерөнхий хорооны дарга гадаадад ажилтай яваа. Ирэхээр нь тодорхой мэдээллийг өгнө" гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод жил шахам, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нар нүүрсний гэх хэрэгт холбогдоод хоёр сар болж байгаа юм. Тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж, түдгэлзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Харин намын гишүүнээс түдгэлзүүлэх нь МАН-ын болон МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ажил юм.

Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан өгсөн ярилцлагадаа "Засгийн газар хөгжлийн бодлого тодорхойлоод, аж ахуйн ажил хийх байтал авлигатай тэмцээд явж байна. Энэ бол шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Шүүх асуудлаа шийд. Үгүй бол тайлбараа хэл. Тэгэхгүй бол шүүх засаглалгүй юм шиг л байна. Шүүхээс 30 жил шударга ёс шаардаж цалинг нь нэмсэн, чадах бүх зүйлээрээ дэмжсэн. Одоо юу хүлээгээд байгаа юм бэ" хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх л сайн ажиллачихвал бүх зүйл болох гээд байна гэсэн. Гэвч өөрөө намын дүрмээ ч хэрэгжүүлэхгүй, гэмт хэрэгт холбогдоод буй нөхөддөө улс төрийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа нь ам, ажил зөрсөн хэрэг билээ.

 
https://itoim.mn/a/2023/02/28/political-parties/kvv

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler