| |
"Сахал" Д.Эрдэнэбилэгийн хувь эзэмшдэг "Хөтөл" ХХК 375.45 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд "Кью эс си" ХХК, "Хөтөл" ХХК, "Вояжер минерал ресурсес" ХХК, "Мондулаан трейд" ХХК, "Пи си вай" ХХК, "Хатант интернешнл" ХХК, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХХК, Эрчим хүчний яам, "Строй-Инвест" ХХК, "Цэцэнс майнинг" ХХК, "Скайлэнд энержи" ХХК зэрэг 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна.
Тэгвэл Хянан шалгах түр хорооны гишүүд яг одоо "Хөтөл" ХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Тус компани нь Цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 оны аравдугаар сард 170 сая ам.доллар буюу 243 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ таван жилийн хугацаатай ам.долларын зээл авсан ч өнөөдрийн байдлаар муу зээлийн ангилалд багтаад байгаа аж.
Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зээлийн муу гэсэн ангилалд багтсан байгаа. Нийт дүнгээрээ 374.45 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн толгой цохиж байгаа гурван компанийн нэг" гэдгийг тодотголоо.
Тухайн үед "Хөтөл" ХХК-ийн 30 хувийг Р.Мөнхзул гэдэг хүн эзэмшдэг байжээ. Тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаа Р.Мөнхжаргалын төрсөн дүү аж. Харин Г.Энхбаяр 50 хувь, Д.Мишиг 20 хувийг эзэмшдэг байсан ч 2015 оны аравдугаар сард "Хөтөл" ХХК-ийн бүх хувьцаа М.Бөх-Очирын /нас барсан/ нэр дээр шилжсэн байна.
Одоо "Сахал" Д.Эрдэнэбилэг тус компанийн 50 хувийг эзэмшиж байгаа гэх мэдээллийг өглөө.
Хянан шалгах түр хорооноос "Хөтөл" ХХК-тай холбоотой мэдээллийг нягтлах, дахин шалгах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэхээс түр хойшлуулав.