|
Видео

Шинэ мэдээ

Н.Ганибал: Дараагийн том хулгайг Д.Сумъяабазар гардан хийж байна

 

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.  

-Та "нүүрсний” хэргийг хянан шалгах түр хорооны гишүүн. Танай хороо юу хийж байна вэ. Сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахгүй юу. Замхарчихлаа гээд л иргэд дургүйцэх хандлагатай байна? 

-Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо гэж байгуулагдсан юм. Энэ хороо нь "нүүрсний” гэх тодотголтой боллоо. Түр хороо хамгийн сүүлд нээлттэй сонсгол зохион байгуулсан. Бид эцсийн дүгнэлтээ гаргаж өгөх учиртай. Одоо шинжээчид ажиллаж байна. Гэвч шинжээчдийн үйл ажиллагаанд оролцож буй байдал, биднийг мэдээллээр хангаж буй байдал хангалттай бус байгаа юм. Шинжээч томилохоор тухайн байгууллагад ажиллаж байсан эсвэл эрх баригч намын хамаарал бүхий болоод байсан. Тэд дэлгэрэнгүй, бүрэн мэдээлэл өгч, асуудлаа оруулж ирэхгүй байгаад л асуудал байгаа болов уу гэж хардаж байна. Гэхдээ сонсголын үеэр Засгийн газраас тодорхой мэдээлэл өгсөн.  

Нүүрсний хулгайг оффтейк гэрээ, тээврийн нугалаа, тендер гэж гурван замаар л хийсэн. Тухайлбал, 2020 оноос хойш 19 их наяд төгрөгийн оффтейк гэрээ хийсэн байна. УИХ-ын гишүүд улсын төсөв гэж 20 орчим их наядыг хэлэлцэх гэж намаржин юм болдог. Гэтэл улсын төсөвтэй дүйцэхүйц оффтейк гэрээг хийсэн байна. Парламентын засаглалтай улсад төсвийг, мөнгөний зарцуулалтыг УИХ хэлэлцэн баталдаг. Гэтэл нүүрс дагасан санхүү, мөнгө нь хуулиас давсан асуудал болчихлоо.  

Төр өмчтэй байгаад, төр өөрөө захиран зарцуулаад ирэхээр Б.Ганхуяг шиг л хулгайч нар төрдөг. Хулгай л хийнэ. Нийт 7.1 их наядаар худалдан авалт хийсэн. Тэрнийхээ хэдийг нь зувчуулсан нь тодорхойгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Ноцтой асуудлууд бий. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн асуудал, бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 20 дахин их үнээр зардаг, олсон мөнгөөрөө Казахстанд хороолол барьдаг гэх мэт.  

19 их наядын оффтейк гэрээний асуудлыг энгийнээр тайлбарлая. Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн турш өнөөдрийг хүртэл 86 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь 12 их наяд төгрөгийн борлуулалт болсон. Гэтэл 2020 оноос хойш хоёрхон жилийн хугацаанд 19 их наяд төгрөгийн оффтейк гэрээ байгуулсан байгаа юм.  Энэ л хамгийн ноцтой. 

-Төр өмчтэй байж, өөрөө захиран зарцуулахаар хулгайчдыг л төрүүлдэг гэж байна. Таны хувьд нийслэлийн эзэмшиж буй нүүрсний ордод шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ талаар мэдээлэл өгч болох уу? 

-Францын хөрөнгө оруулалттай "Арева Монгол" компани уран хайх явцдаа 2.8 тэрбум нүүрсний нөөцтэй ордыг илрүүлсэн юм байна. Тэгээд Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Тэр үед хотын дарга Д.Сумъъяабазар УУХҮ-ийн сайд байсан. Тэр мэдээллийг тухайн үед аваад хотын дарга болсныхоо дараа 66 хувийг нь нийслэлийн өмч болгон авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус нүүрсний ордын 34 хувийг Эрдэнэс Монгол ХК, 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмших зохицуулалтыг хийсэн.  

Төсөв хэлэлцэх үед нийслэлээс LRT, BRT төслийг оруулж ирсэн ч УИХ дэмжээгүй, унасан. Гэтэл нийслэлийнхэн нүүрсний компани байгуулж, нүүрс олборлоод олсон ашгаараа дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ гээд Засгийн газар дээр шийдвэр гаргуулсан байгаа юм. Энэ өөрөө юуг хэлж байна вэ гэхээр дараа дараагийн стратегийн орд зорилтот хүмүүс рүүгээ буюу иргэд рүү чиглэхээ болино гэсэн үг. Хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. 

-Тухайлбал, ямар хуулийг зөрчиж байна вэ? 

-2019 онд ҮХНӨ хийсэн шүү дээ. Эрх баригчид "Баялагтаа эзэн болъё” гэж маш том улс төрийн шоу хийж байсан. Баялагтаа эзэн болох шийдлээ хийчихлээ гэж хэлж байсан. Тэр өөрчлөлтийн гол агуулга нь стратегийн ордоос олох өгөөжийг нийт ард түмэн хүртэх тухай юм. Ингэж 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулчихаад 2022 онд үүнийгээ зөрчсөн үйлдэл хийж, компани байгуулаад явж байна.  

Нийслэлийн эзэмшиж буй энэхүү орд нь Тавантолгойн бүлэг ордны тэн хагастай тэнцэхүйц нөөцтэй. Өнөөгийн үнэлэмжээр 200 орчим тэрбум долларын ордыг нийслэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр эзэмшүүлсэн нь илт хууль зөрчиж байна. Зүй нь, байгалийн баялагийн өгөөжийг бүх ард түмэн хүртэх учиртай шүү дээ.  

Баттай хэлье, дараагийн хулгай нийслэлийн эзэмшилд шилжсэн нүүрсний орд дээр гарна

 

-Хувьцааг нь 1072 хувьцаа шиг олон нийтэд эзэмшүүлэх хэрэгтэй гэсэн үг үү? 

-1072 хувьцаа чинь бас л учир дутагдалтай шүү дээ. Хэдий иргэд эзэмшдэг нь үнэн боловч захиран зарцуулах эрхгүй. Сүүлийн жилүүдэд ногдол ашиг ч өгөөгүй. Хувьцаа эзэмшиж байгаа ч хянах эрх байхгүй, бүгд хаалттай. Иргэд хэзээ ногдол ашгаа авахаа мэдэхгүй. Сонгуулийн өмнөх жил л өгдөг, тэр нь намайг сонгоорой гэсэн гуйлт байдаг. Энэ арга зам буруу учир нүүрсний хулгай нүүрлэсэн.  

Энэ жил УИХ нийслэлд улсын төсвөөс түгжрэл, агаарын бохирдлоо шийд гээд тодорхой хэмжээний төсөв баталсан. Гэтэл зургаан тэрбумаар нь тэр ордод хайгуул хийх тендер зарласан байна. Ингэж болохгүй. Төсөв зориулалтын дагуу зарцуулагдах ёстой. Төр стратегийн ордод хувь эзэмшиж болно. Харин тэр хувьдаа ногдох ашгийг баялгийн сандаа хуримтлуулаад УИХ-аар оруулж, холбогдох төслүүдээ хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхгүй төр өөрөө менежментийг нь аваад явахаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн араас орно.  

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хулгайн шийдлийг олоогүй байхад Эрдэнэс Баянбогд ХК /Нийслэлийн эзэмшиж буй орд/ гээд дараагийн хулгай гарах нь. Шууд утгаараа Б.Ганхуяг шиг нэг хүн тавиад л Д.Сумъяабазар хулгай хийнэ гэсэн үг шүү дээ. Энэ бүх процесс буруу. Ордын хэдэн хувийг төр эзэмших юм, хэдэн хувьд нь хөрөнгө оруулагч байх ёстой юм гэдгийг шийдээд сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй. Засгийн газар УИХ-аас давсан эрхтэй байж болохгүй. Нэг жижиг шийдвэр нь л ийм их мөнгөний асуудлыг дагуулж байна. Монгол Улсын парламентын засаглал бодитой юу. УИХ-ын гишүүд ч, УИХ-ын дарга үүнд хатуу байр суурьтай баймаар байна. Нийслэл дээрх энэ явдлыг таслан зогсоохгүй бол аймаг бүр ийм зүйл хийнэ.  

-Жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг шүү дээ. Нийслэл ч мөн тийм эрхтэй байж болох юм биш үү? 

-Тавантолгой ХК-ийн хувьд 51 хувийг нь Өмнөговь аймаг эзэмшдэг. Үлдсэн 49 хувийн хувьцаа нь нээлттэй, Хөрөнгийн бирж дээр байдаг юм. Иргэд хяналтаа тавьдаг. Бид байгалийн баялгаа ашиглуулсан юм чинь 51 хувийг орон нутгийн мэдэлд авна. 51 хувьд ногдож буй ашгийг аймгийн ИТХ авч хэлэлцэж, төсөл хэрэгжүүлэх үү, ногдол өгөх үү гэдгээ шийднэ. Энэ бол болж байгаа юм. Гэтэл нийслэлийн орд 100 хувь төрийн мэдэлд байгаа нь буруу.  

Нийслэлийн нүүрсний ордын 34 хувийг Эрдэнэс Монгол ХК, 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшиж байгаа. Энэ хоёрын хэн нь хөрөнгө оруулах вэ гэсэн чинь нийслэл оруулж байна гэнэ. Нийслэл нь хөрөнгө оруулахдаа улсын төсвөөс оруулж байгаа юм. Энэ ямар ч утгагүй. Бидний явахыг хүсдэг зам, шийдэл биш.  

-Түр хороо байгуулагдсанаараа иймэрхүү явдлыг таслан зогсоох юм биш үү. Та бүхэнд үүнд хэрхэн анхаарч ажиллах юм? 

-Түр хороо шинжээчдийн өгсөн мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт гаргана. Шинжээчид бодитой сайн дүгнэлт гаргах ёстой.  

Бүгд л хулгай байгааг мэддэг. Тэгсэн мөртлөө түүнийг зогсооё биш өөрсдийнхөө машиныг нэмж оруулах тухай л бодож байна. Тэр сайдын үед тэрний машинууд орж байсан, тэр сайдын үед дэд сайдынх машинууд орж байсан гээд бүгд л мэдэж байна. Тэнд байгаа тээвэрчид ч, тээврийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч мэднэ. Ийм байхад хууль хүчний байгууллага ажиллаж чадахгүй л байна.  

-Ярилцсанд баярлалаа.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler