| |
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав
Олон улсын валютын сан /ОУВС/ Украины эсрэг Оросын дайн үргэлжилж, инфляцын дарамт нэмэгдэж, бодлогын хүү өсөж байгааг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө бууруулж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
Нийт 190 гишүүн оронтой тус байгууллага ирэх онд дэлхийн эдийн засаг 2.7 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байгаа нь долоодугаар сарын төсөөллөөс 0.2 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин энэ онд эдийн засаг 3.2 хувиар өснө гэсэн төсөөллөө хэвээр үлдээсэн ч өнгөрсөн оны өсөлттэй /6 хувь/ харьцуулахад тэн хагасаас нь ялимгүй их байгаа юм.
2020 онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг агшсаныг эс тооцвол энэ оны үзүүлэлт нь 2001 оноос хойших хамгийн сул өсөлт болж байгааг ОУВС цохон тэмдэглээд, “хамгийн таагүй үе хараахан ирээгүй байгаа бөгөөд олон хүний хувьд 2023 он эдийн засгийн уналтад орсон мэт санагдах болно” гэж мэдэгджээ. Ирэх онд дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс илүү хувь нь хоёр улирал дараалан агшина гэж ОУВС урьдчилан таамаглаж байна.
ОУВС төсөөллөө ийнхүү бууруулсан нь гайхах зүйл биш бөгөөд дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын өсөлт саарч байгаагийн зэрэгцээ Европын гол эдийн засгууд ч мөн эдийн засгийн асуудлуудтай нүүр тулах болоод байна. Орос улсын хувьд Украины дайнтай холбогдуулан АНУ болон түүний барууны холбоотнуудын найм дахь сардаа авч буй хориг арга хэмжээг даван туулж байна.
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон ОУВС, Дэлхийн банкны уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, эдийн засгийн уналтад орох эрсдэл дэлхий даяар нэмэгдэж байгааг, мөн дэлхийн эдийн засаг “түүхэн эмзэг үе”-тэй нүүр тулгарч байгааг анхааруулсан байна.
АНУ-д эдийн засгийн тодорхой байдал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хурдацтай өсөж байгаатай холбогдуулан ОУВС тус улсын эдийн засгийг энэ онд 1.6 хувиар өснө гэж таамагласан нь долоодугаар сарынхаас 0.7 хувиар буурчээ. ОУВС-гийн мэдээлснээр, АНУ-ын эдийн засаг ирэх онд ердөө 1 хувиар өсөх төлөвтэй байна.
Мөн энэ онд дэлхийн даяар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.8 хувиар өснө гэж тус байгууллага таамаглаж байна. ОУВС Хятад улсын эдийн засаг энэ онд 3.2 хувиар өснө гэж төсөөлж байгаа нь өнгөрсөн оны 8.1 хувийн өсөлттэй нь харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн ирэх онд 4.4 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласан нь сүүлийн үеийн ахиц дэвшилтэй нь харьцуулахад бага хэвээр байна.
Еврогийн бүсийн эдийн засгийн хувьд ирэх онд ердөө 0.5 хувиар өсөх тооцоотой байна. Тэдгээр орон нь Украин дахь Москвагийн түрэмгий үйлдлийг эсэргүүцэх зорилгоор Оросоос эрчим хүч худалдан авахаас татгалзаж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ огцом өсөөд байгаа юм.
Харин АНУ-д Холбооны нөөцийн сан инфляцыг тогтоон барихын тулд энэ онд бодлогын хүүгээ тав дараалан эрс өсгөөд байгаа бөгөөд аж ахуй нэгжүүд, хэрэглэгчдийн зээлтэй холбоотой зардал өсөх нь тэдний худалдан авалт буурахад нөлөөлнө.