![]() |
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2021 оны шилдгийн шилдэг тамирчин болжээ
Спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг "Бөртэ-Чоно" ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.
"Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-наар "Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентын Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг шалгарч "Бөртэ чоно-2021” цомын эзэн болов.
Тэрээр "Шилдэг тамирчин, шилдгийн шилдэг тамирчин болсондоо маш их баяртай байна. Би өмнө нь 2013 оны "Бөртэ-Чоно" ёслолоор шилдгийн шилдэг тамирчин болж байсан. Өнөөдөр энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Өнгөрч буй 2021 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн, үүний дараа олимпоос хүрэл медаль хүртлээ. Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй шагнал авлаа. Ингээд оны төгсгөлд "Бөртэ-Чоно" шагналын эзэн, шилдгийн шилдэг тамирчин боллоо. Үнэхээр амжилт арвин байлаа" хэмээсэн юм.
2021 оны "Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар "Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-д хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч "Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.
