|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

Санамсаргүй үүссэн дуулианаар санаатайгаар нууцалсан албан тушаалын “наймаалцал” илчлэгдэв

Санамсаргүй үүссэн дуулианаар санаатайгаар нууцалсан албан тушаалын “наймаалцал” илчлэгдэв

 

Шадар сайдын эхнэр онц дэглэмтэй хориотой бүсээс нөхрийн нэрийг ашиглаж өөртөө давуу байдал бий болгон гарч ирсэн нь өнгөрсөн өдрийн хамгийн том дуулиан, мөн тэр хэмжээгээрээ хүмүүсийн дургүйг хүргэсэн үйлдэл байв. Даарин дээр нь давс нэмэх адил Шадар сайдын эхнэртэйгээ уулзаагүй 10 хонож байна гэж мэдэгдсэн үг худлаа болохыг өнгөрсөн  долоо хоногт эхнэрийнх нь Налайхад очиж түргэвчилсэн шинжилгээ өгч, вакцин тариулсан мэдээлэл цахимд цацагдаж, хүмүүсийн дургүйцлийг бүүр ч ихээр хүргэсэн.
Гэтэл энэ бүхний хажуугаар МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Өдрийн мэдээний Г.Чоглоонамжил, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар "Манай Ихо шударга журамтай…” хэмээн илт бялдуучилсан пост хийж цахимд "үндэсний тв-ийн босогчид” хэмээн алдаршсан сэтгүүлч Б.Пүрэв, Нийгмийн редакцийн продюссер Д.Наранцэцэг, Гэр бүлийн сувгийн продюссер Б.Туяа нарын хүмүүс ХӨСҮТ-ийн шинэхэн захирлын товч.мн сайтад өгсөн ярилцлагыг эрчимтэй шейрлэн тарааж, цахим орчинд эерэг байдал үүсгэх гэж хичээж эхэлсэн нь Шадар сайд болон нөхрийнхөө нэрийг барьсан нэвтрүүлэгч эхнэрт нь нэмэр болох биш нэрмээс болчихов.
Үнэндээ, шадар сайдын эхнэрээс шударга ёсыг шаардсан иргэд, цар тахлын онцгой нөхцөлд ч албан тушаал, олны танил гэсэн статусаар өөртөө давуу байдал үүсгэсэн нь хэтэрсэн зүйл болохыг шүүмжилж, дургүйцэж байсан юм. Учир нь ковидын нөхцөл байдлаас үүдсэн хөл хорио, онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын жирийн олон иргэд хохирсон ч хатуу хөл хорионы дэглэм сахиж, өөрийнхөө төлөө биш бусдын төлөө, нийгмийг бүрдүүлэгч нэг эс гэдгээ ойлгож хариуцлагатай байсан, одоо ч байгаа.
Ганцхан шадар сайдын эхнэр ээж, аавыгаа хайрладаг биш шүү дээ. Тиймээс хэчнээн хайртай, хэчнээн хүнд байсан ч хууль дүрэм сахиж, төрт ёсоо хүндэлсэн жирийн монголчуудын хувьд хүссэн бол өндөр албан тушаалтай танил нөхөд, хамаатан садан, нөхөр эхнэр байж л байгаа… Гэвч тэр хүмүүс төрт ёсоо, түмэн олноо гэсэн сэтгэлтэй, үнэхээр ганц Монгол биш дэлхий нийтээрээ түгшиж байгаа цах тахлын аюулаас сэрэмжилж байсан юм.
Энэ утгаараа холын улсаас ирсэн ч өндөр настай аавынхаа оршуулгын ёслолд оролцож чадаагүй бүсгүй тусгаарлалтын байранд сэтгэлээ уран уйлж лайв хийн, хаа холоос алсын аймгаас эмчилгээ хийлгэхээр зорьж ирсэн хорио тавигдсаны улмаас 20 хүрэхгүй километрийн цаана хотын гадна ирсэн атлаа эмч, эмнэлгийн тусламж авч чадаагүй амиа алдсэн эмэгтэй, солонгост хорт хавдрын эмчилгээ хийлгээд ирсэн бүсгүйн сүүлийн хүсэл дөнгөж хөлд орж байгаа нялх үрээ тусгаарлалтын ханын цаанаас тавхан минут хараад асгартал уйлаад амиа алдахышг,  10-хан настай охиноо асрах хүнгүй ганцааранг нь тусгаарлуулж, өвчиндөө шаналж уйлж байхад нь элгэндээ тэврээд, сүүлийн удаа уух гэж хүсч байсан ундааг нь аманд нь хийж өгөх эрхгүйгээр эмнэлгийн гадна шаналж хүлээсээр энэ хорвоогоос үүрд үдсэн ээж, ээж аав нь тусгаарлагдахад хатуу сэтгэлтэй хүмүүст хөөгдөн гэртээ ч орж чадахгүй гудамжинд уйлж байгаа нялх хүүхдүүд … энэ бүхнийг хараад зүрх нь шимширсэн монголчууд "үнэхээр хатуу хөл хорио… онцгой нөхцөл учир төр төмөр нүүртэй байхаас биш яах билээ…” хэмээж байсан.
 Магадгүй тэд хөөцөлдөөд гүйсэн бол хамаатан садан биш юм гэхэд гараа сунгаад тусалчих өндөр албан тушаалтан байж л байсан. Гэвч… төрт ёсоо, онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа олон хүмүүсийг хүндэтгэсэндээ танил хайхаас илүү журамд баригдаж, дүрэмд хүлэгдсэн юм…
Гэтэл жирийн иргэдэд хамгийн хатуу төр, жирийн иргэдэд хамгийн хатуу хөл хорио албан тушаалтанд тэр дундаа өнөөдөр Улсын хэмжээнд Онцгой байдлыг хариуцаж, шийдвэр гаргаж байгаа комиссын даргын эхнэр "өндөр настай ээж, аав өвчилсөн учир ачлалтай охин үр нь” хэмээсэн уяралын үгээр халхавчлуулан орон даяар хатуу хөл хорио тогтоосон байхад халдварын онц аюултай бүсээс "вакцин хийлгэсэн” гэдэг үгээр нөмрөг хийж, нөхрийн албан тушаал, өөрийн олны танил байдлаа ашиглан өөртөө илт давуу байдал үүсгэн даварч байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл мөн юм.
Нэгэн зүйл сануулахад, өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д Шадар сайд очиж ажиллаад гарч ирээд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний бичиг хуурамчаар үйлдэж, 80.000-150.000 төгрөг иргэдээс авдаг” тухай мэдээлэл хийсэн. Онцгой нөхцөл байдлыг далимдуулж, өөрсдөдөө ашигтай байдал үүсгэсэн байж болох энэ асуудлыг цахим орчинд машид хатуу шүүмжилж, энэ хэрээр тус төв яаралтай арга хэмжээ авч, төвийн даргыг үүрэгт ажлаас нь өөрчилсөн. Ингэснээр тус төвийн даргад ТТАХЭ-ийн даргаар ажиллаж байсан Л.Баттөрийг томилсон.
 Харин Л.Баттөр, өчигдөр ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдаа дуудан "Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлыг сэтгүүлчдэд хэн дэлгэсэн, хаанаас мэдээлэл алдагдав”  хэмээн ихэд бухимдсан тухай мэдээлэл цацагдав. Түүгээр барахгүй Шадар сайдын ямбатай эхнэрийг нь ХӨСҮТ буюу халдварын онцгой бүсээс ямар ч тусгаарлалтгүй гарч, онцгой эрх мэдэл эдэлсэн тухай мэдээллийг олон нийтэд анх дэлгэсэн цахиур.мн сайтыг "хөлслөгдсөн” хэмээн гүтгэж, сайтын захирал бүсгүйг "шантааж хийж байна” хэмээн бодит мэдээлэл дамжуулсаны төлөө МҮОНРТ-ийн далбаан доор амьдардаг цөөнгүй сэтгүүлч, ажилчид бүлэглэн дайрч эхэлсэн юм.
Нэгэн зүйл, Шадар сайд, түүний эхнэртэй холбоотой мэдээлэл цахимд шуугиан тарихтай зэрэгцэн тэдний хамаарал бүхий өөр нэгэн мэдээлэл бидэнд олдсон юм. Энэ бол Шадар сайд нөхөртэй сайхан бүсгүй цолтой, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МҮОНРТ-ийн дэд захиралд зүтгэж, тэр бүү хэл тус телевизэд хийгдэх бүтцийн өөрчлөлт Шадар сайдын өрөөнд "зурагдаж” байсан тухай мэдээлэл байв… Үнэндээ ийм л шалтгааны улмаас МҮОНРТ-ийн нэр бүхий нэвтрүүлэгчид "манай Ихо…” хэмээн бялдуучилж, жирийн иргэдийн нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах болохоо ч тоохгүй бөхөлзөж, долигонож байсан болж таарсан нь харамсалтай.
МҮОНРТ нь одоогийн батлагдсан бүтцээрээ 802 орон тоо бүхий нүсэр гэхэд ч багадмаар аж. Монголын цахилгаан хэрэглэж байгаа айл, өрх бүхнээс сар бүр 1100 төгрөгийн татварыг албан хүчээр авдаг энэ телевиз төрөөс тэрбумаар яригдах санхүүжилт хөрөнгө оруулалтыг жил болгон шийдвэрлүүлдэг, онцгой эрхтэй бүсд хамаарагддаг. Харин энэ байгууллагад одоо бүтцийн өөрчлөлт хийгдэхээр төсөл нь бичигдэж. Одоогоос долоон хоногийн өмнө хуралдсан МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн хуралд шинэхэн захирал А.Бүрэнбаатар сэтгүүлч "МҮОНРТ-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл” хэмээн танилцуулсан байна. Уг танилцуулгад шинээр дөрвөн дэд захиралтай болгох, тэдгээр захирлуудад хэн, хэнийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн гэнэ.
Ингэснээр шинээр хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтөөр "шударга” дүрийг эсгэгч нэвтрүүлэгч, сэтгүүлч, продюссер нөхөд өөрсдийгээ хэлтэс, албадын дарга нарт "зүтгүүлэн” аман тохироо хийсэн нь ийнхүү илэрсэн бололтой. Энэ утгаараа ч тэд өчигдөр ичих нүүргүйгээр "манай Ихо…” хэмээн өмөөрсөн үгтэй, уяралын пост хийж, шударга ёсыг шаардсан иргэдийн өмнөөс "аав ээждээ ачлалтай, өндөр настай аав ээжээ хараад сэтгэл нь өвдөөд гүйсэн” гэх мэтээр нийгмийн өрөвч сэтгэл дээр тоглож, шоудаж эхэлсэн аж.
За энэ яах вэ.  МҮОНРТ-д хийгдэхээр хүчтэйхэн "мотор”-дуулж байгаа шинэ бүтцийн төслөөр хэн гэдэг нэвтрүүлэгчид ямар албан тушаалд санаархаж байгааг уншигчиддаа хүргэе. Улс төрийн хүрээнд, саарал ордон Шадар сайд хавьд нэлээд сайн засварлагдаж, шүүсээ шахуулсан, зөвхөн батлагдахаа хүлээж байсан тэрхүү төсөлд МҮОНРТ-ийн батлагдсан орон тоо нь 802. Ерөнхий захирал нэг, Уран бүтээл үйлдвэрлэл хариуцсан дэд захирал нэг, Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал нэг, Стратеги, ХА хариуцсан дэд захирал нэг, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал нэг гэж зурагдсан төсөл харуулж, танилцуулж.
  • Уран бүтээл, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал нь Радиогийн ерөнхий продюсер, ингэснээр Монголын радио, Монголын дуу хоолой, Р3 радио хариуцна. МҮОНТ-ийн ерөнхий продюсер, ингэснээр МҮОНТ, Монгол кино сувгийг хариуцна. Төрөлжсөн сувгийн ерөнхий продюсер, ингэснээр МNB гэр бүл, спортын сувгийн хариуцна. Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер нь Монголын мэдээ, MNB World сувгийг хариуцна.
  • Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал нь Санхүүгийн алба, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын алба, Орлого бүрдүүлэлтийн албыг хариуцна.
  • Стратеги, ХА хариуцсан дэд захирал нь Гадаад харилцааны алба, Стратеги хөгжлийн алба, Маркетингийн албыг хариуцна.
  • Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал нь Тамгын газар буюу дотоод үйл ажиллагаа, Техникийн төвийг хариуцна.
Шинэхэн захирал А.Бүрэнбаатарын Удирдах зөвлөлийн гишүүдээрээ батлуулах гэж зүтгүүлж байгаа дөрвөн дэд захиралд МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Өдрийн мэдээний нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Нийгмийн редакцийн продюссер МҮОНРТ-ийн ажилчдын ҮЭ-ийн хорооны дарга Д.Наранцэцэг, гаднаас "халзан Дука” гэж алдаршсан нөхрийн нэрийг санал болгож оруулж ирсэн байна. Харин МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд МҮОНРТ-д  дөрвөн дэд захирал бүхий нүсэр албан тушаал байх шаардлагагүйгээс гадна, шинэхэн захирлын оруулж ирсэн хүмүүсийг удирдах албан тушаалд тэнцэхгүй хэмээн үзэж, эрс татгалзсан тухай мэдээлэл олдов. Ийм л ичгүүргүй, эрх ашгаа нэгт тавьсан хүн дүрстэнгүүд өнөөдөр эрх мэдэл, албан тушаалд шунаж, түүнийгээ биелүүлэхийн тулд тахлын аюулыг ч тоохгүй, цамнаж байгаа нь жинхэнэ гамшиг гэлтэй санагдана.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
http://murch.mn/2021/04/02/8978797890000/?fbclid=IwAR26vl81hAW3uR3eyEt_x9ARr9A0Rnly6Bkr_R64ruwrL3Ei3WG6NaweGnw

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.