| |
Байден сурталчилгаандаа Трампаас хэд дахин их мөнгө зарцуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден бүх нийтийн сонгууль болох хүртэлх үлдсэн хугацаанд телевиз, радиогоор улс төрийн сурталчилгаа хийлгэхэд зарцуулсан мөнгө нь Дональд Трампын зардлаас хэд дахин давж байгаа гэнэ. Энэ талаар судалгааны компанийн хийсэн мэдээллээс иш татан NBC суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Трампын сонгуулийн штаб 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын гуравны хооронд телевизийн сувгууд болон радиостанцуудаар сонгуулийн өмнөх сурталчилгаа байршуулахад зориулан 10,1 сая ам.доллар төсөвлөсөн байна. Харин Байдены штаб энэ хугацаанд сурталчилгаанд 46,9 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Судалгааны компанийн мэдээлснээр, өнөөгийн Ерөнхийлөгч Трампын штаб Бүгд Найрамдах намын Үндэсний хороо болон ивээн тэтгэгчдээс санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж байгаа аж. Ийм дэмжлэг ирвэл дээр дурьдсан сонгуулийн сурталчилгаанд зарцуулах дүн 40,7 сая ам.долларт хүрч магадгүй гэнэ. Харин Ардчилсан намын нэр дэвшигч хандивлагчдаас санхүүгийн дэмжлэг авч чадвал үлдсэн зургаа хоногт 93,4 сая ам.доллар зарцуулах аж.
АНУ-ын ээлжит бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болно. Энэ сонгуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төлөлөөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг нь, Конгрессын сенатын гуравны нэгийг, 13 муж, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгоно. Төрийн өндөр албан тушаал болох Ерөнхийлөгчийн суудлын төлөө Бүгд Найрамдах намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нар өрсөлдөж байгаа юм.
Г.Бямбасүрэн