|
Видео

Шинэ мэдээ

Байнгын засвартай, баатар хотын замууд

 

 

Байнгын засвартай, баатар хотын замууд

 

Улаанбаатарын замууд уртын урт юм аа. ДНБ-ийхээ хоёр орчим хувийг бид авто замаа засахад зарцуулдаг гэжээ. Ингэхдээ овоо ахиуханд тооцогдох энэ төсвөөрөө инээд хүрэм үр ашиггүй зам барьдаг гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд "шоолжээ”. Өөрөөр хэлбэл, Монгол орны авто замын сүлжээ төсөвт өртгийнхөө энд хүрэхгүй чанар, хэмжээтэй гэсэн үг юм. Шалтгаан нь тун ойлгомжтой. Бидний хулгайлах, хумслах, халааслах сэтгэхүйтэй холбоотой. Нийслэл, хөдөөг холбосон "урт” замаа засварлаж, шинэчлэх гэж арван жил ярьж, таван жил тендердэж, дөрвөн жил өнжөөд, дөчин удаа илбэж, 400 удаа эргэж тойрч, нээж хаах нь монголчуудын зам барих арга ажиллагаа. Бид ер нь хүний гар хараад сурчээ. Зам далан барих, гүүр босгох, барилга байшин сүндэрлүүлэх, бүтээн байгуулалт хийх гээд аливаа босгож хөгжүүлэх, болгож бүтээсэн бүхэнд урд хөршийнхнийхөө гарыг хараад сурлаа шүү.

Энэ бүхэн Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км зам, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто зам болон хот доторх гол болон туслах замын нөр их засвар, арчлалтын түүхий, хуумгай үйл явцаас шууд харагддаг. Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км авто зам өчигдрийн байдлаар тоосон дундаа, зуун задгай, жаран хагархай л байна билээ. Угтаа далангийн өргөн есөн метр, хучилтын өргөн зургаан метртэй хоёр эгнээ замыг 11 метр өргөн, есөн метр хатуу хучилттай дөрвөн эгнээ болгон сайжруулах засварын ажлыг эхлүүлсэн нь монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн том бүтээн байгуулалт болох нь гарцаагүй байв.

Гэтэл газар дээрээ байдал өнөөх гоё хүлээлт, сэтгэлийн галыг унтраав. Хэн бүхний нүдэнд тоос манарсан орчин, овоолсон цагаан шороо хоёр нь илхэн байхад салбарын яамны сайд нь 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж яриад бүтэн жил иргэдээ тамлав. Ам ажлын зөрүү гэж юу байдгийг өнөөдөр ч бэлхэн харж болно. Хэлсэн, ярьснаараа бол ихээ эрт хөдөлгөөн нэвтрүүлээд, толь шиг зам болгосон байх ёстой сайдын "мөрөөдөл”-ийн тал хувь ч биелээгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайдынхаа өөдөөс харж байгаад "Бид энэхүү замыг ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд бүрэн нээнэ. Хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Жолооч нарын нуруу тэнийнэ” хэмээн хээв нэг залж өгөв. Ингэхдээ ер сандарч түгдрээгүй бөгөөд өнөөх замынх нь бодит нөхцөл байдлыг харвал, салбарын сайдын хэлсэн хугацаанд ашиглалтад орох нь үлгэр юм гэдгийг хэн ч харсан ойлгохоор байна.

Төрийн сайд хүн Мөн ч дальдчихгүй худал хэлж чадаж байгаа юм шүү. Гэтэл тус замд газраас тэнгэр өөд боссон шороо тоосрон байна. Энхэл, донхол замын налуу, довыг хайн энэ тэрийг тойрсон жолооч нар хараал, зүхэл урсгасаар явна. Урин дулааны цагт баталсан тендер, хийх ажлын дараалал, хуваарилалтын горимдоо цэгцэрч чадаагүй туслан гүйцэтгэгчдийн үнэн төрх Дархны замыг мянгуужингийн үлгэр болгов оо, хөөрхий. Хүлээлт үүсгэсэн хүслийн зам ирэх жил ч ингээд, тоосон дундаа сүүтийн байх нь тодорхой боллоо. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн харамсалтай тоо байна. Мөн иргэд тээврийн хэрэгслээ эвдэж, ажлаа алдсаар байгаа нь бодитой үнэн юм. Тэгэхээр ийм харуусал, гунигт нөхцөл байдлыг дахиад бид хэдий болтол туулах вэ,

Шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз. Энэ жилийн тухайд авто замын засвар, арчилгаанд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан бэ гэдгээ хотын удирдлагууд тайлагнавал яасан юм бэ. Үүнтэй зэрэгцээд чанарын асуудлыг хөндвөл зохино.

Л.Халтар сайд аа. Хятад, хятад гээд л муучлаад суудаг монголчууд бид яг үнэндээ чаддаг ажлаар маруухан улс. Хийх гэхээсээ хэлэх нь дэндсэн араншинтай. Бүтээн байгуулалт, зам, барилгын чухал тендер хүлээн авсан бол хэрхэн сайн, чанартай хийх вэ гэхээсээ өмнө хэд, хэчнээн төгрөгийг нь хэрхэн цааш нь халааслаж болох вэ гэдэгт гашилцгаадаг муухай зантай. Аль ч салбарт ажиллагсдынх нь сэтгэхүйд аливааг аргалах, нүд хуурах мэх, заль ургачихдаг учраас өнөөдөр Монголд арав, хорин жилийн настай зам нэг ч баригдахгүй байна. Үүний тэргүүн баталгаа нь Налайх-Улаанбаатарын 20.9 км авто зам. Зүүн бүс рүү зорчсон бүхний машин, техникийг сүйдэлж орхисон энэ зам иргэдийн бухимдал, тэвчээрийн хязгаар дор ашиглалтад орсон.

Гэвч өнөөдөр мөн л хэд хэдэн хэсэгтээ хаалттай, овоолсон шороо, ухсан нүх, нүсэр техникийн чимээ хадаатай намаржих нь ээ. Яагаад бид мөнгө, хүч зарсан бүтээн байгуулалтаа чанартай хийж, нэлээд хэдэн жил гар хүрэхгүй, амар жимэр амьдран суудаггүй юм бэ. Намрын намарт зам, талбайгаа хуулж, сэндийчээд, ухаж ухаж булах. Ингээд ирэх намар нь энэ байдал ахиад л давтагдахыг нь яана. Ийм нэг ундуй сундуй орчин шинэ зууны Улаанбаатарын утгагүй нэгэн чимэг боллоо. Та итгэхгүй бол Улаанбаатарт өнгөрсөн долоо, наймдугаар сард төдийгүй өнөөдөр ч авто замын хэд хэдэн чиглэлд зам засварын ажил өрнөж, хэсэгчлэн хаасан уулзвар, тойрог байсаар л. Их хотын ажил, амьдрал наймдугаар сараас эхлээд буцалдаг. Хөдөөнөөс хотыг зорьсон олны хөлд нийслэл дарагддаг. Энэ жилийн тухайд нийслэлийн хүн ам огцом нэмэгдсэн. Учир нь гадны улс оронд ажиллаж амьдарч байсан олон монголчуудаа эх оронд нь авчирч байгаагаас хүн ам нэмэгдсэн. Гэтэл яг энэ ахуй амьдрал эд өрнөдөг үеэр өнөөх л замын ажил эхэлсэн. Хаа сайгүй зам хааж, тоос манаргав.

Нийслэлийн аль ч хэсэг рүү эргэсэн тойрох, дөтлөхийн аргагүй түгжрэл үүсэж, иргэд ч бухимдсан. Учир нь Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас "Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлыг долдугаар сараас наймдугаар сарын эхэн хүртэл хийв. Баянгол дүүргийн XX хороо, "Ажилчны гудамж”-ны уулзвараас "Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг мөн л долдугаар сард бүрэн хааж, наймдугаар сарын сүүлээр нээж байв. Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг наймдугаар сарын эхнээс 14 хоног хааж байв. Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн I хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг мөн л дээрхийн адил хугацаанд хааж байлаа. Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг наймдугаар сард хоёр хоног хааж, Соёлын ордны барилгын дулааны шугам татах ажил хийсэн нь мөн л түгжрэлд нэмэр болж байлаа. Баянгол дүүрэгт ч мөн зам засварын ажил өрнөсөн. Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл нэг өдөр замаа хааж л байв. Энэ мэт зам хааж байгаад шугам, хоолойгоо засдаг ажил өнөөдөр ч дуусаагүй л байна.

Дээрх бүхнээр юу онцлохыг зорив гэхээр авто замын засварын ажлаа хүн, хөлд дарагдах, хаа хаанаа ажил ундарсан үеэр бус зургаа, долдугаар сард эхлүүлж болдоггүй юм уу. Урин цагийн эхээр улаанбаатарынхан хөдөөг зорьж, амарч зугаалаад явсан байдаг шүү дээ. Нийслэл дэх хүний хөдөлгөөн, ажил, амралтын хуваарь тодорхой болчихсон сэлүүхэн үеэр шороо бургиулж, шугам, хоолойгоо засдаг баймаар.

УЛААНБААТАРТ НҮҮР ТАХЛАХ ЗАМ БАЙНА УУ

Ганцхан жилийн өмнө тавьсан шинэ зам ганцхан цагийн аадарт эмтэрч, машин явах аргагүй энхэл донхол болж, урсахыг харлаа, бид. Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх гээд л тоочоод байвал нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам бараг алга. Өөрөөр хэлбэл, бүтэн зам бараг үлдсэнгүй.Хөөгөөд явбал А бүс гэгдэж буй хотын төвийн зам ч хагаралтай, эвдрэлтэй л байгаа. Ялангуяа туслах замуудад том, жижиг нүх, ан цав, хагарал үүссэн нь их. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ. Шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз.

Энэ жилийн тухайд авто замын засвар, арчилгаанд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан бэ гэдгээ хотын удирдлагууд тайлагнавал яасан юм бэ. Үүнтэй зэрэгцээд чанарын асуудлыг хөндвөл зохино. Ганцхан жилийн настай засвар, арчлалт хийхийн тулд хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөх хэрэг байна уу. Тэрбум, тэрбумаар зам засварт хөрөнгө зарцуулж байгаа бол ядаж л 5-10 жилийн насжилттай ажил хийж болдоггүй юм уу гэж өөрийн эрхгүй асуумаар санагдлаа. Нийслэлийн авто замд гарч буй осол аваарт согтуу жолооч, сагсуу бацаануудаас гадна хагархай, эвдэрч хэмхэрсэн зам ч багагүй үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс ирэх намар ямар нэгэн хэсэгт зам, талбай хааж, шороо тоос манаргах эсэхийг харах үлдэв. Үнэхээр монголчууд замаа засаж, чанарыг эрхэмлэж аливааг хийсэн шиг хийж чаддаггүй нь үнэн бол ирэх намар ч мөн дээрх хэсгийг сэндийчих нь туйлын тодорхой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.