| |
"Хан талст" компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 4 хүүхэд амь насаа алдлаа
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд 4 хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Өнөөдөр 17:00 цагийн үед Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн газарт өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлага хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэглүүдийг өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн хэрэгжилтийг төдийлөн сайн хангаагүй, барилгын суурь хэсгийн шороог авсан байсан. Тэр хэсэгт үүссэн хөрсний усанд өнөөдөр 4 хүүхэд живж, амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн хэсэг нь "Хан Талст" гэдэг нэртэй компанийн тохижилтын ажил хийж байгаа газар. "Хан Талст" компанийн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд НМХГ болон бусад байгууллагаас удаа дараа хяналт, шалгалт хийсэн.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл, өнгөрсөн долоо хоногт Хотын дарга өөрийн биеэр очиж үүрэг, даалгавар өгч, барилгын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэтэл барилгын хажуугийн хэсэгт байсан тогтоол усанд хүүхдүүд живж амиа алдлаа" хэмээлээ.
Харин НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид хяналт шалгалтыг газар дээр зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2012 оноос нийтдээ 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хотын дарга Э.Бат-Үүл газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Газар ашиглах зөвшөөрлийн "Хан талст" гэдэг компанид 3.3 га газар олгосон байдаг юм. Үндсэндээ бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 8 удаа хяналт, шалгалт явуулсан.
Шалгалтын явцад газар олгох зөвшөөрөл олгох тухай албан тоотын хүрээнд "Хан талст" компани болон Байт харвааны талбайд газар ашиглуулсан асуудал байсан. "Хан талст" компанид өгсөн 3.3 га газар наран шарлагын газрын төслийн хэрэгжүүлэх зорилготой байсан байдаг. Шалгалтын явцад энэ хоёр байгууллагад газар ашиглуулсан нь хууль бус гэдгийг тогтоосон. АТГ-т бид хандаж, хууль зөрчиж хувийн байгууллагад газар олгосон байна гэж 2018 оны наймдугаар сарын 7-д албан тоот хүргүүлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн байгууллагад газар олгож болохгүй гэдгийг ч сануулсан. Гэтэл АТГ-аас хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж болох юм байна гэсэн хариулт ирүүлсэн. Бид дараа нь хяналт шалгалт хийгээд, 84 заалттай шаардлага хүргүүлсэн.
Сүүлийн хэдэн жилд зөрчлийн хэргийг 6 удаа хийж, ажилласан. Гэтэл "Хан талст" компани ажиллах явцдаа зөрчил гаргасан. Бид Нийслэлийн Засаг даргын даалгавараар хяналт, шалгалт хийсэн. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Бид хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс болоод хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид "Хан талст" компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ" хэмээлээ.
Харин Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга н.Рэнцэнбямба "Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дугуйн замын ажилтай танилцаж байхдаа зам сэтэлж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай тааралдсан. Улмаар нарийвчлан шалгах үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг байгуулж, олон албадын төлөөллийг оруулсан. Ажлын хэсэг холбогдох баримт бичгийг нягтлан тулгах, тухайн үйл ажиллагааг газар дээр нь шалгах ажлыг хийсэн. Тэгэхэд "Хан талст" компан ой, усны тухай хуулиас авахуулаад маш олон хуулийг зөрчсөн нь илэрсэн. Бусад маш олон хуулийг зөрчсөн байсан. Тиймээс төрийн байгууллагуудаас удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гарсан зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна" хэмээлээ. Мөн албаны хүмүүс хүүхдүүдийн амь нас эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийллээ.