|
Видео

Шинэ мэдээ

Хурцадсан Эго

Хурцадсан Эго

 

Эгоизм буюу ихэнх хүмүүсийн ойлгодгоор амиа бодох, өөрийгөө дөвийлгөх би-гийн үзэлд туйлын дургүй хүмүүс нь монголчууд. Тэгсэн хэрнээ өөрөөсөө илүүг хүлээн зөвшөөрдөггүй, бүхнийг шүүх дуртай, бусдад тусалсан ч бүгдэд мэдэгдэх хүсэлтэй, хэн нэгнийг эзэмшсэн боловсрол, идэж уух зүйлс, найз нөхөд, удам угсаагаар нь доош нь хийдэг хурцадсан эготой хүмүүс Монголоор дүүрэн байна.

Хувиа боддог хуншгүй зантай гэж нэгийгээ муулсан ч машин жолоодохоороо бусдад зам тавьж өгдөггүй, хэнээс ч дор орохгүй гэсэндээ өрөнд ороод ч хамаагүй эд авдаг, үг сөрсөн хүнд өс санадаг, ашиг л олж байвал улс нийтээрээ өвдсөн ч хамаагүй ийм л ихэдсэн эготой хүмүүс нийгмийг бүрдүүлжээ. Хэдийгээр бүх хүн Би-гийн үзэлтэй, түүгээрээ бусдаас ялгардаг ч монголчууд энэ үзлийг хэтэрхий их, бүр дэндүү их өөртөө шингээсэн нь хүмүүсийн энэ мэт үйлдлээс ил харагдана.

Хувиа хичээх үзлийг нийгэмших, иргэнших явцад, хэм хэмжээ ёс суртахуунаар хязгаарлаж байж хүн төлөвшинө. Харин ихэнх хүнд хувиа хичээх үзлийн хурцадсан хэлбэр буюу өөрийгөө дөвийлгөх байдал илэрч буй нь өөрт төдийгүй нийгэмдээ сөрөг нөлөөтэйг сэтгэл судлаачид хэлдэг.

Сэтгэл зүйч Ш.Батболд

Хурцадсан Эго

Монголчуудад өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршиг ихтэй. Хувиа хичээх нь тухайн хүнд хортой байдаг бол өөрийгөө дөвийлгөх нь нийгэмд,харилцаж байгаа хүмүүстээ муугаар нөлөөлдөг. Хүнийг адгууснаас ялгаатай болгодог гол зүйл нь оюун ухаан, ёс суртахуун. Ёс суртахууны орон зай багасаад эхлэхээр өөрийгөө дөвийлгөх үзэл их болчихдог. Ёс суртахуунгүй болчихоор хүнээс төрөл бүрийн бүдүүлэг зан авир гарч эхэлдэг.

 

Тэгвэл үүнтэй адил хүн бүрийн дотор их, бага хэмжээгээр оршдог эго өдөр тутам гаргаж буй шийдвэрүүдэд сөргөөр нөлөөлж, амжилт гаргах боломжоос хойш татдагийг АНУ-ын бизнесмен Райан Холидэй "Эго бол таны дайсан” номондоо олон жишээгээр тайлбарласан байдаг. Тэрээр эго нь өөрийгөө хэтэрхий дөвийлгөх амбиц гэж тодорхойлохын зэрэгцээ эготой хүний шинж тэмдгүүдийг тодорхой өгүүлжээ. Ихэнх хүн өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, бусдаас болсон гэж сэтгэдэг нь эгогийн илрэл. Мөн "Миний хөдөлмөрийг үнэлсэнгүй, хийж байгааг анзаарсангүй эвсэл намайг өрөвдсөнгүй” гэж гомдоллох нь ч эготой хүний шинж бөгөөд ийм хандлага нь тухайн хүнийг бүр л асуудалд оруулж, цааш дэвшихэд нь саад болдгийг дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, эго нь зөвхөн хэт өөрийгөө дөвийлгөх, би-г түрүүнд тавихаар хязгаарлагдахгүй. Энэ нь өөрийгөө бусдаас дорд үзэх, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийн цаана ч бас нуугдаж байдаг аж. Үндсэндээ эго нь хүмүүсийн өөрийгөө тодорхойлдог дурын дүрслэл, төсөөлөл гэдгийг ойлгож болно.

Хувиа бодоход учир бий

Хүн бүхэнд би-гийн үзэл их, бага хэмжээгээр байдаг. Байх л үзэгдэл. Гэхдээ манай нийгэмд, монгол хүн бүрт ажиглагдаж байгаа шиг ийм хурц хэлбэр биш. Амин хувиа бодоход учир бий. Хүний, нийгмийн, ёс суртахууны хэм хэмжээнд хязгаарлагдаж, эрүүлээр амиа бодох нь жинхэнэ эгоизм. Энэ тухай либерал эгоизмыг хамгаалагч философийн ухааны доктор Б.Батчулуун тодорхой өгүүлсэн байдаг.

Доктор Б.Батчулуун

Хурцадсан Эго

Хүн угаасаа амиа боддог мөн чанартай. Бид амиа бодно. Гэхдээ бусдын эрх ашгийг хөндөж, муу зүйл хийхээс ямагт зайлсхийнэ. Бид, бусад хүмүүс ч надтай адил эрх ашигтай гэдгийг мэддэг. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүн ч өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүнийг оруулах дургүй байдагчлан бусад хүн ч өөрийн эрх ашгийн хүрээндээ бусдыг оруулах дургүй л байж таарна. Энэ бол эгоизмын үндсэн зарчим. Тэгэхээр жинхэнэ эгоист хүн бусдыг ч эгоист байхыг хүлээн зөвшөөрдөг.

 

Түүнийхээр одоогийн нийгэм, бидэнд илэрч буй хурцадсан үзэл яг либерал эгоизмын үндсэн зарчим биш байх нь. Харин бид эгоизмыг үндсэн зарчмынх нь эсрэг зүгт чиглүүлж, энэ үзлийн хамгийн уршигтай сул талыг өөрсдөдөө шингээчихэж.

Дэлхий ертөнц агуу хувь хүн өчүүхэн

Бид одоо өөрийгөө хэт дөвийлгөсөн, бусдыг боддоггүй эрүүл бус итгэл үнэмшлээс хэрхэн салах вэ. Эгогоо дарах аргуудын талаар энд өгүүлье.

Герман гаралтай канад зохиолч Экхарт Толле "Ухамсар, аминч үзэл хоёр хамт оршдоггүй. Аминч үзлээр амьдралд сэтгэл хангалуун амьдарсан түүх байхгүй. Хувиа хичээсэн зан тань давамгайлах юм бол өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээр та урваж байгаа юм. Харин жаахан хичээснээр үүнээс ангижрах боломжтой” гэсэн байдаг. Тэрээр эготой шууд тэмцэлдэх бус харин бодит нөхцөл байдлаас ямар нэгэн зүйл тулгаж шаардахаа болих нь эрх чөлөөтэй адил гэж зүйрлэжээ. Ингэхдээ оюун санаагаа өөрөө судалж, сөрөг бодлуудаа анзаарч, эго болон бодит нөхцөл байдлыг ялгаж сурах нь хамгийн чухал гэсэн байна.

Хүн төрөлхтөн би-гээс бид болохыг чухалчилж байгаа. Гэхдээ бид гэдгээр коммунизмын хамтач ёсыг бус бодитоор сэтгэдэг, илүү дутуугийн сэтгэхүйгүй, эрүүл эготой хүмүүсийн нийгэм бүрдүүлэхийг өгүүлж байна. Өөрийгөө бодож байгаа шиг бусад хүн ч тийм эрхтэй гээд ойлгочихвол нийгэмд сөрөг зүйл гарахгүй, хүмүүс хоорондын харилцаа эрүүлжинэ. Мөрөөрөө ажлаа хийж, үр дүнд л анхаараад явбал багахан амжилтдаа ханахгүй, мөрөөдөж ч үзээгүй амжилтад хүрэх боломжтой.

Эгогоо дарж, захирч чаддаг хүн өөрийнхөө мундагийг бусдад баталж харуулах, эсвэл атаархаж, хорсохын оронд хийж буй ажилдаа үр дүн гаргах гэж оролддог учраас илүү их амжилтад хүрдэг. Үүний жишээг өмнө нь өгүүлсэн "Эго бол таны дайсан” номын зохиолч Райан Холидэй олон алдартай хүмүүсийн түүхээр өгүүлсэн байдаг. Сонирхолтой нь, тэрээр номондоо Монголын эзэнт гүрний Их хаан Чингисийн тухай байнгын суралцагч байсан нь түүнийг дэлхийг эзэгнэсэн агуу хаан болоход нөлөөлсөн гэж дүгнэжээ. "Чингис хааныг агуу удирдагч байсныг хүн бүр мэддэг ч байнгын суралцагч байсан гэдгийг нь тэр бүр мэдэхгүй. Тэр үргэлж эзэлсэн газрынхаа уламжлал, ялсан дайсныхаа тактикаас суралцаж байсан” хэмээн өгүүлж, түүнийг хаана ч очсон тухайн газрын мэргэдээр өөрийгөө хүрээлүүлэн тэдний юу зөвлөхийг сонсож, тунгаан бодсоны үндсэн дээр шийдвэр гаргадаг байсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн хэмээн дүгнэсэн байна. Үүгээр Чингис хаан агуу байсан ч өөрийгөө агуу гэж бардалгүй, бусдын зөвлөгөөг сонсож, дайн тулааны үед хэрхэн ялахаа бодож, байнга судалж, суралцдаг байсан нь дэлхийг эзэгнэсэн гэдгийг ойлгуулахыг оролдсон байна.

Дэлхий ертөнц агуу, хувь хүн өчүүхэн. Үүнийг мэдэхгүй бага залуу насандаа хэтэрхий бардам болчихдог нь бидний хамгийн том алдаа. Жижигхэн амжилтаа хэтэрхий дөвийлгөж, түүгээрээ бусдаас давуу гэж итгэчихээр алдаагаа засаж, илүү амжилт гаргах замаа үгүй хийсэн хүмүүсийн жишээ олон бий. Ингэхгүйн тулд хүн хөдөлмөрлөж, түүнийхээ үр дүнд л анхаарах нь эгогоо дарах арга юм.

Үүнээс гадна бүхнийг өөр дээрээ тусгахгүй, аливаа зүйлийг зөнд нь хаяж, бусдыг ч өөрийгөө ч уучилж сурах нь эгогоо дарах чухал аргууд. Хүнийг өөртөө тааруулах гэж биш зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч, алдааг нь уучилж сур. Өөрийнхөө алдааг ч уучилж сур. Хүн бүр бүтэлгүйтэлтэй тулгардаг. Ажилдаа алдаа гаргах, бизнес чинь дампуурах тийм ч том бүтэлгүйтэл биш. Харин аминчхан үзлээсээ болж өөрийнхөө зарчим, үнэ цэнээс ухрах нь хамгийн бодит бүтэлгүйтэл билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler