![]() |
Хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилсэн Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар яг одоо АТГ-ын албан хаагчид ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ж.Хатанбаатар нь Хотын дарга Х.Нямбаатарын хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийн эсрэг хийж байгаа үйлдлүүдийг өнгөрсөн хугацаанд илчилж, олон нийтэд болон төр засгийн удирдлагуудад бичиж мэдээлсээр ирсэн.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин Дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байдаг.
Гэтэл хотын удирдлагын зүгээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн эсрэг эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг их засвар хийх нэрээр хааж, санхүүжилтийг зогсоож, эмч ажилтнуудыг цалингүй болгож нэг үгээр хэлбэл дарангуйллын аргаар асуудалд хандаж ирсэн. Мөн хамгийн сүүлийн шийдвэрийг нь ч шүүхээс түдгэлзүүлсээр байхад дуудлага зохион байгуулахаар зэхэж байгаа.
Тэгвэл хууль бус энэхүү шийдвэрийг нь эсэргүүцсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг одоо хуулийн байгууллагаар айлган сүрдүүлэх аргаа Хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэх гэж байгаа бололтой.
Ямар гээчийн дарангуйллын нийгэм бий болж байгааг Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлах ажиллагаа харуулж байна. Өнөөдөр сонинд өнөөдөр бичсэн захиандаа ардын эмч Ж.Хатанбаатар “Уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд Монголдоо анхдагч нь байсан эмийн үйлдвэрийг нурааж, хогийн цэг рүү ачуулснаа гавьяа байгуулсан мэтээр хотын дарга нар хэрхэн “сурталчилсныг” олон түмэн харсан. Хотын удирдлагын энэхүү хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025.04.28-ны өдөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс түдгэлзүүлээд байхад хотын дарга өөрийн биеэр гарч ирээд уг газрыг лхагва гарагт буюу 2025/05/21-нд дуудлагаар худалдана гээд лайвдаж байна. Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад ямар том эрх ашиг хотын даргаар өөрөөр нь лайв хийлгэж чадаж байна аа. Хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаа өөрөө батлан гүйж гарч ирж “сурталчилгаа” хийж байгаа хотын дарга эмийн үйлдвэрийн газрыг хэнд өгөхөөр улайрч байна вэ??? Нөгөөтэйгүүр Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан газар дээр дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа чинь Эрүүгийн хуулиар бол залилангийн гэмт хэрэг биш үү???
Шүүхээс түдгэлзүүлсэн газрыг авна гэж мөнгөө төлөөд ирж байгаа компаниудад энэ талаарх мэдээллээ Х.Нямбаатар ил тод өгч байгаа юу??? Монгол Улсын төр засаг үргэлж өнөөгийнх шиг Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг хараагүй царайлж суухгүй, бас хууль ярьдаг хэрэгжүүлдэг цаг ирэх нь мэдээж.
Тэгэхэд шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хууль зөрчин явуулсан дуудлага худалдаа хүчингүй болоход мөнгөө төлж дуудлага худалдаанд оролцогчид яах уу???” гэдэг асуудлыг хөндсөн байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хотын дарга дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг илчилсэн. Хотын даргын хууль бус үйлдлийг илчилсэн АТГ баривчлах биш, харин хууль бус юм хийгээд байгаа хотын даргаа зогсоох ёстой байсан бус уу. Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ хэмээн хандсан Ж.Хатанбаатарын захидлыг дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/56/single/51998 уншаарай.
