"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын 23-нд Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвийн ВэньТяньгэ танхимд болов.Уг хурлаар нислэгийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд багийн ахлагчаар Чэнь Дүн, гишүүнээр Чэнь Жүнрүй, Ван Же нар ажиллах болно.
Ван Же ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошуунд нутагтай.2003 онд Хятадын хамгийн анхны сансрын нисэгч Ян Ливэй "Шэньжөү V" сансрын хөлгөөр түүний төрсөн нутаг Өвөр Монголд амжилттай газардаж, Хятадын үндэстний сансарт нисэх олон жилийн мөрөөдөл биелсэн юм. Энэ үйл явдал нь тухайн үед 14 настай байсан Ван Жэ-ийг маш их нөлөөлсөн.Тэр цагаас хойш тэрээр сансарт аялах хүсэл эрмэлзэлтэй болжээ.Их сургуульд элсэх шалгалтын үеэр тэрээр Шэньяны сансар судлалын их сургуулийн нисэх онгоцны үйлдвэрлэлийн инженерийн мэргэжлээр суралцах хүсэлтээ өгсөн.Их сургуулиа төгсөөд дахин Бээжингийн агаарын тээвэр сансар судлалын их сургуульд механикийн мэргэжлээр үргэлжлэн суралцсан.Мөн уг сургуульд докторын зэрэг хамгаалсны дараа тэрээр Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацад ажилд орж,нисэх онгоц төлөвлөж бүтээх ажилд оролцсон юм.2018 онд тэрээр маш олон шат дамжлагыг давж сансрын нисгэгч болсон.4 жил гаруй шаргуу бэлтгэл хийсний эцэст тэрээр“Шэньжөү 20”-ын багийн бүрэлдэхүүнд амжилттай сонгогдсон билээ.
Ван Же "Шэньжөү 20" нисэгчтэй нислэгийн ажиллагаанд сансрын нислэгийн инженерээр ажиллах бөгөөд сансрын станцын арчилгаа, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, яаралтай тусламжийн алдааг олж засварлахаас гадна жингүйдлийн хамгаалалтын шинэ технологи, машин механикийн ажил болон сансрын шинжлэх ухааны бусад туршилтуудыг хариуцна.
Түүнийг "сансарт нисэх" гэж байгаа тухай Өвөр Монголын иргэд маш их сэтгэл догдлон ярилцаж,хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй нийтлэлийн дор Ван Же-гийн өсөн дэвжиж буйг магтан сайшаасан мессежийг маш олон үлдээсэн байна.
Өвөр Монгол нь Хятадын сансар судлалын салбартай гүн гүнзгий холбоотой бөгөөд "Хамгийн сайн бэлчээр нутгаа сансар судлалд зориулсан"сайхан түүхтэй.Өвөр Монголд зөвхөн БНХАУ-ын анхны сансрын хот болох Дүнфэн сансрын хот байх төдийгүй, сансрын хөлөг газардах хоёр том талбай болох Эзнээ Дүнфэн газардах талбай ба Дөрвөд хошууны газардах талбай бий.Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Өвөр Монголд олон сансрын хөлөг хөөрч, газардсан.Үүнд 1970 онд Дүнфэн сансрын хотод "Дүнфанхун-1" хиймэл дагуулыг хөөргөж, 2024 онд “Чан-Э-6” буцах хөлөг Дөрвөд хошууны газардах талбайд газардсан.2025 оны 04-р сарын 24-ний өдөр "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлөг Дүнфэн сансрын хотоос ахиад сансарт нисэх гэж байна.Өвөр Монголын энэхүү уудам газар нутаг Хятадын сансар судлалын салбарын олон чухал цаг мөчүүдийн гэрч болсон гэсэн үг юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ван Жегийн гэр бүлийнхэн хамтдаа шууд нэвтрүүлгийг үзэж,энэхүү сайхан мөчийг хуваалцсан юм.Ван Жегийн аав нь түүнийг бэлтгэж сургасан эх орондоо талархаж, эсэн мэнд буцаж ирэх болтугай гэжээ.Охин дүү нь ах Ван Же бол миний үлгэр дуурайл болсоор ирсэн гэв.
-Би өөрийн гэр бүлийн зургаа авч сансарт аялах болно.Сансар огторгуйгаас дэлхий болон төрөлх нутгаа харахыг хүсэж байна.Энэ удаагийн туршлагаа насан турш нандигнан хадгална гэж Ван Же хэллээ.
Ян Ливэйг Өвөр Монголд газардахыг харж байснаасаа өөрөө сансар огторгуйд аялах болсон нь Ван Жегийн сансарт аялах хүсэл мөрөөдөл биелсэн төдийгүй нэн ч шинэ эриний Хятадын үндэсний сансар судлалын салбарын хөгжлийн хамгийн гоё дүр зураг болжээ.Сансар огторгуйн тоо томшгүй олон гайхамшгийг бүтээсэн энэ нутагт Өвөр Монгол Хятадын сансар судлалын салбарт үргэлжлэн хувь нэмрээ оруулсаар байх бөгөөд Ван Же ч мөн төрөлх нутгийнхаа иргэдийн хүсэл хүлээлтээр нэн уудам орон зайд илүү өндөр амжилтад хүрэх нь мэдээж билээ.