| |
Улс орнууд цар тахлын эсрэг арга хэмжээ авахдаа хугацаа алдаж байна
- Дэлхий ертөнц цар тахлын нөхцөлд ажиллах бэлтгэлгүй байгааг ДЭМБ анхааруулав
- Тусгаарлалт хэр урт үргэлжлэх нь тухайн улс орон өвчний тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч буйгаас шалтгаална
COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжоо алдсан засгийн газрууд коронавирустэй тэмцэх үнэт цаг хугацааг дэмий алдсаар байгааг зогсоох ёстой хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн анхааруулав. "Бид эхний боломжийг алдсан. Идэвхтэй ажиллах ёстой үе нь нэг, хоёр сарын өмнө байж” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебресус мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь өдгөө дэлхийн бараг бүх улсад илэрч 20,000 орчим хүний амийг аваад буй аюулт өвчний эсрэг дэлхийн тэмцэл ахиц муутай буйг ойлгуулах гэсэн сануулга болов. Тус байгууллага гишүүн улсуудаа ил тод шүүмжлэхээс аль болох зайлсхийж ирснийг онцгой байдлын хөтөлбөр хариуцсан захирал Майк Райан тайлбарласан юм. Одоогийн байдлаар дэлхийн 150 улсад вирусийн халдварын тохиолдол 100-гаас цөөн бүртгэгдсэн учраас бэлтгэх, бэлэн байх хугацаа болон хоёр дахь боломж бас ч байгааг ДЭМБ-ын тэргүүн онцлон дурдав. Тусгаарлах арга хэмжээ авсан улс орнууд вирусийн тархалтыг шийдмэг таслан зогсоох арга хэмжээ авч, цаг хожлоо. Тусгаарлалт хэр урт үргэлжлэх нь тухайн улс орон өвчний тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч буйгаас шалтгаална хэмээн Тедрос үзэж буй. Хатуу тусгаарлалт нийгэм болон эдийн засгийн сөрөг нөлөөтэй. Гэхдээ "өвчний тохиолдол ихэссэний улмаас сургууль, албан байгууллагуудыг дахиад хаахад хүргэлгүйгээр нээх нь аль ч улсад чухал” гэдгийг Тедрос онцлон анхааруулав. ДЭМБ-ын тэргүүн бүх улс авах ёстой доорх зургаан арга хэмжээг мөн дурдсан юм.
• Эрүүлийг хамгаалахын ажилтнуудын тоог ихэсгэж дадлагажуулан, хуваарилж ажиллуулах
• Сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тогтолцоо нэвтрүүлэх
• Оношлуурын үйлдвэрлэлийг эрс ихэсгэж, хүртээмжийг сайжруулах
• Коронавирусийн эмчилгээний төв болгон хувиргах боломжтой объектуудаа тодорхойлох
• Карантин-хөл хорионы дэглэмийн төлөвлөгөө боловсруулах
• Засгийн газар үйл ажиллагаагаа вирусийг дарахад чиглүүлэх гэв.
Түүнчлэн "Дэлхий цар тахалд бэлтгэлгүй байна” хэмээн захирал Райан тайлбарлав. Жишээ нь, ханган нийлүүлэх сүлжээ тасалдсанаар эмнэлгийн бээлий хомсдож болзошгүй. Учир нь эмнэлгийн бээлийн түүхий эд-каучукийг дэлхийн хэдхэн улс нийлүүлдэг. Дэлхий даяар эрүүлийг хамгаалахын ажилтан, ажилчдад хувийн хамгаалалтын хэрэгсэл дутагдаж байгааг ДЭМБ-ын тахал судлаач Мария Ван Керков тайлбарласан юм. Өвдөөгүй хүнд маск хэрэггүй, харин тухайн улсын хэрэглээнээс болоод эмч нарт маск хүрэлцэхгүй байж болохгүйг Ван Керков анхаарууллаа.