| |
Видео
Шинэ мэдээ
Т.Доржханд: Засгийн газар 3-6 сарын хугацаанд маш идэвхитэй ажиллахгүй бол оны сүүлчээр эдийн засаг хүндрэх нь тодорхой болчихлоо
Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ын дарга Т.Доржхандтай ярилцлаа
-УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд ХҮН ямар хэлбэрээр орох вэ?
-УИХ-ын сонгууль нь өөрөө Block voting гэдэг систем. Манай ХҮН энэ удаагийн сонгуулиар сонгуулийн эвсэл байгуулж байгаа. Бид Монголын Социал демократ нам, Зүй Ёс намтай хамтарч "Зөв хүн" гэдэг эвслийг байгуулж сонгуульд орохоор төлөвлөж байна.
Ард иргэдийн дийлэнх нь хотод амьдарч байхад УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутгаас сонгогдохоор хэтэрхий шударга биш гэж улс төр судлаачид ярьж байна?
Тэгэхээр бид нар сонгуулийн системийг маш сайн судалсан. Өнөөдөр дэлхийн 7.5 тэрбум хүн дотроос ердөө 50-60 сая хүн нь л удахгүй бидний хийх гэж буй энэ томсгосон тойргоор явуулдаг сонгуулийн системийг ашиглаж байна. Үүний дотроос өнөөдрийн байдлаар уг системийг дэлхийн хоёрхон улс л ашиглаж байна. Эдгээрийг нэрлэвэл нэг нь Сири, нөгөөх нь Сьерра Леон улсууд юм. Нэг нь арабын, нөгөөдөх нь африкийн улс байгаа. Уг системийг дэлхийн түүхэнд найман улс ашигласан байдаг юм байна. Эдгээрээс хоёр улс нь энэхүү системийг маш хортой гээд Үндсэн хуулиараа хориглосон байна. Энэ хоёр улс нь Филиппин, Тайланд улсууд юм. Тэгээд энэ сонгуулийн системийн хамгийн муу тал нь юу вэ гэхээр нэгдүгээрт асар их мөнгөний сонгууль болгодог, хоёрдугаарт төрийн институцийг нураадаг. Өөрөөр хэлбэл нэг институцээс дэвшсэн хүмүүс нь бие биетэйгээ өрсөлддөг, нэгдсэн үзэл санаа баримтлалын төлөө явдаггүй. Тэр үүднээсээ төрийн институцийг байхгүй болгодог.
Гуравдугаарт бүлэглэл фракцийг илүү их бий болгодог. Тэгээд хамгийн сул тал нь шинэ нэр дэвшигчид эндээс гарч ирэх магадлал багатай болдог. Тэгээд дэлхий дээр байдаг дөрвөн сонгуулийн системийн хамгийн муу системийг эрх баригчид авчраад монголын хөрсөн дээр буулгачихлаа. Нэгдүгээрт эд нар судлахгүй байна. Хоёрдугаарт эд нар монгол улсын хөгжил дэвшил хамаагүй зөвхөн өөрсдөө л сонгогдох нь чухал гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Эд нарт чинь хөрөнгө мөнгө байна. Олон жил улс төрд явчихсан царайнууд байна. Тэгээд дотор нь маш олон фракцийн эрх ашгууд байна. Эцэстээ бол тэд засгийн эрх авах нь чухал гэсэн байдлаар хандаж байгаа болохоор өөрсдөө л амьд үлдэх нь чухал гэж тооцож ингэснээрээ энэ нь сонгуулийн дэвшил, хөгжлийн асуудал шинэ дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнийг хаах боомилох энэ бүх юмаа саяын сонгуулийн хуулиараа хийчихлээ гэж бид харж байна.
-Та 2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн МАН-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
Яг одоогийн байдлаар коронвирустай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байх шиг байна. Бодит байдал дээр бид мөрийн хөтөлбөр дээр нь дүгнэлт хийх ёстой. Одоогоор мөрийн хөтөлбөрөө хэдэн хувь биелүүлсэн байна гэдэг дээр нарийвчилсан тооцоолол байхгүй байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө мэдээж биелүүлээгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт засгийн эрхийг хууль бусаар авахыг завдсан 60 тэрбумын асуудал байна. Тэрэнд хариуцлага тооцоогүй байна. Мөн дараагийн асуудал нь монгол улсын 30 сангийн нэг Жижиг дунд үйлдвэрийн сангаас бүгдээрээр өөрсөддөө зээл авчихсан байна. Тэгэхээр МАН бол хэдийгээр улс төрийн ууган хүчин гэж үздэг ч гэлээ гэсэн өнөөдөр бол хамгийн их хулгай хийдэг, хамгийн их хор найруулдаг ийм улс төрийн хүчин болсон байна. Тийм болохоор энийгээ энэ гарч ирсэн намын удирдлагууд нь цэвэрлэж байж дараагийнхаа сонгуульд орох нь зүйтэй. Тэгээд тэдгээр хулгай хийдэг, хор найруулдаг хүмүүстээ хариуцлага тооцож, мэдлэг боловсролтой чадварлаг залуу үедээ халаагаа өг гэсэн ийм л зөвлөгөөг тэдэнд өгмөөр байна.
-Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан Нам сөрөг хүчний үүргээ хэр биелүүлсэн бэ?
Ардчилсан нам одоогоор намын бүлэггүй болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед АН-аас илүү Шинэ нам нь сөрөг хүчний үүргээ илүү гүйцэтгэж байна гэж бид харж байгаа. Тэгэхээр АН бол МАН-тайгаа цуг цаанаа эрх ашиг нь нэг болохоор өнөөдрийг хүртэл сөрөг хүчний үүргээ ер гүйцэтгэсэнгүй, харин оронд нь хэдэн удирдлагуудаа шоронд яаж явуулахгүй байх вэ гэсэн тохиролцоо наймааг нөгөө намтайгаа хийчихэв үү дээ гэж бид харж байна. Ер нь энэ хоёр намын бүтэц бол хуучин коммунист, социалист намын бүтцийг тэр чигээр нь хуулаад авчихсан ийм намууд. Энэ хоёр намаас болоод өнөөдөр монгол улс хөгжихгүй байна гэж хэлж болно. Тийм болохоор энд онцолж хэлэхэд намын тогтолцоогоо өөрчлөө, бодлогын нам болоо, энэ олон авлигын бүтэц үүсгэхээ зогсоохгүй бол энэ хоёр нам бол цаашдаа хөгжихгүй, энэ авлигынхаа тогтолцоондоо өөрсдөө бүрэн идэгдэнээ гэж хэлмээр байна.
-Авлига албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Энэ хуулийн заалт дээрх таны байр суурь?
Би бол үүнийг зөв байр суурь гэж ойлгож байгаа. Ер нь бол төрөөсөө хулгай хийсэн, авлига авсан ийм хүмүүсийг төрд ойртуулахгүй байх нь зүйтэй. Зарим хүмүүс энэ хуулийг нэг хүнд зориулсан хууль гэж хараад байгаа. Энэ бол нийтээрээ хүлээн зөвшөөрөөд явах ёстой хууль. Цаашдаа ийм жишиг тогтоох хэрэгтэй.
-ХҮН-ын боловсон хүчний нөөц хэр байгаа вэ?
ХҮН дээр бүртгэлтэй 20 гаруй мянган гишүүн байдаг гэдэг боловч бид бодит байдал дээр хэчнээн хүн татвараа төлж байна гээд дүгнэхэд 980 орчим хүн татвараа төлсөн. Тэгээд ХҮН яг энэ хүмүүс дээрээ тулгуурлаад хатуу гишүүнчлэлийг дэмжихгүй, илүү бодлогын нам байна гэсэн байр суурьтай байгаа. ХҮН-ын дэргэд бодлого судалгааны хүрээлэн байдаг. Энэ хүрээлэн дээр их олон эрдэмтэд ажилладаг. ХҮН-ын бүтэц нь өөрөө их цомхон. Их олон хүн намын гишүүнчлэлгүй байх нь зүйтэй гэсэн бодлого барьж байгаа болохоор бид нар чадвартай, туршлагатай, зөв хүмүүсийг намдаа илүү их шингээж байгаа, дэмжигчидээр та нар ажиллаачээ гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл ХҮН засгийн эрх авсан тохиолдолд бид нүсэр бүтцээр тэр хүмүүсээ авчраад төрийг албыг самарч, төрийн албыг өөрчлөхгүй, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нь нам болон нам бус үл шалтгаалаад тэндээ чадвартай бол ажлаа хий гэсэн бодлогыг барина. Харин чадваргүй, худлаа ярьдаг, хулгай хийдэг тийм хүмүүсийг төрийн албанаас цэвэрлэх бодлого барих болно гэдгийг хэлье. Яг ийм байдлаар монгол улс цаашдаа цэвэрлэгдэх ёстой юм. Энэ нь эргээд ХҮН-ын бодлогын хувьд хурдтай бөгөөд хямдхан ямар нэгэн мөнгө төгрөгний гогцоонд орохгүй байх нөхцөлийг үүсгэж өгч байгаа юм.
-Монголын ард түмэн бид бүхэн шинэ хүчин, шинэ хүн гарч ирнэ гэж УИХ-ын ээлжит сонгууль болгонд л итгэж найдсаар ирсэн. Гэвч бахь байдгаараа л байна. Сонгогчдын боловсрол дээшлэхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
Нэгдүгээрт гарч ирсэн эрх барьж буй намууд нь сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ямар ч ажил хийдэггүй. Сүүлийн 30 жилд. Хоёрдугаарт сонгууль болгоны өмнө өөрсөддөө зориулаад сонгуулийн хуулиа өөрчлөөд байна. Тэгэхээр сонгуульд орж байгаа сонгогчид маань ямар тоглоомын дүрмээр хэнийг яаж сонгох юм гэдэг ойлголт бүрэн байхгүй байна. Нэг сонгуулийн хуулиа ядаж хоёроос гурван удаа давтан ашиглаж байж иргэд маань сонгуулийн талаар ойлголттой болдог. Гэтэл энэ ойлголт ухамсар нь суухгүй байгаа болохоор үндсэндээ сонгуулийн ирц жил бүр буурдаг. Өөрөөр хэлбэл энэ нь тэд нар тоглоомын дүрмийг байнга өөрчилдөгтэй холбоотой. Энэ үүднээсээ иргэд маань өнөөдөр үнэн хэрэгтээ бүрэн цөхөрчихөөд байна. Хоёрдугаарт ард түмэн бол цагаан цаас учраас тэрэн дээр юу ч бичиж болно гэсэн ийм байдлаар сүүлийн 30 жил явж ирлээ.
Харин одоо бол юм өөрчлөгдсөн, технологи хөгжсөн, иргэд цагаан цаас байхаа больсон. Гуравдугаарт өмнө нь энэ хоёр нам өөрсдийн давуу талыг ашиглан асар том сүлжээ үүсгэж, тэрүүгээрээ дамжуулан мэдээлэл цацдаг тийм давуу талтай байсан. Тэгээд тэр нь их өндөр зардалтай байсан. Тэгвэл одоо тэр том бүтцүүд чинь дэлхий даяараа нурж унаад байна. Үр ашиггүй болоод байна. Яагаад гэвэл төвөөс ирсэн даргаас урьтаж, тухайн нэг аймгийн сумын захад байгаа малчин руу мэдээлэл өдөртөө хүрч байна. Төвөөс очиж байгаа намын дарга заавал өөрийнхөө бүтцээр хүмүүс цуглуулаад тэр хүмүүст мэдээлэл өгөх шаардлааггүй болчихсон. Нөгөө талд сонгогчид маань 30 жилд сонгуульд оролцлоо. Тийм болохоор энэ удаа нийт сонгогч олон түмэн маань энэ удаагийн сонгуульд илүү мэргэн сонголт хийнэ гэдэгт бид найдаж байна.
-Танаас энд нэг онцолж асуух зүйл байна. Сүүлийн үед УИХ-ын сонгуульд улс төрд ямар ч хэрэггүй гэж хэлж болохуйц бөхчүүд, дуучин, сүмоч зэрэг аймшгийн гэмээр инээд хүрмээр, боловсролгүй, хуурамч дипломтой, хүмүүс маш ихээр өрсөлдөх болсон. Энэ асуудлыг яаж шийдвэл зохих вэ. Цаашдаа яаж засаж залруулах вэ?
Монгол улсын хөгжлийнх нь явц өөрөө яг л ийм байдалтай байна. Өөрөөр хэлбэл иргэд маань орлогогүй байна. Орлогогүй иргэд юугаараа санал өгдөг вэ гэхээр нэгдүгээрт ходоодоороо санал өгдөг. Хоёрдугаарт хэн илүү энэ улсын авч явах вэ гэхээсээ илүү хэнийг сайн таньдаг вэ гэсэн сэтгэл хөдлөлөөрөө маш их санал өгч байна. Тэгэхээр цаашдаа ч ийм байдалтай байх магадлалтай байна. Иргэдийн маань бодит орлого буураад байна. Төгрөгийн ханш өсчихөөд байна. Тэгэхээр үүнийг зогсоох арга нь юу юм гэхээр иргэдээ ажлын байраар хангаж, урт хугацааны тогтвортой орлогтой болговол иргэд зөв сонголт хийнэ. Энэ бол дэлхийн түүх. Олон улсын байгууллагын судалгаагаар нэг хүнд ногдох бодит орлого нь 5000 доллараас дээш болсон тохиолдолд иргэд популизм сонсохоо больдог. Иргэд бие биедээ зам тавьж өгдөг. Иргэд хотын соёлд сурдаг. Иргэд нийгэмшдэг. Иргэд өөрийнхөө хүүхдэд зөв боловсон хүмүүжил олгож, өндөр боловсролтой байх тэр ирээдүйд нь илүү анхаардаг. Гэтэл бид нарын судалгаагаар монгол хүний нэг хүний бодит орлого 1500 ам доллар дээр таван жил болчихлоо. Өсөөгүй байна. Тэр үүднээсээ 5000 ам доллар болтлоо маш их хугацаа байна. Тийм болохоор ийм тохиолдолд иргэд сонгогчид маань нөгөө бөхчүүд, нөгөө дуучдаа сонгосоор байх нь ээ. Ийм учраас бид үүнийгээ сонгуулиар засах юм уу эсвэл эдийн засгийнхаа асуудлыг шийдээд явах юм уу гэсэн асуудлыг ярих ёстой.
Эдийн засагч хүний хувьд хэлэхэд эдийн засаг анхдагч байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гарч ирж байгаа аливаа улс төрийн намууд нь хамгийн түрүүнд эдийн засгийн бодлогоо маш зөвөөр тодорхойлоод монголын энэ 3.3 сая хүнийг ажилтай орлоготой болгох дээр л хамгийн түрүүнд нэгдэх хэрэгтэй. Тэгээд нэгдээд бодит орлогыг дор хаяж 5000 ам доллар болгосон тохиолдолд иргэд өөрсдөө сонголтоо зөв хийнэ. Энэ тохиолдолд ямар ч тийм бөхчүүд, дуучид, жүжигчид гарч ирэхгүй. Латин америкт энэ үзэгдэл 70, 80 онд маш түгээмэл байсан. Хамгийн их танигдсан жүжигчин нь ерөнхийлөгч болдог. Тэгээд нийтээр шившиг болж, нийтээрээ эдийн засгаа будаа болгоод өөрсдөө өлсгөлөнд автаж, хамгийн их өртэй хамгийн ядуу улс болсон түүх байдаг. Африкийн орнууд мөн адилхан. Нэг бол тамирчин, нэг бол сайн генерал ч гэдэг юм уу тийм хүмүүсийг төрийн тэргүүнээрээ томилдог байсан. Монгол улс ч гэсэн адилхан. Төрийн тэргүүнээсээ авхуулаад ерөнхий сайд нь ямар хүмүүс билээ. Тэгээд одоо энэ УИХ чинь үлгэрийн баатруудын цуглаан болоод ирэхээр энэ улс хэзээ ч хөгжихгүй.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх бол маш тодорхой байдаг. Ерөөсөө боловсролтой сэхээтэн хэсгүүд нь урьдаа гарч хөгжлийнхөө бодлогыг тодорхойлж авч явж байж л улс орон хөгждөг. Хамгийн тодорхой жишээ бол Сингапур байна. Саяхан талийгаач болсон Ли Куан Юу хэлэхдээ: Манай улсын хөгжлийн нууц бол ердөө 300 хүн байдаг юм. Хамгийн боловсролтой сэхээтэн 300 хүнийг ажиллуулсан нь гол нууц нь. Хэрвээ Сингапур улсыг сөнөөе гэвэл тэр 300 хүнийг нэг онгоцонд суулгаад дэлбэлчих юм бол хангалттай гэж хэлсэн. Энэ бол бодит үнэн. Тэр нэг өмхий ханхалсан, гадаанаа бааж шээдэг, 4 хэлээр ярьдаг загасчдын нэг жижигхээн хамгийн ядуу хойг 25 жилийн дотор бүх үзүүлэлтээрээ өнөөдөр дэлхийн нэг номерт жагсаж байна. Тэгвэл монгол улс юу билээ.
Солонгос бол 1960 онд азид сүүлээсээ хоёрт байлаа. Тэгээд 30 жилийн дотор маш том эргэлтийг хийсэн. Солонгос хүндээ хөрөнгө оруулалт хийсэн. Хамаг хөрөнгө оруулалтаа цементэд биш солонгос хүндээ хийсэн. Японы хөгжил бас яг адилхан. Хөрөнгө оруулалтыг цементэд биш хүндээ хийе гэсэн хөдөлгөөн 10 жил явсан байдаг юм. Ийм хөдөлгөөн явж байж иргэд нь орлоготой, мэдлэгтэй, чадвартай болж улс төр нь өөрчлөгдсөн. Үр дүнд нь улс төрчид нь бодлого шийдвэрээ гаргадаг шударга, төрийн хар хүн болж төлөвшөөд улс орон нь хөгжсөн ийм түүх байдаг. Харин ийм түүхийг бид харайгаад өнгөрөх боломж байхгүй, өөрөөр хэлбэл бөхчүүдийгээ дуучингуудаа дахиад л сонгоод байх юм бол энэ улс улам л хоцрогдсон, хоёр том гүрний дунд хавчуулагдсан 13-р зуунаараа феодалын улс хэвээр байх нь тодорхой. Тэгэхээр энэ өөрчлөлтийг заавал хийх хэрэгтэй. Жаахан боловсролтой мэдлэгтэй гэж байгаа сэхээтнүүд нь эр зориг гаргаад улс төрийнхөө оролцоог хангаад явах хэрэгтэй.
Өнөөдөр улс төр муухай, намууд муухай гэдэг суртал нэвтрүүлгийг сүүлийн хоёр жил явууллаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэдэг яриаг их гаргалаа. Шууд хэлье. Үр дүнд нь өнөөдөр намууд бүгд нэр хүнд нь уначихаад байна. Парламентын ардчилал монгол улсад таарна гэж бид ойлгож л байгаа юм бол парламентын ардчилал нь өөрөө намуудын ардчилал юм гэдгийг ойлгох хэргтэй. Намуудын бодлогын мэтгэлцээн хийдэг талбар нь парламент байх ёстой. Парламент нь өөрөө бэхжихийн тулд намууд нь өөрсдөө бэхжих хэрэгтэй. Намууд нь бэхжихийн тулд нам дотор бодлого ярьдаг ёс зүйтэй тийм улс төрчид гарч ирж байж намууд бэхжинэ, парламент бэхжинэ. Тийм болохоор залуучуудаа улс төрдөө ороо, битгий ичээ, улс төрийг битгий муухай гэж үзээ, дүү нарынхаа төлөө үр хүүдүүдийнхээ төлөө тэмцээ гэж хэлмээр байна. Ингээд босох юм бол энэ улс богино хугацаанд өөрчлөгдөнө.
-Олон улсад коронавирусийн аюул дэгдэж, улс орнууд хилээ хаасан. Энэ үед өмнөд хөршөөс хараат манай улсын хувьд эдийн засаг хүндрэх нь гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж эхлээд байна. Таны хувьд юу хэлэх вэ?
Бодит байдал дээр бол энэ короновирусын эдийн засгийн нөлөө асар хохиролтой байх нь. Ялангуяа энэ хоёр гуравдугаар улирал дээр дарамт нь илүү их ирэхээр байна. Хамгийн түрүүнд короновирус гарсан Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд богино хугацаанд маш түргэн арга хэмжээ авч чадсан. Маш их хэмжээний мөнгийг төсвөөсөө гаргаж санхүүжилтээ сайн хийсэн. Үр дүнд нь хязгаарлалтаа хийчихээд байна. Дараагийн давалгаа нь АНУ, Европоор короновирусын байдал аймаар болчихлоо. Тэнд бүр хяналтгүй болж байна. Дэлгүүрт нь бараа таваар олдохгүй байна. Би дөнгөж саяхан Нью-Йоркт байдаг хамаатантайгаа ярилаа. Гурав хоног талх олж авч чадсангүй, ногоо буцалгаад идэж байна гэж байна. Хүү маань бас Англид сурдаг. Хоол олдохгүй байна. Энд маш хүнд байна. Англиас бусад улсууд хилээ хаачихсан хааашаа явах вэ гэж байна. Нэг үгээр хэлбэл бүх юм нь маш их хямралын байлдалтай байна гэж ярьж байна.
Тэр үүднээсээ дэлхийн эдийн засагт гол нөлөөтэй их гүрнүүдын эдийн засгийн байдал хүндрээд эхэлхээр манай улсын эдийн засаг ч ялгаагүй хүндрэх нь тодорхой. Дэлхийн их гүрнүүд энэ тал дээр анхаарч шуурхай арга хэмжээ авч эхэлж байна. Тухайлбал АНУ-д 700 тэрбумаас 1,2 их наядын эх үүсвэрийг батлуулах гээд аль хэдийнэ конгрестоо өгчихсөн байна. Мөн холбооны нөөцийн сан нь зээлийнхээ хүүг түүхэндээ анх удаа 0-0.25 хувь болгочихлоо. Английн төв банк зээлийнхээ бодлогын хүүг 3 дахин буулгачихлаа. Германы Сэргээн босголтын банк бизнесүүддээ хязгааргүй зээлийн шугам нээчихлээ. Италийн засгийн газар иргэдийнхээ байрны зээлийн төлбөрийг эхний ээлжинд 100 хувь хөнгөлчихлөө. Ингээд бүх том эдийн засгууд маш хүчтэй хариу арга хэмжээ авч байна. Монголын эдийн засаг оны сүүлчээр хүндэрх нь тодорхой. Би бол хямрал болох өндөр магадлалтай гэж харж байгаа. Хямрал гэдэг бол хоёр улирал дараалан эдийн засаг уналттай гарах юм бол хямрал гэж үздэг. Тэгэхлээр энэ энэ оны хоёр, гуравдугаар улирал дараалаад эдийн засаг бууралттай гарах магадлал маш өндөр гэж харж байна. Эдийн засаг хямрах юм бол юмны үнэ өсдөг, орлого цалин байхгүй болдог, нийгмийн асуудлууд үүсдэг шүү дээ. Ийм хүндрэлүүд оны төгсгөлд байгаа болохоор үүнээс урьдчилан сэргийлхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.
Тэгэхийн тулд эхний ээлжинд төсвөө тодотгох хэрэгтэй. Шинээр барих 3.7 их наядын хөрөнгө оруулалтаас энэ оны төсөвт 2.2 их наяд суусан. Түүнээс 2.0 их наядыг танаад эх үүсвэрийг нь иргэд, бизнесүүдийг дэмжих бүрэн боломжтой. Сонгууль бол 30-р асуудал. Төсөв гэдэг бол 3.3 сая монголчуудын хэтэвч гэсэн үг. Энэний үндсэн шинж чанар нь нэг жилийн дотор буцааж олгохгүйгээр татаасын хэлбэрт байдагт оршдог. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөрөнгө оруулалт гэх мэт. Энүүгээр мөнгө хийдэггүй, орлого олдоггүй. Хөрөнгө оруулалтын хэсэгт нь мөнгө оруулах хэсэг бага байдаг. Төсвийн үндсэн шинж чанар нь нэг удаа олгоод буцааж авдаггүй шинж чанартай байдаг. Гэтэл яг өнөөдрийн байдлаар онцгой нөхцөл байдал үүсчихлээ. Тийм болохоор тэр цемент зуурах гээд байгаа төсвөө яаралтай танаад одоо энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нартаа, одоо жинхэнэ ЖДҮ сангаа ашиглаад маш бага хөнгөлөлттэй зээлүүдээ өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг дор хаяж 50 хувьд нь хөнгөлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр сар ажилгүй, орлогогүй явж байхад дээрээс нь нийгмийн даатгал гээд иргэдээс мөнгө авахаар хэцүүднэ. 6 сарын хугацаатай 50 хувь хөнгөлхөд дор хаяж 500 тэрбум төгрөгний эх үүсвэр шаардлагатай байх юм. Үүнийг төсвөө тодотгоод хий.
Саяхан засгийн газар сонгуултай холбогдуулаад зээлийн хүүг төлөх хугацааг 90 хоногоор хойшлуулхаар болж байх шиг байна. Энэ чинь бол хангалттай биш. Хүү, торгууль, алданги төлүүлэхгүй байна гэдэг энэ чинь бас шийдэл биш. Өнөөдөр зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээний жижиг дунд үйлдвэрийн салбарт нийт монголын ажлын байрны 50 хувь байдаг. Тэгээд тэр 500-600 мянган монгол хүмүүсийг ядаж хоолтой орлоготой байлгах нь өнөөдрийн төр засгийн зөв бодлогын асуудал байгаа юм. Гэтэл өнөөдөр маш тодорхой бодлого засгийн газар дээр байхгүй байна. Гэтэл бид 2009 оны хямралаар, 2015 оны эдийн засгийн хүндрэлийн үеэр маш тодорхой бодлого гаргаад түүнийгээ УИХ-р батлаад, Засгийн газар нь хэрэгжүүлээд явж байсан. Одоо тэрнийгээ хий. Байхгүй байгаа бол бид нар энийг чинь хийгээд өгье гээд УИХ, Засгийн газарт хүндрэлээс гарах хувилбар хийгээд өгчихсөн байгаа. Энэ бол яаралтай богино хугацаанд авах арга хэмжээ. Тэр үүднээсээ эдийн засагч хүний хувьд хэлэхэд Засгийн газар 3-6 сарын хугацаанд маш идэвхитэй ажиллахгүй бол оны сүүлчээр эдийн засаг хүндрэх нь тодорхой байна. Тийм болохоор бид үүнийг тэдэнд зөвлөж байгаа юм. Түүнээс биш шүүмжилж байгаа юм биш.
Ер нь бол дарааллын хувьд эхлээд төсөв нь өөрөө нөөцөөрөө шавхаж дуусч арга хэмжээгээ аваад дараа нь мөнгөний бодлого руугаа ордог. Гэтэл эсрэгээрээ мөнгөний бодлогын арга хэмжээ ав гээд байна. Мөнгөний бодлогын арга хэмжээ бодлогын хүүг буулгахад үр нөлөө нь хамгийн багадаа 3-6 сарын дараа гардаг. Зээл авсан хүн өнөөдөр үйлдвэрлэл үйлчилгээ хийхийн тулд дор хаяж бэлтгэл ажил хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Тэгж байж үр дүн нь гардаг. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл чинь өнөөдөр зээл авчихсан, өнөөдөр түрээсээ төлөх гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө орлогогүй болчихоод байна. Тэгэхээр энэ асуудлыг мөнгөний бодлогын хүрээнд биш түрүүчийн сонгуулийнхаа төсвийг танаад тэр эх үүсвэрээрээ энэ өр зээлийн асуудал, тэр түрээсийн асуудал тэгээд цаашаагаа татварын хөнгөлөлтүүдийн асуудлаа яаралтай шийдээд явах хэрэгтэй. Нэгэнт дампуурчихсан компаниудийг, ажилгүй болчихсон иргэдийг буцаагаад бизнесийн гольдрилд нь оруулна гэдэг бол маш их зардал гардаг. Харин энэ ажлын байраа хадгалаад явах нь илүү хохирол багатай, тийм учраас ийшээгээ л Засгийн газар маань анхаараад яваачээ гэж ХҮН-аас энэ хөтөлбөрийг гаргаад хүргүүлсэн байгаа.
-Та өөрөө УИХ-ын 2020 оны сонгуульд аль дүүргээс өрсөлдөх вэ?
Ер нь ХҮН 2016 оны сонгуульд ороогүй. Яагаад гэвэл шулуухан хэлэхэд хоёр том нам оруулаагүй. Одоо бол бид хуулийнхаа хүрээнд ямар ч байсан сонгуульдаа орно. Тэгээд ХҮН эвсэл болж байгаа. Эвслээс хурлаараа өөрийн хүмүүсийг хэн хэн хаана дэвших вэ гэдгийг тодруулах байх. Тйим учраас гарсан шийдвэрээ дагуу л дэвшээд явах болов уу л гэж бодож байна.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn