|
Видео

Шинэ мэдээ

Эрдэнэт үйлдвэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хохирол учруулж байна гэв

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийнхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гомдол гаргасан байна. Учир нь тус компанийн 1200 гаруй ажилтан, ажиллагсад төдийгүй манай улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсээд буйгаас ийнхүү хандсан аж. Тус үйлдвэр "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлдэг аж. Түүнийг нь "Эрдэнэт үйлдвэр” Ган бөөрөнцөг цувих цехдээ шилжүүлж, зэс, молебдиний үйлдвэрлэлдээ ашиглах бөөрөнцөг үйлдвэрлэдэг юм байна. Гэвч "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага тасралтгүй үргэлжлэх ёстой үйлдвэрлэлийн чухал шат дамжлагыг орхигдуулж, техникийн шинэчлэл хийх нэрээр дээрх цехийн үйл ажиллагааг зогсоон, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор өндөр үнээр худалдан авч, үлэмж их хэмжээний хохирол уг хоёр үйлдвэрт учруулж буйг онцолжээ. Тухайлбал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ган бөөрөнцөгийг тн-ыг нь хоёр сая 277 мянган төгрөг буюу 827.5 ам.доллароор "Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэх гэрээтэй аж. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага DAP Эрээн нөхцөлөөр нэг тн-ыг нь 1050 "ногоон”-оор гэрээ БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж, агуулахдаа 1211 ам.доллар буюу 36 хувиар илүү үнээр худалдан авч өөрийн цех болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үлэмж их хэмжээний хохирол учруулж байгаа хэмээн гомдолд тодотгосон байв. Уг нь энэ хоёр үйлдвэр 2018 онд хамтарч үнийн судалгаа хийхэд импортолсноос дотооддоо үйлдвэрлэсэн ган бөөрөнцөг худалдаж авах нь "Эрдэнэт үйлдвэр”-т ашигтай байх тооцоо гарсан аж. Уг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн 5600 тн буюу 12.7 тэрбум гаруй төгрөгийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, нийлүүлэхээр хүргүүлсэн ч "Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хүлээн авахгүй байгаагаас асар их хохирол учирч буй талаар ч дурдаад Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, 1200 хүнийг ажилтай, орлоготой байх талаар тодорхой арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.