![]() |
МБҮЭХ-ЫН ДАРГА Д.МӨНХБААТАР: Бид илүү олуулаа болох хэрэгтэй.
МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО үндэсний
хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад хэдий хугацаа өнгөрсөн бэ?
Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоогэдэг энэ айл 2018 оны 2 сарын 23нд байгуулагдсан. Яагаад Холбоо гэж нэрлэх болсон бэ гэхээр Монголын боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 70 гаруй мянган хүмүүс маань сургууль, цэцэрлэгүүд бүр дээр үйлдвэрчний хороотой ажилладаг. Эдгээр хороодыг нэгтгэсэн Холбоо байгуулах нь зүйтэй юмаа гэсэн санааны үүднээс анх Холбоо байгуулагдсан.
Яагаад зөвхөн багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо байгуулах болов?
Бид 2017 оны 8 сараас багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх ёстой юмаа гээд Багш нарын цалин нэмүүлэх түр хороо гэж анх үүсгэн байгуулсан. Энэ хугацаанд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо гэж 100 жилийн түүхтэй байгууллага Засгийн газрын халаасанд орж 3 талт гэрээ байгуулах нэрийн дор нийт хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироож байна. Шударга ёсны төлөө дуугарахгүй байна гэсэн үндсэн дээр тусдаа бие даасан Үйлдвэрчний Эвлэл байгуулсан.
Танай байгууллагын үйл ажиллагааны гол зорилго хаашаа чиглэж байгаа бэ?
Ер нь энэ боловсролын салбарын багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, цаашлаад амьдрал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Энэ боловсролын салбарын багш, ажилтныхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах гэдгээрээ Мэргэжлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болж байгаа юм. Монголд бие даасан Үйлдвэрчний Эвлэл "Эв Санааны нэгдэл” гэж үйлдвэрчний эвлэл байгаа тэд бол уул уурхайн салбарын ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. За бусад нь бүгд МҮЭХ-нд харьяалагддаг.
МБҮЭХ маань хичээн гишүүнчлэлтэй байна вэ?
Манай холбоо 10 аймаг, 6 дүүрэгт анхны хороодуудыг байгуулчихсан явж байна. Энд 40 гаруй хороодын 3100 орчим гишүүд байна. Цаашдаа нийт багш ажилчдын талаас илүү хувь буюу 40 гаруй мянган гишүүдтэй болох зорилготой ажиллаж байгаа. Энд саад болж буй зүйл нь МҮЭХ өөрсдөө ажиллаж чадахгүй хэрэн манайхыг хууль бус, ЗГ-тай гэрээнд ороогүй гэсэн худал үндэслэлээр сүүлийн 2 жил хар пи ар маш их хийж байгаа. Манайх хаана ч очоод шалгуулсан бүх зүйл маань албан ёсны хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага.
Хорооныхоо дотоод бүтцээ танилцуулаач ...
Ер нь бол бодлогын зөвлөл гэж ажиллаж байна. Бүх төрлийн төвшинд бид асуудлаа ярьдаг, туршлагатай ахмад, эрдэм боловсролтой хүмүүс байна. Жишээ нь бодлогын зөвлөл маань Эдийн засгийн болон хуулийн багтай гэрээтэйгээр ажиллаж байна. Мөн бусад мэргэжлийн хүмүүсээс санал солилцон зөвлөгөө авдаг. Бид Зөвхөн гишүүд гэлтгүй эрх нь зөрчигдсөн, хаагдсан, ажлаасаа халагдсан багш нарынхаа эрх ашгийг хамгаалахын тулд ажилласаар байна.
Ер нь багш нарын цалин нэмүүлэх түр хороо байхаас эхлүүлэн хийсэн ажил танай дуу хоолойн дор бусад төрийн албан хаагчийн цалин хөлс давхар нэмэгдээд байгаа харагддаг. Тэгэхээр танай холбоо бусад албан байгууллагын ҮЭ-тэй хэрхэн хамтарч ажилладаг бэ?
Сүүлийн 30 жил нийгмийн бүх төвшинд намчирхал, улс төржилт маш ноцтой байна. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчид, бусад мэргэжлийнхэн ердөө тэмцдэггүй. Ганцхан Монголын багш нар өөрсдийн цалин хангамж, нийгмийн баталгааны төлөө тэмцэж байна. Харамсалтай нь идэвхтэй тэмцэж байгаа багш ажилчдын маань цалин хамгийн бага, цагдаа, шүүхийнхнээс хол зөрөөтэй. Цалин хөлсийг хавтгайгаар нь нэмдэг гол шалтгаан нь МҮЭХ 200 гаруй мянган гишүүнтэй. Бүх салбарыг төлөөлдөг. Үүгээрээ ЗГ-н 3 талт хэлэлцээрт ордог. Орохдоо бүгдийнх нь талд ажилладагт байгаа юм. Үнэхээр Боловсролын салбарын багш нарын цалин аль төвшинд байх нь тэдэнд огт хамаагүй. Гэтэл дэлхийн бусад оронд яг багш нарынх нь цалин шүүгч нарынхаа цалинтай адилхан байдаг. Дунджаасаа ямартай ч дээгүүр байх ёстой. Манай улсын дундаж цалин 1 сая 300 мянгад хүрсэн. Гэтэл багш нарын цалин 700 мянга дээрээ л байгаа байхгүй юу!
Багш нарын үйлдвэрчний эвлэлд МҮЭХ-нд бүртгэлтэй багш нар байгаа юу? Тэнд бас багш нарын асуудлыг хариуцсан ҮЭ ажиллаж байгаа юу?
Тийм ээ МҮЭХ-нд МБШУҮЭХ гэж байдаг. Тэдний толгой МҮЭ-нхээ амыг харж заавраар хөдөлдөг, шинэчлэгдэж чаддаггүй. Жишээ нь МҮЭ чинь анх социализмын үед МАХН-н үзэл суртлын зэвсэг, ажил хийж буй хүмүүсийг өөрөөрөө дамжуулж гардаг бааз л байлаа шүү дээ. Одоо ч адил МАН-ы дуулгавартай зарц. Дээрээс нь социализмын үед бүтээн босгосон бидний өвөө, эмээ, аав, ээж бүх л хүмүүсийн татвараар босгож ирсэн маш их хөрөнгөтэй байсан. Өнөөдөр бүх хөрөнгийг талаар нэг цацаад, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байгаа газрыг дрожоор сольчихдог. Орон сууц баригдах боломжтой маш том талбайтай газрыг хоёрхон өрөө байраар солиод нөгөөхийг нь дарга нар нь хуваагаад идчихдэг. Жилийн жилд ЗГ-аас хэдэн зуун саяар нь мөнгө авдаг. Ийм л газар. Оддоо тэр ҮЭСТО гэхэд дандаа түрээсийн байгууллага байдаг. Тэнд өдөр бүр тоглолт болж байдаг. Тэнд түрээсийн үйл ажиллагаа явагддаг мөнгөний амтанд орсон нөхдүүд байгаа байхгүй юу!
Танай хамгийн амжилттай ажиллаж байгаа салбар хороодоо нэрлэвэл ямар газрууд байна бэ?
Шинэ байгууллага гэдэг утгаараа байгуулагдахад бичиг баримт цэгцлэх, захиргааны дарамтад орох гээд асар олон асуудал байгаа. Гэхдээ манай холбоо албан ёсны 3 аймагт салбар хороогоо байгуулчихсан. За Дундговь аймаг маш сайн ажиллаж байна. Манай О.Эрдэнэтөгс гээд салбарын дарга байгаа. Дархан Уул, Орхон аймаг бас сайн ажиллаж байна. Дээрээс нь нийслэлийн 16, 6, 47, 104-р сургууль гэх мэт сургуулиуд нэгдсэн байгаа. Эд нар маань тухайн сургуулиуд дээр гишүүдийнхээ ажлын таатай нөхцөлийг бий болгох, эрхийг нь хамгаалах, цалинг нь бүтэн олгуулах, эрх нь хохирсон гишүүдийнхээ эрхийг хамгаалж бүх талаар жигд ажилладаг болсон. Энэ хугацаанд гишүүдээс танай хороо муу ажиллаж байна гэсэн гомдол нэг ч удаа ирж үзээгүй байна. Энэ нь тэдний маань ажлын үзүүлэлт ямар байгааг харуулж байна гэж бодож байгаа.
ҮЭХ-н байгууллагын хамгийн хүндрэлтэй зүйл нь удирдлага, ажил олгогчоос ирж байгаа дарамт байдаг шүү дээ танай дээр ийм зүйл анзаарагдаж байна уу?
Энэ бол ярих ёстой асуудал. Маш хүндрэлтэй байдаг. Ажил олгогч нар хуулийн дагуу ажиллаж чаддаггүй, дандаа ажлын байрны дарамт үзүүлдэг. Ийм асуудал одоо ч байгаа цаашдаа ч байх юм шиг байна. Гэхдээ энд аль болох хуулийн дагуу тэмцэл өрнүүлэх, хамтын гэрээгээр шийдвэрлэх, яриа хэлэлцээрт орох, ялангуяа холбооныхоо төвшинд бол боловсролын салбарын улс төржилт, удирдлагуудын халаа сэлгээ, мэргэжлийн удирдлагаар хангуулах зэргээр маш идэвхтэй ажиллаж байна. Бүх төвшинд Их дээд сургууль, ЕБС-н захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нарын маш олон нотой, будлиантай асуудлуудыг шат шатны байгууллагуудад нь өгөөд шийдүүлээд явж байгаа. Авилгал авсан захирал, ажлын байрны дарамтад оруулж байгаа гишүүдээ хохироож байгааг зохихбайгууллагуудад уламжилж, хамтарсан шалгалт явуулж эхнээсээ шийдүүлээд явж байна.
Боловсролын салбарын менежмент өөрөө алдагдсан юм шиг санагддаг энэ тараар та ямар бодолтой явдаг бэ?
Энэ асуудлын хүрээнд олон асуудлыг өргөн хүрээнд ярих хэрэгтэй болно. Хамгийн сүүлийн жижигхэн жишээ л гэхэд корона вирус гарсантай холбоотой хөл хорио тогтоож сургалтын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Яамнаас чиглэл гаргахдаа хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийн дагуу ажлаа гүйцэтгэ гэсэн тушаал гарсан. Харин сайд маань ТВ-ээр гарахдаа попорч зүгээр амраа цалинг олгоно гэсэн гэтэл яг тийм тушаал хаана ч байхгүй цаасан дээр буулгаж өгөөгүй байсан. Энэ бол зүгээр нэг жишээ. Гэтэл яг ажиллаж буй сургууль цэцэрлэгийн удирдлагууд хуулиа л барьж байгаа. Цаасан дээр бичигдсэн тамгатай тушаалаа барьж байгаа. Харин менежмент сайтай зарим удирдлагуудажлаа хаанаас, ямар үр дүнгээр тооцуулах юм. Хүүхдүүдтэйгээ цахимаар, эцэг эхтэй холбогдоод хэрхэн гэрийн даалгаврыг тооцож байгаа гэдгийг удирдлагууддаа гаргаж өгөхөд тооцож байсан. Зарим удирдлагууд яг тушаалын дагуу ажлын 8 цаг, хурал зөвлөгөөн, сургалт зохион байгуулж байсан. Аль болох хүмүүсийн дархлааг дэмжих, амраах, стрессдүүлэхгүй байх, тусгаарлах гэх зүйл байхгүй нэг ангид 60,70 багшийг хорих нь зөвхөн корона вирус гэлтгүй томуу томуу төст өвчний дэгдэлт асар их байгаа энэ үед зохимжгүй юм. Бага насны хүүхэдтэй багшийн хүүхэд цэцэрлэггүй учир гэртээ цоожилж орхиод явж байсан. Ар гэрт хүүхдэд ямар эрсдэл үүсэх вэ? Багш нар өөрсдөө ихэнх нь ханиадтай дархлаагаа дэмжиж чадахгүй гүйцэд эдгээхгүй гээд өнгөрсөн хугацаанд олон асуудал байлаа.
Мэдээж ҮЭ-н хувьд багшлах эрх яригдаж байна. Цалин хөлсний хувьд тодорхой хувиар нэмэгдээд үр дүнд хүрсэн. Гэхдээ цаашид энэ чиглэлээр ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна бэ?
Цалин бол яах вэ чамлахаар чанга атга. Тодорхой хэмжээнд 500 мянган төгрөг авч байсан багш нар минь 700 мянга, цэцэрлэгийн багш нар арай илүү авч байна. Гэхдээ бидний нэгэн зорилго бол энэ салбарын багш ажилчдын дундаж цалин ядаж улсын дундаж цалинтай адилхан байх ёстой гэж үзэж байгаа юм. Нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалингийн дундажтай багш нарын минь цалингийн дундаж адилхан байж энэ салбарт чадалтай, чансаатай багш нарын өрсөлдөөн бий болно. Энэ утгаараа хүүхдүүдэд очих сургалтын чанар сайжирна. Цалин бол жилийн жил инфляцтай уялдуулан нэмэгдэнэ гэж байгаа. Гэхдээ бодит өсөлт биш болчхож байгаа юм. Тэгэхээр бид урьдын адил буцахгүй, няцахгүй ажиллах болно. Ингэхийн тулд илүү олуулаа болох хэрэгтэй.
Багш нарын дунд тулгамдаж байгаа нэг асуудал бол орон сууцны асуудал байдаг тодорхой судалгаа хийсэн зүйл байна уу?
Нийт багш нарынхаа дунд судалгаа аваад үзэхэд 90 гаруй хувь нь өөрийн гэсэн тохилог орон сууцгүй. Ялангуяа нийслэлд айлын хашаанд, түрээсийн орон сууц, айлын хажуу өрөөнд, хашаанд, хамаатан садныдаа амьдарч байна. Ипотекийн зээл авах боломж нь маш бага. Нөгөө цалингийн тодорхойлолт нь хүрдэггүй, зээлийн урьдчилгааны хуримтлал бий болгож чаддаггүй. Судалгаа аваад үзэхээр бараг 100 хувь цалингийн зээлтэй. Улирлын сизоноосоо хамаарч зээлээ сунгадаг. Цалин орлоо 70 хувийг нь зээлэнд нь банк авчихдаг. Үлдсэн жаахнаараа амьдардаг ахин өр тавьдаг. Нэмж хэлэхэд манай багш нарын дунд өрх толгойлсон эмэгтэй багш нар олон байдаг. Ингэж л өрнөөс өрний хооронд амьдарч байгаа багш нарт тохилог оронсууц хэрэгтэй байна.
Боловсролын салбарын бас нэг тулгамдаж байгаа асуудал бол жендерийн тэнцвэртэй байдал алдагдсан байдал юм. Гол шалтгаан нь юу байдаг бэ?
Өрхийн тэргүүн эрчүүд маань багш хийх ямар ч боломжгүй болсон. Гэр бүлээ тэжээн тэтгэж чадахгүй болохоор тэр шүү дээ. Багш нарын дунд 10 хүрэхгүй хувь нь эрэгтэй багш нар байна. Энэ нь өөрөө хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Эрэгтэй хүүхэд эрэгтэй багшаасаа үлгэр дуурайлал авдаг, охидууд маань хүйсийн онцлогоос болж эрэгтэй багшаас мөн үлгэр авч хүндлэх, хүндлүүлэхэд суралцаж байдаг. Гэртээ Солонгос драм, сургууль дээрээ эмэгтэй багш өдөр тутмын энэ цикл нь эрэгтэй хүүхдийн хандлагад нь хүртэл нөлөөлж байна. Ингээд эрэгтэй багш нарын тоог нэмэх хэрэгтэй ч өрх толгойлж явах эрчүүдийн маань цалин ийм бага байхад ам бүлээ яаж тэжээнэ гэж энэ ажлыг хийх бэ л гэдэг асуудал байна.
Багш нар өдөрт 12-18 цаг ажиллаж байна. Багшийн ажлын цагийг хөнгөвчлөх, илүү зөв менежментэд оруулах талаар ямар боломжуудыг харж байна вэ?
Тийм ээ. ЕБС-н багш гэхэд доод тал нь 19 цагийн хичээл 7 хоногт зааж байж орон тоо нь баталгааждаг. Түүнээс илүү цаг нь илүү цагаа бодогдож явдаг. 1 Цагийн 40 минутын хичээлийг бэлтгэх гэж багшаас ямар их энерги гарч байна гээч төлөвлөнө, бэлдэнэ, хэвлэнэ, хувилна дараа нь нэгтгэнэ, дүгнэн гээд 7 хоногийн 40 цагаар тооцуулдаг. Тэгэхээр 19 цагийг ядаж 5 цагаар үржүүлэхээр 90 бараг 100 цаг болж байгаа биз? үнэхээр асар өндөр ачаалалтай ажилладаг. Дэвтрээ гэртээ чирч ирээд засдаг, бичдэг нөхөр хүүхдэдээ зориулах цагийг хичээл төлөвлөлт гээд ажилдаа зориулаад байхаар гэр бүлийн уур амьсгал хүртэл хэцүү байдалд ордог. Иймд багшийн 19 цагийг тодорхой төвшинд бууруулах ёстой. Магадгүй 12-13-н цаг болгож багасгах ч юм уу яг энэ 40 цагт багтахаар болгож 19 цагийг багасгах боломжтой. Ийм стандартруу оруулж ирэхгүй бол багшийн ажлын ачаалал их байна. Дээрээс нь нөгөө л нэг цагт оногдож байгаа хөдөлмөрийн хөлс нь маш бага.
Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд байгаа юу?
Олон улсын байгууллагуудад хандаж байна. Харамсалтай нь таатай үр дүн үзүүлэхгүй байна. Яагаад гэхээр МҮЭХ олон улсын ҮЭ-н гишүүн. Олон жил ингэж явж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага ЗГ-тай тохироод МҮЭХ-нд татвараа өгдөг, яамдууд мөн адил байгаа. Жишээ нь Боловсролын яам "Монголын ахмад багш нарын холбоо" гэдэг байгууллагыг жилд 20 сая төгрөгөөр санхүүжүүлдэг. Харамсалтай нь Нийгмийн хамгааллын яам нь "Ахмадын холбоо"-нд сар бүр 12 сая төгрөг өгдөг. Төсвийн мөнгөөр санхүүжүүлээд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилдаг, лоббигоо хийдэг, чимээгүй болгодог.
Сарын урсгал зардалд нь тэгж өгч байгаа юм уу?
Тийм ээ. Эмэгтэйчүүдийн холбоо жилд хэдэн зуун саяыг авдаг. Эмэгтэйчүүдийн төлөө яг юу хийсэн бэ? Монголын ахмад багш нарын холбоо гэж байгаа. Ахмад багш нарт маш олон зовлон байна шүү дээ. Тэтгэвэр бага, орон сууцны асуудал түрээс байхгүй, тэтгэврийн зээл гээд дуугардаггүй хэрэн төрөөс мөнгө аваад л суугаад байдаг.
Танайх бас ямар нэг нам эвсэл, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна уу?
Нийгэмд тэмцэл өрнүүлдэг, шударга ёсны дуу хоолой болж явдаг төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч ажилладаг. Жишээ нь: машинтай жагсаал, ЖДҮ-н бид уучлахгүй, хохирогчдын холбоо гэх мэт ТББ-тай, мөн ЕБ-н дунд сургуулийн багш нарын холбоо, СӨБ-н хөгжлийн төвтэй хамтарч ажиллаж байна. Дээрээс нэмээд хэлэхэд нийгэмд дуу хоолойгоо хүргэх гэдэг утгаараа, төрийн бодлогод нөлөөлүүлэх гэж улс төрийн зарим намтай хамтарч ажилладаг. Хамтарч ажиллалаа гээд тэдний дуулгавартай зарц болж байгаа хэрэг биш. Зүгээр уулзаж ярилцах, бодлогоо ойлгуулах, асуудлаа мэдрүүлэх, цааш нь нийгэмд илүү хүргүүлэх зорилгоор хамтарч ажиллаж байгаа. Улс төрийн намууд гэвэл "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” нам, "Үнэн ба Зөв” нам гэх мэт.
Танай холбоонд элсээгүй байгаа багш нар ямар шалтгаанаар нэгдэхгүй байна бэ? Тэдэнд мэдээлэл хүрэхгүй байна уу? Та бүхэн юу гэж бодож байна вэ?
Маш олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь цаг хугацааны асуудал л байдаг юм. Магадгүй бид 5 жилийн дараа яг 50 хувиа нэгтгэсэн мэргэжлийн, асуудлыг шийдэж чаддаг нийгэмд дуу хоолой болсон ҮЭХ болноо л гэж харж байна. Таны хэлснээр мэдээлэл хүрч чадахгүй байна. Ам дамжсан сургаар л ойлгодог. Манайх мэдээллийг нээлттэй хүргүүлэхийн тулд сошиал их ашигладаг, мөн орон нутгаар явж ажиллаж байна. Дараагийн шалтгаан бол дарамтаас айдаг. Үнэхээр МБҮЭХ-нд нэгдчихвэл дарга, захирал биднийгээ авч хаяна, жагсаал цуглаан хийгээд унана үүнээс л хол байлгах юмсан гэсэн удирдлагуудын дарамт байна. За МҮЭХ-н хар пи ар. Бүх сургууль цэцэрлэгт байгаа салбараар дамжуулан хар пи ар хийдэг. Хуулийн дагуу байгуулагдсан ийм байгууллагыг үгүйсгэдэг. Бид хэлж байгаа үнэхээр хууль бус байсан бол аль хэдийн шоронд явчихсан, Энэ засгийн газар чинь өөрсдийгөө шүүмжлүүлээд, тонгочуулаад, шаардаж шахуулаад явуулахгүй шүү дээ. Аль хэдийнэ татан буугдчихсан байгаа. Бид албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээгээ авчихсан хуулийн дагуу ажиллаж байгаа минь үнэн. Бүх хороодууд мань хамтын гэрээгээ байгуулчихсан явж байгаа.
Багш нар танай МБҮЭХ-нд нэгдсэнээр ямар давуу тал байна вэ? Мэргэжлийн холбоодууд гишүүдээ чадваржуулах маш олон арга хэмжээ зохион байгуулдаг шүү дээ! Энэ талаар танай холбооны байр суурь ямар байна вэ?
Бид ХАМТААРАА л эрх ашгаа хамгаалъя гэж байгаа. Яг шударга зарчмынхаа дагуу бодитой тэмцэл хөдөлгөөний үр дүнд бий болсон ямар нэг улс төрийн нам, төр засгаас албадаж байгуулаагүй сайн дурын үндсэн дээр олон улсын ҮЭХ-н жишгээр явж байгаа. Хараат бус байгууллага. МБҮЭХ гэсэн малгайн дор нэгдсэнээрээ бидний яриад байгаа цалин хөлс, орон сууц, нийгмийн баталгаа, эрүүл мэнд гээд маш олон асуудлыг хамтын хүчээр шийдэх боломжтой. Хүчтэй дуу хоолой хүргэж, хүчтэй тэмцэл өрнүүлж байж л одоо энэ муухай бугшсан дарамтаас ангижирна. Тэгээд өөрсдийн ажиллаж байгаа салбар, ажлын байраа шударга ёстой болгож чадна аа л гэж харж байгаа.
Шинэхэн төгсөж ирсэн багш 1 сая төгрөг өгч байж ажилд ордог жишиг тогтсон гэж ярих юм. Багш болох алхам тэнд байгаа, тэнд очоод гацаж байна гэж миний хувьд харддаг энэ талаар таны бодол ямар байдаг бэ?
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахад мөнгө өгдөг. Энийг тухайн эцэг эх, тухайн багш өөрөө л илрүүлж өгөх үүрэгтэй. Шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бид илрүүлсэн авилгыг шийддэг байгууллага биш. Гэхдээ бид үнэн бодит тэр баримтыг нийгэмд гаргаж өгдөг. Харамсалтай нь авилгатай тэмцэх газарт олон захирлыг шалгуулахаар өгдөг. Шийдэгдэхдээ их хачирхалтай шийдэгддэг. Жишээ нь нэг захирал /нэрийг нь дурдаад яахав. / 8 сая төгрөг хүүхдийнхээ дансруу шилжүүлээд авчихсан байдаг. Гэтэл нөгөөдөх маань улсад их хэмжээний хохирол учруулаагүй гээд шалгадаггүй. Үүний араас бид прокурорыг нь шаардаад, авилгатай тэмцэх газрын байцаагчтай муудалцаад л явж байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар буруу зөвийг тогтоож хохирлыг барагдуулах л ёстой. Харамсалтай нь манай хууль хүчний байгууллагууд худалдагдчихсан мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг нь илт болсон байна. Тэгээд ажилд ороход 1 сая бага болсон, хотын төвийн сургуулиудад 2-3 сая, хүүхэд сургуульдаа оруулахын тулд хотын төвийн сургууль 5,10 сая төгрөг авдаг сургууль байна. Энийг нийгэм өөрөө зогсоож өгөхгүй байх хэрэгтэй. Бүх хүн л энэ шударга бус байдалтай тэмцэж илчилж байх хэрэгтэй.
Энэ авилгад магадгүй багш нар холбоотой байх магадлал байгаа юу?
Үгүйсгэхгүй. Гэхдээ ингээд хэлчхээр Мөнхбаатар багш нараа муулаад эхэллээ гэж ярина. Гол нь хүүхэд оруулсан, ажилд оруулсан тушаалыг захирал, менежер гаргадаг. Эцэг эхчүүд багш нарт хонхны баяраар ч юм уу багш нарын баяраар набор чихэр авчраад өгдөг авилгал болдог. Авч болохгүй шүү дээ гэсэн хир нь ээ. Шүүгч нарыг 6 сарын цалингаасаа илүү хэмжээний бэлэг дурсгал авахыг л зөвшөөрдөггүй хориглодог. Энэ нь дор хаяж 18 сая төгрөг шүү дээ. Их ялгаатай байгаа биз гэхдээ би багш нарыгаа заавал бэлэг авах ёстой гэж хэлээгүй шүү, зүгээр л ялгааг нь тодотгох гэсэн юм. Багш хүний жаргал бол өдөр тутамдаа шавь нартайгаа бужигнаж байх л байдаг юм ямар ч багш үүнийг үгүйсгэхгүй.Монголчуудын багшийн хүндлэх, дээдлэх арга ухаан нь их онцлогтой хүүхдээ эрдэм ном, бичиг үсэгтэй болгохын тулд эдийн дээд хадгаа барьж багш дээрээ очдог. Багшдаа мал зүсэлж өгдөг ч гэдэг юм уу.
Ерөнхийдөө миний 3 чиглэлээр асууя гэсэн зүйлс ингээд боллоо. Гишүүнчлэл ямар байгаа ямар ямар багууд ажиллаж байгаа болон алсын харааны талаар мэдээлэл авлаа. Таны хувьд нэмж хэлэх өөр зүйл байна уу?
Төгсгөлд нь хэлэхэд нийгэм даяараа тэмцэж байна. Гэвч үнэн худал нь мэдэгдэхээ байсан зүйл байна. Бид аврал, тусламж хүссэн бүх багш нартаа туслахыг л хүсдэг. Тэгэхээр төр засаг, боловсролын яам ч мөн бодлогын төвшинд багш нарынхаа нийгмийн асуудлыг анхаарах ёстой. Улс орон оршин тогтнохын үндэс нь ИРГЭН. Монгол улсын иргэдийг ирээдүйд юу хөтөлж явах вэ гэхээр өв тэгш хүмүүжилтэй, эрдэм боловсролтой Монгол хүн л авч явна. Энэ-ний төлөө л нойр хоолгүй ажилладаг багш нараа дэмждэг, урамшуулдаг, анхаардаг байх ёстой. Үнэхээр бодлогынхоо төвд авчирч ажиллах ёстой. Ийм нэг гоё үг байдаг: Байгуулаагүй төрд баатар эрс хэрэгтэй. Байгуулсан төрд багшлах мэргэд хэрэгтэй гэж. Монголын уламжлал бол багшийг 3 эрдэнэ адил дээдэлдэг иймээс нийгэм, эцэг эхчүүд сурагчид багшаа хүндэлдэг байх хэрэгтэй байна. Хүндэлж байж багш нараасаа эрдэм мэдлэгийг харамгүй авна тэгээд хүн бүр багш эрдэнээ хайрлаач ээ Монголынхоо ирээдүйг авраач, боловсролын салбараа зөв замд нь гаргаач ээ гэж л хүсэх байна даа.
