|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБА САЛБАРТАА ТҮРҮҮЛЖ АЛХСААР БАЙНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБА САЛБАРТАА ТҮРҮҮЛЖ АЛХСААР БАЙНАДундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн танай байгууллагын хамт олонд 2019 оны ажлаараа салбартаа тэргүүлсэн баяр хүргэе. Байгууллагын үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч нь юу байдаг бэ?

Төрийн алба ч төдийгүй хувийн байгууллагын ажлын үр дүнд бол  хамт олны уур амьсгал, ажлыг хийе гэсэн сэтгэл хоёр их чухал гэж би боддог . Манай хамт олны уур амьсгал, хийж бүтээе гэсэн сэтгэл байлаа. Манай байгууллага улсдаа тэргүүлээд зогсохгүй Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа маань шалгарсан байгаа. Өнгөрсөн жилүүдэд ч манай байгууллага дээгүүр байр эзэлсээр ирсэн. 

Өнгөрсөн 2019 онд иргэдийн анхаарлыг татсан ажил бол газар чөлөөлөлтийн ажлууд байлаа. Энэ хир өргөн хүрээнд зохион байгуулагдсан бэ?

2003 онд газрын албан байгуулагдсанаас хойш энэ ажил хийгдээгүй юм билээ. Бид 2015 оноос хойш судалгаа хийж төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд 2019 онд Сайнцагаан сумын 7-р багийн 21 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Нэг талдаа газраа чөлөөлж байгаа иргэдэд хүндрэлтэй мэт боловч олон иргэдийн сайшаалыг хүлсэн ажил болсон. Тиймээс энэ онд үргэлжлүүлээд хашаа арга хэмжээг Сайнцагаан суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Сумдын хилийн заагийн тогтоох ажлыг зохион байгуулсан энэ талаар яриач ...

Сумд, багууд малчдын хооронд байнгын маргаан дагуулдаг нэг зүйл бол сум багийн хийлийн заагийг тогтоох ажил байсан 1977 оны Ардын депутатуудын хурлаар тогтоосон хийлийн цэсийн зураг бол тэр уулын оройгоос энэ уулын орой гэхчлэн тоймлон заасан байдаг. Хоёр малчин энэ манай багийн нутаг гээд маргалдахад бид нар очоод ямар нэг шийдвэр гаргаж чаддаггүй байсан энэ асуудлыг бүрэн шийдсэн.

Газар усны нэршлийн судалгаа хийгдсэн тухайн ажлыг зохион байгуулах үндэслэл нь юу байсан бэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2018 онд гарсан тогтоолоор энэхүү ажил хийгдсэн. Өмнө нь 1976-1882 онд газар усны нэршлийг тогтоох ажлын хэсэг гарч өргөн хүрээнд ажилласан. Гол үндэслэл нь сүүлийн үед нутаг орны нэршил маш их өөрчлөгдсөн. Жишээ нь Мови толгой, скайтел толгой гэх мэт бас нэг зүйл нь Баян-Өлгий аймгийн хувьд Алтай таван богд гэх уулыг Сэрк таван толгой гэхчлэн нэрлэж байгаа нь Үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Хаягжуулалтын тухайн хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм.  Газрын харилцаа геодези зураг зүйн газар, аймгийн Засаг Даргатай байгуулсан гэрээний хүрээнд улсдаа хамгийн анх Сайнцагаан, Луус сумдад энэхүү ажлыг хийгээд байна. Үлдсэн 13 сумдыг энэ ондоо багтаан хамруулан ажиллахаар төлөвлөж байна.


ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБА САЛБАРТАА ТҮРҮҮЛЖ АЛХСААР БАЙНА

  

 

Бэлчээрийн үнэлгээг хийлээ гэсэн байсан. Энэ арга хэмжээ хэдийн хугацааны давтамжтай хийгдэж байна бэ?

За аймгууд бол жил болгон хийдэггүй. Гэхдээ манай аймгийн хувьд жил бүр хийж хэвшээд байна. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуйгаас өөрийн хэрэгцээндээ энэ төрлийн судалгааг хийдэг байх. Энэ судалгааны гол үр дүн нь аймгийн газрын гадаргын өөрчлөлтийн үнэлгээг гаргадаг байгаа. Хаана хаана байгалийн үндсэн төрхөөрөө алдсан зэрэг нь тодохой гардаг байгаа. Тэгэхээр малчид сум орон нутаг энэ судалгааг аваад бүрэн ашиглах боломжтой  судалгааны үр дүнг манай байгууллагын сайтад байрлуулсан байдаг.

Аймгийн хэмжээнд хаягажилтыг шинэчлэх ажил хийгдсэн байгаа энэ ажил маань ямар шатандаа явагдаж байна.

Дундговь аймгийн газрын алба салбартаа түрүүлж алхаж байна. Энэ ажил бол 100 хувь хийгдсэн байгаа харин бусад аймаг, нийслэлийн дүүргүүд хийгдэж дуусаагүй. Бичиг баримтын шинэчлэл яагаад хийгдэхгүй байна аа гэхээр нэгдүгээрт дээрх газруудын хаягжилтын асуудал хүлээгдэж байна. Хоёр дугаарт сонгуультай холбогдуулаад хуучин хаягаар явуулъя, сонгууль өнгөрөөгөөд улсаас нэгдсэн бодлогоор бичиг баримтыг сольж эхэлнэ гэсэн чиглэл өгөөд байгаа.

Барилгын материалын лаборатори нээгдсэн байгаа энэ лабораторийг орон нутаг 100 ашиглаж чадах уу ? бас хэрэгцээ шаардлага нь юу байв нэлээдгүй өндөр өртгөөр байгуулагдсан байгаа...

За социализмын үед Барилга трест гэж байснаас хойш энэ лаборатори Дундговьд  байгаагүй сая 2019 оны 10 сард анх удаа нээсэн. Уг лабораторид 40 гаруй төрлийн барилгын материалын шинжилгээг хийнэ. Орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон барилга баригдаж, бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Тэгвэл энэ ажлыг хэрхэн чанартай материалаар сайн хийлгэх бэ гэдэг асуудал байгаа. Энэ мөнгө чинь ард иргэдийн төлсөн татвараас гарч байгаа л мөнгө шүү дээ. За бид нар хотоос ирсэн хөөсөн хавтан, цементийг нүдээрээ хараад чанарыг нь үнэлж мэдэхгүй тэгэхээр хотруу шинжилгээнд явуулахад нөгөө барилга барих үйл ажиллагаа дор хаяж 14 хоног саатдаг. Барилга барих цикл маань өөрөө 3,4 сар л байдаг. Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагадаа ч нөгөө гүйцэтгүүлж байгаа байгууллагадаа ч тэр маш их хүндрэлтэй байдаг. Энэ бүх ажлуудыг шийдсэн байгаа.

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБА САЛБАРТАА ТҮРҮҮЛЖ АЛХСААР БАЙНА

 

Улсын төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудад бүгдэд нь шинжилгээ хийгдэж байгаа юу

Хийх ёстой хийгдэж байна. Захаасаа тоосгонд хүртэл шинжилгээ хийж байна. Манай байгууллагаас шинжилгээнийхээ хариуг гаргаад л энэ тоосго, хөөс чанарын үзүүлэлтдээ хүрэхгүй байна. Стандартад нийцсэн материалаар хий гэсэн шаардлага тавьж байна. Дээр нь хувийн хэвшлийнхэн иргэдэд орон сууц барьж байна. Дулаан алдагдалтай байна, тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гээд гомдол гардаг. Эцсийн дүндээ иргэд хохироод үлддэг. Энийг бид нар бүр газар дээр нь таслан зогсооно. Ирэх 4 сараас бүх хувийн хэвшлийн тоног төхөөрөмж, барилгын материалын шинжилгээг толгой дараалан хийнэ. Энэ нь орон нутгийн төсөвт лабораторийн шинжилгээний мөнгө орно. Цаана нь иргэдийн энэ мэт хохирол амсахаас сэргийлнэ л гэсэн үг.   

Өнгөрсөн онд Засгийн газраас иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулаад төрийн маш олон төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн энэ ажил танай байгууллагын хувьд хэрхэн өрнөсөн бэ?

Манай салбар Бүтээн байгуулалт, иргэн төвтэй ухаалаг газрын харилцааны нэрэмжит жил болгон зарласан энэ хүрээнд байгууллагын коридорт 55 инчийн төрийн үйлчилгээ үзүүлэх ухаалаг дэлгэцийг байршуулсан. Иргэд ухаалаг дэлгэцээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл, газрын биржийн цахим мэдээллийн сангаас газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, үнийн мэдээ, түрээс, худалдааны мэдээлэл болон цахим мэдээллийн сангаас өөрийн газрын мэдээллийг харах зэрэг зүйлүүдийг оруулсан. Бас хамгийн гол нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харах, төслийн шатны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, Газрын хянан баталгаа, Мониторингийн сүлжээний мэдээллийг харах боломжууд бүрэн бий болсон.

За үйл ажиллагаагаараа салбартаа тэргүүлсэн гол үзүүлэлт бол "Geonet- Дундговь" аппликэшнийг боловсруулсан явдал байсан энэ аппликэшнийхаа талаар танилцуулаач ?  

"Geonet- Дундговь" аппликэшн салбартаа "Шинэ ажил" номинацад шалгарсан. Энэхүү аппликэшнийг хийх болсон гол зорилго нь  2016 оноос хойш газрын харилцааны салбарт улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгөөр зохион байгуулж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын үр дүнд бий болсон мэдээллийг иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой л анх хөгжүүлж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд бас анхдагч иргэд гар утсандаа аппликэшнийг татаж аваад, ГХБХБГ-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглах боломжтой.  За ямар ямар мэдээллүүд багтсан бэ гэхээр сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн координатжуулалт, хаягийн мэдээллийн сан, аймгийн нийт нутаг дэвсгэрийн хөрсөн болон бусад төрлийн авто замын сүлжээний тоон зураг, 2017, 2018 оны өвөлжөө, хаваржааны доорх газрын судалгаа, хэмжилтийн ажил, өвөлжөө хаваржааны доорх газар эзэмшигчдийн бүртгэлийн мэдээллийн сан, 2017, 2018 онд хийсэн аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газруудын мэдээлэл,  2019 онд аймгийн ИТХ- аар баталсан 15 сумын 68 багийн заагийн  мэдээллийг авах боломжтой. Одоогоор аймгийн Онцгой комисны гишүүд, түргэн тусламж зэрэг газруудын хэрэгцээнд ашиглаж эхлээд байгаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.