|
Видео

Шинэ мэдээ

Хэн хэн төрийн албаа орхив?

Хэн хэн төрийн албаа орхив?

УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. 2012 оны сонгуулиас эхлээд ийм зохицуулалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон. Саяхан баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч ийм зохицуулалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.4-т "Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан. Тодруулбал, дараах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой юм.
30.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
30.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
30.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал
30.4.4.Засгийн газрын байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.
Үүний дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй төрийн албан хаагчид ажлаа өглөө. Харин улс төрийн албан тушаалтнууд бол ажлаа хийсэн чигээрээ сонгуульд нэр дэвшиж болдог. Тодруулбал, дэд сайд болон түүнээс дээш албан тушаал нь улс төрийн албан тушаалд тооцогддог юм. Одоогийн байдлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн хэд хэдэн хүний тухай мэдээлэл байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хавдар судлалын үндэсний төвийн дарга, гавьяат эмч Ж.Чинбүрэн, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, "Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр, МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин нар ажлаа өгчээ.
Ийнхүү тангараг өргөсөн төрийн албан хаагчид хувийн улс төрөө хөөж ажлаа охилоо. Улстөрчид ийм байдаг хойно гайхаад байх зүйл алга. Харин төрийн албанд түр ажилласан тэд хоноцын сэтгэлээр хандаагүй л гэж найдъя. Гэхдээ сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн хүмүүс дунд бусдаасаа ялгаатай нэг хүн бий. Энэ бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга, гавьяат эмч Ж.Чинбүрэн. Төрийн албыг орхиж буй улстөрчдийн өмнөөс хэн ч харамсдаггүй. Харин Ж.Чинбүрэн эмчийн энэ шийдвэр монголчуудад харамсах сэтгэл төрүүлэх шиг боллоо. Монголчуудад аюулын харанга дэлдсэн хорт хавдрын эсрэг тэргүүн эгнээнд нь тулалдаж яваа түүнийг улстөрч болгохыг хэн хүсэхгүй байгаа бололтой. "Уг нь хүн хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд явах зөв гэдгийг гавьяат жүжигчин С.Жавхлангаас харсан. Харин Ж.Чинбүрэн эмч түүний алдаанаас суралцаагүй бололтой” гэх сэтгэгдлээ ч олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр салбарынхаа зовлон бэрхшээлийг хамгийн сайн мэддэг хүн шийдвэр гаргах түвшинд ажиллах нь зөв гэх хүмүүс ч байна.

 http://setguul.mn/index.php?newsid=442&fbclid=IwAR3ly95YB3LFebsrSSMbx0KY8BCXn-xZmGQMmylDo1A_h-PZpATjS3V8XRU


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.