![]() |
METRO хот: Бүсгүйчүүд ээ, хүүхдийн нүдэн дээр тамхи татаж, шүлсээ хаяхаа болино уу
Амралтын өдрөөр кино театр орж, хүүхдүүдийнхээ цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүссэн юм. Мэдээж кино театрын орчин аятайхан, сүүлийн үед гарч байгаа кинонууд ч гайхалтай болж. Сэтгэл ханамж 100 хувь. Харин кино театраас гарахад таагүй орчин угтана. Театрын ойролцоо, бараг булан тохой болгонд тамхи баагуулж зогсох хүмүүс дүүрэн. Хамгийн харамсмаар нь ихэнх нь хүүхнүүд. Саяхан л тамхи татдаг эмэгтэйчүүд түүнийгээ хүмүүсээс, тэр дундаа хүүхдүүдээс нуудаг байсан санагдах юм. Хаашаа л харна тамхи татаж, шүлсээ хаясан эмэгтэйчүүд байсныг нэг л санаж өгдөггүй ээ.
Муу зүйл тархахдаа хурдан юм. Одоо эмэгтэйчүүд эгээ л эрчүүд шиг буланд зогсоод, хараал, ерөөл урсгаж, шүлс, нус цэрээ хаяж, тамхи баагуулсаар. Ирээдүйн иргэнийг тээж төрүүлэх эхчүүд, эмэгтэйчүүд, охид тамхины утаагаар уушгиа утаж байна. Хувь хүний эрх л дээ. Татахаа боль гэж хэлэхэд хэцүү. Эрхээ эдэлж байгаа хүмүүс уушгиа юугаар л утахсанж. Гэхдээ хууль, журмаа дагадаг, ёс зүйтэй, соёлтой байгаач ээ. Ядаж кино театрын хажууд тамхи битгий тат. Тэнд чинь олон залуучууд, хүүхдүүд очиж байгаа. Давхар хордуулаад байна. Дээрээс нь бага насны хүүхдийн нүдэнд тамхи татаж битгий харагдаач ээ, эмэгтэйчүүд ээ.
Хүүхэддээ үлгэр дууриалал үзүүлж, тамхи хортой гэдгийг ойлгуулахын төлөө хичээж яваа олон эцэг, эх бий. Эрчүүд тамхи татахыг хараад хүүхдийн тархинд тийм ч хүчтэй сэтгэгдэл төрөхгүй. Харин эмэгтэй хүн тамхи татаж байгааг харсан хүүхэд "Энэ тамхийг чинь эмэгтэй хүн хүртэл татдаг юм байна. Та яагаад татдаггүй юм" гэж асууж байна. Ийм л хортой нөлөө үзүүлдэг. Тиймээс тамхи татах эрх чөлөөгөө эдлэхдээ хүүхэд, залууст муу үлгэр үзүүлэхгүй байхын төлөө хичээж, соёлтой байгаач ээ, ээжүүд ээ, ирээдүйн эхчүүд ээ.
