|
Видео

Шинэ мэдээ

Охидоо төлөвшүүлье

Охин үрээ хайрлахыг яруу найрагч Б.Энхтуяа уриалан шүлэглэсэн нь эцэг эхчүүд төдийгүй ер хэн хүний зүрх сэтгэлд хүрсэн билээ. Өсч өндийгөөд "хүний газарт” айлын хүн болж очих охид төрсөн гэртээ, аав ээжийнхээ дэргэд дураар байж, өсч торних учиртайг өгүүлснээрээ тэр шүлгийн ач холбогдол их. Гэтэл хайрлан хамгаалж, энхрийлэн өсгөсөн охид маань аав ээжийнхээ нүднээс далд олны дунд, гудамж талбайд биеэ хэрхэн авч явдгийг тэд төсөөлдөг ч үгүй билээ.

Бидний хэн маань ч гудамж, талбай, 00-д тамхи татаад "гангарч” зогсох охид хүүхнүүдтэй олонтаа тааралддаг. Тамхи татдаг хүний хувцас хунар, ам хамраас ямар муухай үнэр үнэртдэгийг та бид мэднэ дээ. Ойр хавьд нь очиход л огиудас хүрч холдохыг боддог. Охин үрээ тамхи татаад муухай үнэр ханхлуулаад явааг харсан эцэг эхэд юу бодогдох бол. Жирэмсэн бүсгүйчүүд хүртэл гудамжинд тамхи татчихсан хээв нэг зогсч харагддаг.

Жирэмсэн бүсгүйчүүд, ирээдүйд эх болох охид тамхи татах нь бүү хэл архидаж, шоуддагаараа эрчүүдтэй өрсөлдөх боллоо. Миний багад манай голд архи уудаг ганц хоёр өвгөн л байсан. Тэд шимийн юмыг шимэх төдий хүртэж, жаргаж явдагсан. Бид багадаа эмэгтэй хүн архи ууж, тамхи татаж явахыг хараагүй өссөн юм. Өнөө цагт охид хүүхнүүд архи ууж, тамхи татаж "тансаглах” болсны балгаар үр хүүхдээ гүйцэд тээж төрүүлж чадахгүй зулбах, өвчтэй хүүхэд төрүүлэх боллоо.

Охид хүүхнүүдээ архи, тамхинд донтдог гажигтай сэтгэлгээнээс ангижруулах хууль гаргасан ч яадаг юм. Охин үрсээ хайрлан хамгаалж, зөв төлөвшүүлэхэд эцэг эх төдийгүй улс нийгмээрээ бодлого боловсруулж, тэмцсэн ч багадах юм шиг санагддаг боллоо.

Н.Бөхдамбий

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.