| |
Тамирчдаа допингоос авраач, Ерөнхийлөгч өө! Ерөнхий сайд аа!
Түрүүлж live хийх буюу "лайвдсан” нь допинг хэрэглээгүй. "Лайвдаагүй” учраас аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн. Ийм ойлголтыг сүүлийн өдрүүдэд төрүүлж амжлаа. Бараг л Э.Оюунболдын гэм буруутай нь батлагдаагүй байтал цолыг нь хураагаад, мөрдэсийг нь хуу татаад, байлж шагнасан бүхнээ хамчих шахав. Уг нь энэ бүхэн дүрэм журамтай.
Допингийн асуудал бол дэлхийн спортын ертөнцийн хөндүүр сэдэв. Наадмын өмнө өөр тэмцээний үед авсан шинжилгээнээс улбаалан харьцангуй эрт олон нийтийн анхаарлын төвд орсон ч "наадмын шинжилгээний хариу ирсэн” гэх мэдээлэлтэй уялдан бөөн хардлагын үерт живүүлж орхив.
Хэдхэн хоногийн өмнө хэрхэн шүтэн бишрэх ухаанаа олохгүй магтаж байсан тэр л "ард түмэн” талцан маргаж уралдан "үзэн ядах” болов. Уг нь энэ хийрхээд байгаа сэдэв буюу допинг гэгч нь дэлхийн хэмжээнд өөрийн дүрэмтэй. Дэлхийн допингийн эсрэг дүрмээр нэр бүхий 10 заалтын аль нэгийг, нэг буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол "Допингийн эсрэг дүрэм зөрчжээ” гэж үздэг аж. Харин миний Монголд энэ арван заалтаас зөвхөн нэгийг нь буюу "Тамирчны дээжээс хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх” гэсэн ганцхан заалтыг чухалчилдаг. Магадгүй, мэддэг ганц заалт нь энэ.
Үүнийг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа "Үндэсний баяр наадмын тухай хуулийн хавсралт болгон мөрдөж буй наадмаар допингийн шинжилгээ авах дүрэм нь дутуу хийгдсэнээс шалтгаалан энэ бүх эх адаггүй хэрүүл маргаан үүсч байна” гэж үзэж байгаа аж. Юуны өмнө "Шинжилгээ авах байр ба баг”-ийг зохион байгуулахдаа алдаа гаргасан гэнэ. Тухайлбал, допингийн шинжилгээ авах үйл явц нь тамирчны буюу хувь хүний эрхтэй холбоотой хуулийн нарийн процедур бөгөөд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хавсралт болох "шинжилгээ авах, мөрдөн шалгах” олон улсын стандартад шинжилгээ авах өрөөг хэрхэн тохижуулах, юу байх ёстой, ёсгүй, хэн нэвтрэх эрхтэйг нарийвчлан зааж өгсөн байдаг юм байна. Гэтэл манай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдал үүнийг хангадаггүй гэнэ. Улсын Гарьд Б.Гончигдамба ярилцлагадаа дурдсанаар бол камер суурилуулж бүр ч ноцтой зөрчил гаргажээ. Зүй нь шинжилгээ авах өрөөнд камер байрлуулах нь бүү хэл шинжилгээ өгөх тамирчнаас гар утсаа унтраахыг шаарддаг байна. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй байранд шинжилгээ авсан нь хамгийн том алдаа гэнэ.
Дараагийн хардлага. Дээж солих боломжтой юу? Энэ бол шинжилгээ авч буй багтай холбоотой асуудал аж. Допингийн шинжилгээ авах багийг хэрхэн бүрдүүлэх тухай олон улсын стандартад заасан байдаг. Өнөөгийн нөхцөл байдалд Баяр наадмын комиссын гишүүн бөгөөд Допингийн шинжилгээ зохион байгуулах хорооны дарга нь биеийн тамир спортын газрын спортын анагаах ухааны албаны дарга байгаа нь "асуудал болоод” байгаа гэнэ.
Хэн допингоор "тэтгэдэг” вэ?
Спортын анагаах ухаан бол тамирчнаа шинжлэх ухааны үндэстэйгээр анагаах ухааны ололтуудыг ашиглан амжилт гаргахад нөлөө үзүүлэх үүрэгтэй. Гэтэл допингийн хяналт бол шударга бус юмыг илрүүлэх зорилготой. Одоогийн энэ бүтцийг зүйрлэвэл нэг гараараа эм тариад нөгөө гараараа шалгаж буйтай агаар нэг. Мэдээж өөрийнхөө тарьсан юмыг илрүүлэхгүй нь тодорхой. Гэвч одоогоор үүнийг ингэсэн гэнэ гэсэн түүнийг тэгсэн гэсэн баримт байхгүй, хардлага төдий. Цуурхал оргүй хоосноос бий болдоггүй гэдэг. Хэрэв үнэхээр тийм юм байгаа бол бөхийн хүрээнийхэн ил гаргаж яагаад болохгүй гэж. Хэрэв огт байхгүй бол хүний нэр төрд халдсан хэрэг л болно. Гэвч өнөөдөр өмнө нь харамсалтайгаар допингийн асуудалд холбогдсон тэр тамирчнаас илэрсэн бодисууд удаа дараа илрээд байгаа нь хэн нэгэн "хар гар” тамирчдад допинг "шахаад” буюу "олж өгөөд” байна гэж ойлгогдохоор байна. "Шахаад” гэвэл хүчээр буюу зөвлөх, ятгах хэлбэрээр хэрэглүүлээд, "олж өгөөд” гэвэл "Би булчингийн массаа нэммээр байна”, "Ядарч цуцахгүй болохын тулд ийм тийм бодис хэрэглэх гэсэн юм, олж өгөөч” гэж хүссэн байж болохоор. Аль нь ч байсан, эсвэл анзааргагүйгээр, хэн ч хүсээгүй байсан ч өнөөдрийг хүртэл допинг илрэхэд "Биед орсон” гэх сүнс сүүдэр шиг эзэн биегүйгээр ярьсаар эдүгээ хариуцлага тооцох эзэн ч үгүй болжээ. Энэ талаар сонин хэвлэлд мэдээлсэн нэр дурдаагүй яриа болон тамирчдын "буу халсан” ярианаас маш ноцтой аюул мэдрэгддэг ч түүнийг тамирчид нь хэзээ ч илчилдэггүй. Олимп хаяанд ирсэн энэ өдрүүдэд Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад энэ гэмт үйлдлийг таслан зогсоох үүрэг өгвөл "маргаашийн нэг өдөр” аминд орно шүү. Наанадаж тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн амжилтаа медалиа цаанадаж тамирчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд энэ үүргийг заавал өгч биелүүлүүлэх шаардлагатай байна.
Монголд үүнийг зохицуулах хууль байхгүй гэж үү. Наад зах нь Эрүүгийн хуулийн Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэсэн 22-р бүлэг, 192-196-р зүйлүүд хамаарч болохоор харагддаг. Энэ зүйл, заалтуудыг Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлд хамааруулж тайлбарлаад байдаг ч допингтой холбоотой шинж чанар олон байна. Тухайлбал объектив талаас харахад Олон улсын гэрээ хэлэлцээр болон Монгол Улсын хууль тогтоомж, журмыг зөрчиж үйлдэгддэгээрээ ижил. Манай улс Допингийн эсрэг тэмцэх Засгийн газар хоорондын Коппегагены тунхаглал, ЮНЕСКО-гийн Допингийн эсрэг тунхаглал гэж Засгийн газрын түвшний хоёр том баримт бичиг бий. Эдгээр нь допингийн эсрэг үйл ажиллагааг тухайн улсдаа идэвхжүүлэх, сурталчлахад санхүү, хөрөнгө, бодлогын болох бусад бүх туслалцааг үзүүлнэ гэсэн ерөнхий агуулгатай. Коппегагены тунхаглалд 2005 онд, тухайн үеийн салбарын сайд Т.Ганди сайдын гарын үсэгтэйгээр Монгол Улс нэгдсэн. Коппегагены тунхаглалд УИХ 2015 онд Монгол Улс ЮНЕСКО-гийн конвенцийг соёрхон батлах тухай хууль батлаад нэгдсэн байдаг. Дээр нь ямар нэг эм бэлдмэлийг хэн нэгэнд хэрэглүүлэх гэж байгаа бол, тухайн тамирчин хэрэглэх гэж байгаа бол лабораторид шинжлүүлж клиникийн туршилт зэрэг олон шат дамжлагаар туршиж Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл домог шиг үргэлжилдэг гэмт үйлдэл гэж байж болох уу.
Тодорхой эх сурвалжаас Д.Загдсүрэн өөрөө эм бэлдмэл бэлтгэж, ялангуяа Допингийн эсрэг үндэсний төвийн даргаар ажиллаж байгаад БСШУС-ын зөвлөхөөр томилогдон ажиллаж буй, гавьяат эмч Ж.Хатанбаатартай хамтран тамирчдад сэргээшийн төрлийн шингэн уулгадаг гэдэг мэдээлэл авсан юм. Тэр тамирчин гэрч мөн боловч "Цаг нь болохоор ил гаргаж ярина” гэсэн. Тэгэхээр нь МҮОХ-нд ч, Допингийн эсрэг төвийн мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлгийн комиссын гишүүн Н.Цогтсайханаас асуулаа. Тэрбээр "Энэ асуудал 2008 оны олимпийн бэлтгэлтэй холбоотой. Тухайн үед хэвлэлээр шуугиан тарьж байсан шүү дээ. Манай Н.Түвшинбаяр аваргыг хагас шигшээд барилдаад ялсны дараа ялагдсан Азербайджаны баг "Монголын бөх Түвшинбаяр "юм” уугаад байна гэсэн дуулиан тарьсан ч шинжилгээгээр илрээгүй учраас тэгсгээд замхарсан. Би тэр үед МҮОХ-ны аппаратын ажилтан байсан учраас илүү нарийн мэдээлэл алга. Юу мэдэж байна вэ гэвэл Бээжингийн олимпт манай тамирчид амжилттай оролцохын тулд эм бэлдмэл гаргасан гэнэ. Гэхдээ "МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хүн бүхний мэддэг "элэгний” Хатанбаатар эмчтэй хамтраад ийм бэлдмэл гаргаж гэнэ” гэсэн яриа байсан. Тухайн бэлдмэлийг бодитоор хараагүй учраас яг ямар найрлагатай шингэн бэ гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан ууж байсан гэхээр шингэн байх, таблетка биш гэж бодож байна. Харин энэ эмийг үйлдвэрлэхээ, тамирчдад хэрэглүүлэхээ Бээжингийн олимп хүргээд зогссон уу, одоо болтол өгөөд байна уу гэдэг нь чухал асуудал. Хэрэв үнэхээр монгол тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэхийн төлөө, яг анагаах ухаан талаасаа ургамлын гаралтай, уламжлалт болон европ анагаах ухааны шинжлэх ухааны ололтуудыг хослуулаад допингийн шинжилгээнд унадаггүй бодис илрүүлж мэргэжлийн баг бүрдүүлээд ажиллавал би буруу гэж бодохгүй байна. Чухам ямар бодис хэрэглэснийг Бээжингийн олимпт оролцсон тамирчид, дасгалжуулагчид л мэдэж байгаа байх. Гэхдээ шигшээ багийн тамирчин шигшээ багаас хангалт эдэлдэг, шууд хамааралтайгаар тэмцээнд оролцох эсэх бүх шат дамжлагаа шийдүүлдэг учраас хардлага тань үндэслэлтэй байж болох талтай. Мөн бас нэг хардлага чинь зөв. Тамирчин бол шууд худалдан авалтад оролцдоггүй.Тэр бодисыг улс нь худалдаж аваад шигшээ багийн тамирчдадаа хангалт болгож өгдөг байсан байхыг үгүйсгэхгүй” гэж хариулсан юм.
Хэрэв ингээд дотроосоо допинг өгөөд байдаг, тэд нар нь допингийн шинжилгээ авч байгаа бол яах вэ? Аюултай завхрал биш гэж үү. Допингоос болж хохирч байсан тамирчид та бүхэн ч гэсэн өөрсдийгөө, ирээдүйгээ, их спортоо бодоод хэн допинг санал болгодог, зардаг, ямар нэг эм, ургамал бие дээр чинь туршдаг эсэхийг ил болгож мэдээлэхийг чин сэтгэлээсээ гуйж байна.
Допингоос ургадаг зардал, унадаг ашиг юу вэ?
Санхүүгийн асуудал бас байна аа, нөхөд өө. Спортыг дэмжих сангийн 2018 оны төсөв нь гурван тэрбум төгрөг батлагдаж нийтдээ санхүүжилт хүссэн 54 төсөл хүлээж авсан. Түүнээс БСШУС-ын сайдын 2018 оны "Спортыг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, зардал батлах тухай А/423 тоот тушаалаар 24 төсөл арга хэмжээнд 2 тэрбум 470 сая 378 мянган төгрөгийн санхүүжилт, сангийн дотоод үйл ажиллагаанд зургаан сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
2017 онд энэ сан нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байхад Допингийн эсрэг үндэсний төвд 200 сая төгрөгийг нь Допингийн эсрэг үндэсний хяналт гэдэг төсөлд өгчихсөн байгаа юм. 2019 онд Их спорт эмэгтэйчүүд академид өндөр зэрэглэлийн эмэгтэй тамирчид, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, допингийн боловсрол олгох, хөгжүүлэхэд 50 сая төгрөг олгожээ. Мөн Биеийн тамир, спортын газарт Олимпийн наадамд оролцох, эрх авах, оноо цуглуулах тэмцээнд оролцох тамирчдад допингийн мэдлэг олгох, допингийн хяналт тавихад 250 сая төгрөгийг тус сангаас олгосон.
Мөн ч үнэтэй сургалт юм. Харин шинжилгээ авах тухайд бол баяр наадмын өмнө допингийн шинжилгээний төсөв гэж баталдаг. Нэг шинжилгээ 250-300 ам.долларын хооронд хэлбэлздэг. Энэ хэлбэлзэл дунд ямар нэг байдлаар төсвөө батлуулчихаад, төсөв нь баяр наадмын комиссоос ч юм уу МҮОХ-ны дансанд орж ирдэг. Шинжилгээгээ аваад сорьцоо БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн байгууллага руу явуулдаг. МҮОХ БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторитой нэг жилд 100 хүртэлх сорьцыг үнэ төлбөргүй шинжлүүлнэ гэсэн гэрээтэй. Үүгээр хэдэн тамирчин үнэгүй шинжлүүлсэнийг хэн ч мэдэхгүй. Допингийн шинжилгээний зардалд зарцуулахаар төсвөөс орж ирсэн мөнгө хаачсаныг МҮОХ гэдэг ТББ ч, түүний бараг "охин компани” мэт харьяа ТББ болон Допингийн эсрэг төв ч ил гаргадаггүй. Аудит, хяналт хийх шаардлагатай. Мөн Спортын эмчээ допингийн хяналтын багт оруулахгүй байж уг багийн бие даасан хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлж өгвөл энэ хардлага буурах боломжтой.
Лабораториос ирсэн шинжилгээний хариу буруу байх, түүнийг нуун дарах боломжгүй. Учир нь Тамирчны дээжийг допингийн хяналтын зорилгоор шинжлэх магадлан итгэмжлэл бүхий лаборатори дэлхийд ердөө 32 бий. Тэд алдаатай ажиллагаа явуулбал эрхээ цуцлуулах хүртэл арга хэмжээ авхуулна. Дүрмийн дагуу хариуг 3 хувь үйлдэх ба манайд, олон улсын холбоонд, дэлхийн допингийн эсрэг агентлагт илгээгддэг. Дэлхий хянаж байхад манайх хариуг засварлах ямар ч боломжгүй. Тэгэхээр 2 асуудалтай хариу ирсэн нь гарцаагүй. Харин хэн бэ?
Энэ удаад түрүүлж мэдээлэл хийсэн бөхийн салбар хороо нь буруу ажиллагаагаа эрт мэдээлснээс шалтгаалж, өөрсдийнхөө хоолойд олс углачихав уу даа. Учир нь дүрмийн дагуу үр дүнг тооцох эрх бүхий субъект манайхаар бол баяр наадмын комисс хариуг зөвхөн асуудалтай хүмүүст мэдэгдэж, Б сорьц задлуулах эрхээ эдлэх боломжоор хангасны дараа нийтэд зарлах ёстой байсан. Гэтэл бүх хүмүүст мэдээлсний улмаас ийм хэцүү байдалд өөрсдийгөө оруулчихлаа. Дэлхийн дүрэм дээр хариуг хэрхэн өгөх ямар агуулга багтаах гэхчлэн нарийвчлан заасан байдаг. Харамсалтай манайх түүнийг мөрддөггүй.
Зарчмын хувьд зөв юмаа буруу хийснээс болоод занганд орчихоод сууж байна. . Одоо хэн ч байсан хор найруулчихлаа гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ. Харамсалтай. Ер нь тэгээд олимпийн аварга болсон хүн хэд хоногийн дараа намайг цэвэр гэж мэдэгдсэн шүү гэж дэлхий даяар мэдэгдэл хийж байхыг харсан уу.
Үндэсний бөхийн холбоо ч яаран мэдэгдэл гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Учир нь наадмын допингийн шинжилгээний хариуг зарлах эрх бүхий газар нь яах аргагүй баяр наадмын комисс. Бас л хардлага дагуулах ажиллагаа. Тэгээд хоёр холбооны аль нь албан ёсных вэ гэдэг нь хүртэл тодорхойгүй.
Цол ба шагнал яах вэ?
Наадмын шинжилгээ авах үйл явц Баяр наадмын тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл цол олгох нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэгддэг.
Дэлхийн допингийн эсрэг дүрмээр асуудал үүссэн тамирчны цол, шагнал, медалийг хурааж, нэрийг нь статистикаас хасах шийтгэл нь хэн нэгний шийдвэрээр бус автоматаар хийгддэг. Дээрээс нь нэмээд цаг хугацааны шийтгэл ногдуулах асуудал яригддаг. Манайхаар бол цол, шагнал нь автоматаар хураагдах ёстой.
Гэтэл энэ хоёр зарчмыг баяр наадмын хуульд "эсвэл” гэдэг үгийн тусламжтайгаар сонголттой болгон оруулж орхисон. Үүний "ачаар” хэнийг яаж шийтгэхээ шийдэх боломжийг эрх мэдэлтнүүдэд олгосон. Манай улс дэлхийн допингийн эсрэг тэмцэх засгийн газар хоорондын конвенцид нэгдэж, ЮНЕСКО-ын тунхаглалыг соёрхон баталсан. Тийм ч учраас энэ дүрэм журмаа дэлхийн стандартад нийцүүлж, Үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болж дагаж мөрдөх шаардлагатай болжээ. Мөн үндэсний бөх спорт мөн үү биш үү гэдгийг тунгаах хэрэгтэй болох нь. Хэрэв мөн бол тамирчны эрүүл мэндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг хангах зорилгоор шинжилгээ заавал авах ёстой. Гэхдээ зөв дүрмээр. Харин баяр цэнгэл юм бол тэр допингийн хяналтаа орхиод ямар ч аргаар хүч чадалтай болсон тэр нь давсаар ялсаар наадмаа хэрүүлгүй нэг мөр дуусгадаг болъё. Ямартай ч хэн сайн гар утастай нь, хурдан түргэн хөдөлгөөнтэй, гавшгай хурц үг хэлтэй нь түрүүлж "лайвдаад” шударгаар барилдсанаа зарлах л хамгийн утгагүй үйлдэл байна. Дахин хэлье, "Тамирчдаа допингоос авраач, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ! ЕРӨНХИЙ САЙД АА!
Нийтлэлч У.Оргилмаа