| |
"Хятад машин шахах гэж хотын дугаарыг хязгаарлаж байна"
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар энэ сараас /2024.11.08/ импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар шинээр олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа юм. Тиймээс иргэдийн төлөөлөл энэ шийдвэр хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
Тэгвэл зарим холбоодын зүгээс эрх ашигтай шийдвэр гаргаж, Хятадад үйлдвэрлэсэн автомашиныг иргэдэд "шахах" гэж байна гэдэг байр суурийг илэрхийллээ.
Энэ талаар БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны тэргүүн А.Алтангэрэл ярихдаа "Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гадаад улсаас автомашин оруулж ирээд иргэдийн боломжид тааруулан, зах зээлийн үнээр худалдан борлуулж байхад төрөөс хязгаарлалт хийх нь буруу. Дээрээс нь маш том ашиг сонирхол энд явж байна. Хятад улсад үйлдвэрлэсэн автомашиныг шинэ гэдэг нэрийн дор шахах гэж байна. Эвдрэл гэмтэл ихтэй, сэлбэг таардаггүй, ховор автомашинуудыг оруулж ирэхийн тулд ийм шийдвэр гаргаж байна. Монголчууд Япон, Өмнөд Солонгос улсын автомашины чанарыг мэддэг, амьдрал ахуйдаа ашигладаг болсон. Хятад машины төмрийн орц найрлага нь хөнгөн, зөөлөн байдаг. Тиймээс Монголын нөхцөлд таарч, тохирохгүй. Үүнийг мэдсээр байж итөрийн байгууллагуудад хятад автомашин нийлүүлж байгаа нь эрх ашигтай л гэж харж байна.
Ард иргэд цоо шинэ автомашин худалдаж аваад, 10 жил тасралтгүй унах боломжгүй. Хамгийн дээд тал нь 5-6 жил л унаад, машинаа сайжруулахыг л боддог.
Манай холбооны зүгээс БНСУ-аас жилд багадаа 300 гаруй автомашиныг оруулж ирдэг. Энэ онд гэхэд холбооны зүгээс 476 автомашин оруулж ирсэн бол 100 орчим машин чингэлэгт түгжигдчихээд байна. Хотын улсын дугаар авах найман шалгуурт сүүлийн 10 жилд үйлдвэрлэсэн машин буюу 2016 оноос хойш гээд хугацаа заахаар үнэ нь нэмэгдэнэ. Энгийн ард иргэд худалдан авч дийлэхгүй. Хятад автомашиныг шинэ гэдгээр нь оруулж ирж, Монголын автомашины зах зээлийг эзлэх гэж байна" гэсэн юм.
Түгжрэлийг сааруулах хүрээнд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг нийслэлээс өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл дэх Авто тээврийн үндэсний төвүүдэд өнгөрсөн өдрүүдэд хилээр орж ирсэн автомашинаа бүртгүүлэх, мөн шинээр дугаар авах үйлчлүүлэгчдийн тоо хэд дахин нэмэгдсэн төдийгүй Улаанбаатарын дугаарын үнэ хаданд гарсан гэж хэлж болно.
Учир нь, Улаанбаатарын серитэй дугаар хамгийн хямд нь 500 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгт хүрсэн. Үүнийг албаныхан “Ченжүүд улсын дугаар худалдан авч, үнэ хөөрөгдөж байна” гэж тайлбарласан.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталж байсан тооноос 50 мянгаар даваад буй. Үүнээс болж, түгжрэл үүсгэн хүндрэл бий болгож байна гэж үзэн, дээрх хатуу шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм.