| |
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"
Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн "COP29" чуулган үргэлжилж байна. Энэ үеэр чуулганыг зохион байгуулагч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Альев "Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг" гэж хэлэв. Мөн тэрбээр барууны орнууд Азербайжаны утааны тухай хуурамч мэдээ гаргаж байна гэж шүүмжлэв. Утааны асуудалд чулуужсан түлшний нөөцтэй улс орнуудыг буруутгах ёсгүй гэж тэр үзэж байна.
"Дэлхийн хийн ялгаруулалтад Азербайжаны эзлэх хувь ердөө 0.1 л байна. Газрын тос, байгалийн хий, салхи, нар, алт, мөнгө, зэс гээд энэ бүхэн бүгдээрээ байгалийн нөөц. Эдгээр нөөцтэй улс орнууд үүнийхээ төлөө буруутгагдах ёсгүй. Мөн эдгээр нөөцийг зах зээлд нийлүүлснийхээ төлөө буруутгагдах ёсгүй. Яагаад гэвэл зах зээлд энэ нөөцүүд хэрэгтэй байна" гэж Альев хэллээ.
Азербайжан улс ирэх 10 жилийн хугацаанд байгалийн хийн үйлдвэрлэлээ 30 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Чулуужсан түлшний хэрэглээг хоёр дахин багасгах нь утгагүй зүйл. Цэвэр эрчим хүчний хувьсгалын үе ирсэн. Аль ч засгийн газар үүнийг зогсоож чадахгүй" гэжээ. Мөн тэрбээр 2024 оныг хүнээс үүдэлтэй гамшигт үзэгдлүүд бүхий цаг уурын сүйрлийн "мастер класс" үе гэж нэрлэв.
Харин Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер 2035 он гэхэд утааг 81 хувиар бууруулахаа зорьж буйгаа мэдээллээ.
Бага хурлыг Азербайжаны Экологи, байгалийн нөөцийн сайд даргалж байна. Тухайн хүн нь Азербайжаны төрийн өмчит газрын тос, байгалийн хийн Сокар компанийг 26 жил даргалсан хүн юм. "COP29"-өөр дамжуулан газрын тос, байгалийн хийн компаниуддаа хөрөнгө оруулалт татах гэж байна гэж Азербайжаныг хардагсад ч гарч ирсэн.