| |
Видео
Шинэ мэдээ
Г.Сүхбат: Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн асуудлыг баяр наадмын комисс хэлэлцэн, шийдвэрээ гаргана
Монголын бөхийн спортынхноос ойр ойрхон илэрч, зарим нь дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргаад байгаа билээ. Азийн наадмын үеэр гавьяат тамирчин П.Орхоноос допинг илэрсэн бол саяхан үндэсний гурван бөх шинжилгээндээ бүдэрсэн тухай мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.СҮХБАТТАЙ ярилцлаа.
-Монгол Улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна. Тэд шинжилгээний хариуг хэрхэн хүлээн авсан бэ?
-Үндэсний их баяр наадмын үеэр шөвгийн 16 бөх, зургаан харваачаас допингийн сорьцын шинжилгээ авч олон улсын баталгаат лабораторид явуулсан. Тэдгээрийн гурваас нь допинг илэрсэн гэсэн мэдээ Допингийн эсрэг үндэсний төвд ирсэн. Гурван хүний нэг нь "В" сорьцын шинжилгээ хийлгэх саналаа өгсөн. Үүний дагуу холбогдох лабораторид саналыг нь хүргүүлээд байна. Үлдсэн хүмүүс нь допинг яагаад хэрэглэх болсон шалтгааныхаа тайлбарыг ирүүлсэн. Тэдний өргөдлийг эмчилгээний эориулалтаар чөлөөлөх комиссынхон авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, тэдний чөлөөлөгдөх үндэслэлийн талаар хэлэлцсэн гэсэн үг. Чөлөөлөгдөх үндэслэл гэдэг нь уралдаан тэмцээн болохоос сарын өмнө хориотой жагсаалтад багтсан зүйл хэрэглэсэн тухайгаа манай төвд мэдэгдэж чөлөөлүүлэхийг хэлдэг. Чөлөөлөх комиссоос "Өнгөрсөн хойно нь эмчилгээ хийлгэснээ мэдэгдсэн учир чөлөөлөх боломжгүй" гэсэн албан бичгийг тэдэнд өгөөд байна. Бид ийм албан бичиг өгснөө Баяр наадмын комиссынхонд мэдэгдсэн. Одоо Баяр наадмын комисс хэлэлцээд энэ асуудлаа шийдэх юм.
-Чөлөөлөгдөх өөр ямар боломж байдаг вэ?
-Ганцхан эмчийн магадлагаагаар чөлөөлж болно. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийлгэх шаардлага гарцаагүй гарсан үед мэргэжлийн эмчийн баталгаажсан нотолгоо байх ёстой. Тэр нотолгоог нь хянаж мэдээлснээр чөлөөлөгдөх боломжтой болдог. Түүнээс биш допингийн шинжилгээ хийлгэсний дараа мэдэгдээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Манай тамирчид яг ийм алдаа гаргаад байна. Хориотой бодисын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргадаг. Түүнийг нь спортын бүх холбоонд хүргүүлдэг. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжсөн үед хориотой бодисын талаарх мэдээллийг хаанаас ч авч болохоор байна. Ер нь хувь хүн эрүүл мэндээ өөр хүнд даатгаад явдаг цаг өнгөрсөн. Өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг цаг ирсэн байна.
-Допинг санаандгүй хэрэглэсэн байх тохиолдол гарах боломжтой юу?
-Санамсаргүй допинг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Гол нь санамсаргүй хэрэглэснээ нотлох ёстой.
-Нэгэнт нэр нь ил болсон бөхчүүдийн нэрийг яагаад албан ёсоор зарлахгүй байгаа юм бэ?
-Баяр наадмын комисс энэ асуудлыг эцэслэн зарлах ёстой. Түүнээс биш бид тэдгээр бөхийн нэрийг дурдах ёсгүй. Тэгээд ч заримынх нь "В" сорьцын шинжилгээний хариу ирээгүй байна. Бид дүрмийн дагуу ажиллаж, хувь хүний нууцыг дэлгэх ёсгүй юм.
-Энэ удаагийнхтай нийлээд сүүлийн үед 10 орчим бөхөөс долинг илэрлээ. Энэ нь тэдний хариуцлагагүйтэй холбоотой юу, эсвэл мэдээлэл өгөөд байхад санаатайгаар допинг хэрэглээд байна уу?
-Допингийн талаарх сургалтыг эрчимтэй явуулж байна. Өнгөрсөн онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрынхантай хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийн хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулсан. Сургалтад үндэсний шигшээ багийнхан, үндэсний бөхийн төлөөллөөс оролцсон. Ер нь допингийн эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь ганцхан манай төвд хамаатай биш. Тамирчин, спорттой холбоотой байгууллага болгонд хамаатай чухал асуудал юм. Манай төвийн вэб хуудсаас энэ талаарх дүрэм журамтай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Бидний зохион байгуулсан цуврал сургалтад оролцсон тамирчид допингийн талаар шинэ мэдээлэл сонсч, өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой болсон. Тамирчны болгоомжгүйгээс болж допинг хэрэглэсэн тохиолдол байгаа байх. Харин тухайн тамирчин санаатай болон санаандгүй байдлаар допинг хэрэглэсэн эсэхийг тамирчдаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй.
-Азийн наадамд оролцсон гавьяат тамирчин П.Орхоноос допинг илэрсэн.Энэ талаар танай төвд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Холбогдох холбоодоос нь тодруулах хэрэгтэй. Олон улсын тэмцээний үед П.Орхоноос допинг илэрсэн учраас манай төвөөр шинжлүүлээгүй.
-Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буйн хувьд дээр дурдсан асуудлаар санал бодлоо хуваалцана уу?
-Өөрөө хэрэглэсэн уу, эсвэл хүн хэрэглүүлсэн үү гэдгийг тухайн тамирчин л мэднэ. Шигшээ багийн тамирчид допингийн сур- галтад хангалттай хамрагдсан учраас П.Орхоныг санаатайгаар допинг хэрэглэх үндэслэлгүй гэж би хувьдаа бодож байна.
-Допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
-Допингийн эсрэг шинжилгээг тэмцээний болон тэмцээний бус үеэр хийдэг. Тамирчдын хүсэл сонирхлын дагуу допингийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн байгууллага бий болсон. Энэ нь биеийн тамир спортод шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд юм. Өөрөөр хэлбэл, тамирчид байгалиас заяасан авьяас чадлаараа өрсөлдөж шилдгээ тодруулдаг зарчимтай. Энэ зарчмын үүднээс допингийн эсрэг байгууллагыг үүсгэн байгуулсан гэж ойлгож болно. Хоёрдугаарт, допинггүй спортыг бий болгосноороо хүн төрөлхтний шигшмэл генийг тээж буй тамирчид, үр удмыг нь допинг хэмээх аюулаас сэргийлсэн. Энэ хоёр зүйлийн үүднээс допингийн эсрэг хөтөлбөрийг дэлхий нийтээрээ хэрэгжүүлж байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага бусийн төвүүдтэй. Манайх Төв Азийн бүсэд хамаардаг. Монголын үндэсний олимпын хороо 1999 оноос энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. 2007 оноос Допингийн эсрэг үндэсний төвийг байгуулж, энэ үүргийг хэрэгжүүлж байна.
-Танай төв үндсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Допингийн хор холбогдлыг спортынхон болон ард түмэнд сурталчлан таниулах, хориотой бодисыг биеийн тамир спортод хэрэглүүлэхгүй байх үүднээс допингийн шинжилгээ хийдэг. Шинжилгээ хийдэг мэргэжилтнүүдийг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар бэлтгэж, мэргэжлийн боловсон хүчинтэй болсон. Энэ хүчээрээ допингийн эсрэг шинжилгээний сорьц авч баталгаажсан олон улсын лабораторид явуулж, ямар хариу гарсныг холбогдох холбоодод нь мэдээлэл хүргэдэг. Допинг илэрсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авах ёстой. Арга хэмжээ авах албан ёсны эрх бүхий байгууллагуудад нь мэдэгдэж, шаарддаг. Жил бүрийн тайлангаа бүсийнхээ төвд тайлагнадаг.
-Допингийн шинжилгээг хэрхэн авдаг вэ. Шаардлагатай хөрөнгө мөнгийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Допингийн шинжилгээг өнгөрсөн онд 200 орчим тамирчинд хийсэн. Учир нь, төрөөс допингийн үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрынхантай хамтарч төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн учраас тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг өргөн хүрээтэй хийсэн. Энэ жилийн хувьд 90 орчим тамирчнаас допингийн шинжилгээ авсан. Монголын допингийн эсрэг үндэсний төвийнхөн зөвхөн монгол тамирчдаас шинжилгээ авдаггүй. Монгол Улсад зохион байгуулж буй олон улсын тэмцээнд оролцсон тамирчдаас мөн шинжилгээ авдаг. Допингийн шинжилгээ хийх төсвийг тухайн тэмцээнийг зохион байгуулж буй хорооноос гаргадаг. Манай төв төрийн бус байгууллага. Төрөөс янз бүрийн мөнгө авдаггүй. Өөрөөр хэлбэл, албан ёсны санхүүжилтгүй төрийн бус байгууллага юм.
-Тамирчин "В" сорьцын шинжилгээг ямар үнэ хөлсөөр хийлгэдэг вэ?
-Дунджаар хагас сая төгрөгөөр нэг удаагийн шинжилгээ хийлгэдэг. Энэ бол зөвхөн шинжилгээний зардал. Үүн дээр шинжилгээг авч, олон улсын баталгаат шуудангаар илгээдэг. Энэ болгонд тамирчнаас мөнгө гардаг юм. Тиймээс нийт тамирчдадаа допинг хэрэглэхэд тухираад байгаа хүмүүсийг илрүүлж бидэнтэй хамтарч ажиллаарай гэж хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин