|
Видео

Шинэ мэдээ

Хөхний хорт хавдар үүсгэдэг шалтгаанууд

Хөхний хорт хавдар үүсгэдэг шалтгаанууд

 

Хөхний хорт хавдар гэж хөхний булчирхайн цоргоны хучуур эдээс гаралтай хорт хавдрыг хэлнэ.

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын гуравдугаарт ордог. Дэлхийд 16 хувь байгаа бол манай улсад 8.6 хувь байна. Монголд шинээр бүртгэгдсэн хөхний хорт хавдар

  • 2021 онд 278,
  • 2022 онд 283 шинэ тохиолдол бүртгэгдэж, зонхилох хавдрын оношлогдсон үе шатаар нь авч үзвэл эрт үедээ 54 хувь, хожуу үедээ 46 хувь оношлогдож, эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын нас баралтаар эхний тавд ордог.  

Нийт хавдрын шалтгаант нас баралтын 5 хувийг эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл ихэвчлэн 45-аас дээш насныханд тохиолддог ч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа. Хөхний хавдрыг эрт оношилбол эмчлэх боломжтой. Хавдар даамжрах буюу илүү томрох, тархах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг.

Хөхний хавдар үүсэх эрсдэл 30-аас доош насныханд маш бага гэж үзэх ба нас ахих тусам эрсдэл нэмэгдэнэ. Эмэгтэйн насжилт арван жилээр нэмэгдэх тутамд хөхний хорт хавдрын эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэж үздэг.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ШАЛТГААНУУД

  • Сарын тэмдэг эрт ирэх /13 наснаас бага/
  • Сарын тэмдэг орой ирэх /16 наснаас дээш/
  • Эрт цэвэрших /40 наснаас доош/
  • Хожуу цэвэрших /55 наснаас дээш/
  • Огт төрөөгүй эсвэл 30 наснаас хойш анхны төрөлт
  • Цөөн төрөх, эсвэл олон төрөх /5-аас дээш/
  • Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх
  • Олон дахин үр хөндүүлэх
  • Хэт илүүдэл жинтэй байх
  • Удамшлын шалтгаант буюу эх болон, эгч эхийн талын төрлүүд хөхний хавдраар өвчилж байсан
  • Химийн гаралтай янз бүрийн хоол хүнс, амьдралын буруу хэв маяг, хорт зуршил, жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргууд нөлөөлдөг.

ШИНЖ ТЭМДЭГ

Хөхний хорт хавдрын эрт шатанд шинж тэмдэг барагтаа илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл ихэвчлэн нэг хөхөнд илэрдэг.

  • Хөхний гүнд эсвэл дөнгөж арьсан дор өвчингүй бэрсүү үүсэх
  • Суганд зангилаа үүсэх
  • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  • Бэрсүүний хэсгийн арьс хонхойх эсвэл арьс жүржийн хальс мэт харагдаж хавдах
  • Хөхөн дээр тууралт үүсэх
  • Хөхний толгой татагдах
  • Хөхний толгойноос цустай ялгадас гарах шинж тэмдэг ажиглагдана.

Эдгээр шинж тэмдэг нь хоргүй хавдрын үед ч мөн илэрч болно. Таны хөхөнд ямар нэг өөрчлөлт илэрвэл цаг алдахгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хөхний хавдрыг эрт эмчлэхгүй цаг алдвал суганы тунгалгийн зангилаанд тархаж, улмаар уушги, элэг, яс зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэх аюултай.

ОНОШИЛГОО

Хөхний хорт хавдар байж магадгүй гэж оношлох тулгуур шинж нь хөхөнд хавдар, бэрсүү тэмтрэгддэг. Энэ үед хөхөө өөрөө тэмтрэх эсвэл эмчийн үзлэг, хөхний рентген зураг, хэт авиан шинжилгээгээр илэрч гарна. Ер нь хөхний хавдрыг жижиг буюу 5 мм хүртэл хэмжээтэй байхад нь оношлох асуудал чухал байдаг. Иймд хөхөө сар бүр өөрөө шалгаж зангилаа, бэрсүү тэмтрэгдвэл яаралтай эмчид үзүүлж оношлуулах нь чухал юм.

Хэрэв таны хөхөнд ямар нэг хэвийн бус зүйл эсвэл бэрсүү үүссэн бол хөхний эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлэгт ихэвчлэн гурaвласан үнэлгээ буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хавдрын маркер, багажийн шинжилгээ, эд эсийн шинжилгээ хийдэг.  Эдийн шинжилгээ нь нарийн зүгээр хөхөнд байх бэрсүүнээс дээж авч, хавдрын эс байгаа эсэхийг шинжлэхийг хэлдэг.

ЭМЧИЛГЭЭ

Хавдрын хэмжээ, биеийн бусад хэсэгт тархсан эсэх, эстрогенд мэдрэг эсэхийг тогтоосноор тохиромжтой эмчилгээг сонгоно.

Мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Ихэнхдээ хоёр болон түүнээс дээш эмчилгээг хавсран хийнэ.

Мэс засал нь ерөнхийдөө хөхний хавдрын эмчилгээний эхний шат юм.

  • Хөхийг авахгүйгээр хийх мэс засал. Энэ нь хавдрыг нэг их том болоогүй байхад хийдэг мэс засал юм. Хөхөнд бий болсон овгор товгор зүйлсийг түүний ойролцоо хүрээлж байгаа хөхний эдүүдийн хамт авдаг (lumpectomy) хагалгаа юм. Хагалгааны дараа хөхөнд үлдсэн байж болох хавдрын эсүүдийг устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг.
  •  Хавдартай хөхийг авах (Mastectomy). Хавдар томорсон эсвэл хөхний голд хавдар ургасан байвал хөхийг авах шаардлагатай болдог. Хөхийг авсны дараа шинэ хөх үүсгэх, засах мэс заслын эмчилгээ гэж байдаг.

Туяа эмчилгээ гэдэг нь хавдартай эдүүд дээр өндөр давтамжтай цацраг туяаг ашиглан хийх эмчилгээ юм. Энэ нь хавдрын эсийг устгах эсвэл хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог байна. Хөхний хорт хавдрын үед гол төлөв туяа эмчилгээг хийдэг.

Химийн эмчилгээгээр хавдрын эсрэг үйлчилгээтэй эмээр хавдрын эсийг устгах эсвэл хуваагдлыг нь багасгадаг. Химийн эмчилгээний үед хавдрын эсрэг эм уух нь химийн эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг. Мөн мэс заслыг хөнгөвчлөх зорилгоор хавдрын агшаах (хатаах) зорилгоор мэс заслын өмнө ууж болно. Химийн эмчилгээ нь хавдрын зэргээс хамаарч хийгдэнэ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Та хөхөө өөрөө шалгаж сурснаас хөхний хорт хавдраас сэргийлж чадна. Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын 1 өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай. 

Зөвлөмж бичсэн: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмч Х.Цэрэнхорлоо

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler