|
Видео

Шинэ мэдээ

Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар "эзэмшдэг"

Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар "эзэмшдэг"

 

БНХАУ-ын “Чайна Энержи” групп манай Тавантолгойн бүлэг ордоос хоёрыг өөрийн давуу эрхийн хүрээнд сонгож, коксжих нүүрс олборлох санал тавьсан.

Үүнтэй холбогдуулан Тавантолгой бүлэг орд хэний эзэмшилд байдаг, улстөрийн ньюансууд ямар вэ гэдгийг хүргэж байна.

Таван толгойн нүүрсний уурхайн орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт оршдог. Хятад-Монголын хилээс 270 км-ийн зайд, нийт 68,500 га талбайг хамардаг. Таван толгойн ордын хэмжээнд нүүрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт нүүрсний 16 давхарга нь 74.9 метр зузаантай. Таван толгойн орд нь олон улсын JORC* /Joint Ore Reserves Committee буюу Австралийн хүдрийн нөөцийн хороо/ стандартын 7.4 тэрбум тн нүүрсний нөөцтөй. Үүнээс 5.1 тэрбум тн нь коксжих шинж чанартай нүүрс юм.

  1. Ухаахудаг,
  2. Цанхи /Баруун, Зүүн/,
  3. Бортолгой,
  4. Бортээг,
  5. Оорцог,
  6. Ончхараат гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг.

Эдгээрээс өдгөө Ончхараат, Бор толгой, Оорцог зэргийг ашиглаагүй ЭТТ ХК-ийн мэдэлд байгаа юм. Удахгүй ашиглаж эхэлнэ гэдэг мэдээлэл бий.

Харин Тавантолгойн бүлэг ордын өрөм гэж хэлж болохуйц хэсгийг нь хувийн компаниуд эзэмшиж, авч үлдсэн. “Энержи ресурс” ХХК, Тавантолгой ХК, “Админерал” ХХК-иудыг нэрлэж болно. Үлдсэнийг нь буюу Баруун, Зүүн Цанхи л төр, ард түмний мэдлийнх байна. 

-НЭГ: Ухаа худагийг Ж.Оджаргалын "Энержи Ресурс"-ийн эзэмшээд 20 гаруй жил болов-

Ухаа худаг: "Энержи ресурс" буюу MCS-ийн Ж.Оджаргалын мэдэлд буй.

Тавантолгойн хамгийн ашигтай эл ордыг “Энержи ресурс”-т өгөх ажлыг хийсэн гол хүн Сү.Батболд гэгддэг. 2005 онд 14 компани хамтарч “Энержи ресурс” гэх консерциум байгуулсан. “Энержи ресурс-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байж. Г.Бат­­хүү, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюун­гэрэл, Ц.Цэнгэл нар. 2008 онд Тавантолгой ордын 86 хувийг төрд буцаан авсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, зөвлөхөөр Сү.Батболд байж 2008.03.21 сар Тавантолгой ордын 4%-тай тэнцэхүйц талбайтай Ухаа худагийг “Энержи ресурс”-ын өр төлбөрт өгөв. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг төрд өгсөн нэр зүүж, төлбөрт нь хамгийн их нөөцтэй Ухаа худагийг Энержи ресурст өгсөн гэсэн үг. 

Нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдсэн энэ ордод Энержи ресурс компани олборлолт явуулсаар байгаа билээ.

-ХОЁР: “Бортээг”-ийг Д.Амарбаясгалан ба түүний нөхөд ингэж эзэмшдэг-

Бортээг: Тус уурхайн MV-016881, MV-011954 гэсэн хоёр лицензийг Эрдэнэс Тавантолгой ХК эзэмшдэг.

Харин Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээг МТАС түншлэл хийдэг. Эл түншлэл дөрвөн оролцогч компанитай.

1. "Админерал" ХХК нь: Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУ-ын иргэн Хасбаатар бүртгэлтэй. Түүний "Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Хасбаатар, Ц.Ламжав нар. Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав юм. Иймд тус уурхайг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий болоод буй гэгддэг.

2: “Монголиан контракт майнинг сервис" хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцдаг. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн охин компани. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдорж, Х.Батхишиг нар.

3. "Спейшлмайнинг сервис" ХХК өрөмдлөг тэсэлгээг 100 хувь хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү.

4. “Таван хур" ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцдаг. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг "Тэргэннүүр" ХХК эзэмшиж байна. "Тэргэннүүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарди, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй. "Бүргэд транс" ХХК нь: Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхолтой. Үүсгэн байгуулагч нь Павуудайн Самбуу. Эцсийн өмчлөгч нь Дашзэгвийн Дагвадорж. Тэрбээр 80 хувийг нь эзэмшдэг. Д.Дагвадорж нь "Тавантолгой транс" ХХК-ийг эзэмшдэг. Эл компаниараа УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхолтой. "Таван хур" ХХК-ийн 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү юм.

-ГУРАВ: Зүүн, Баруун цанхийн дийлэнх нь буюу төрийнх -

Баруун, Зүүн цанхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК буюу төр эзэмшдэг. Эл компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Үүний гурван тэрбум (20 хувь) нь зарласан хувьцаа буюу олон нийтийнх. 65.2 хувь буюу 10 тэрбум ширхэг нь төрийн мэдэлд буюу “Эрдэнэс Монгол” компанийнх.

Баруун Цанхи. нэртэй 11943A тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Зүүн Цанхи нэртэй 11956A тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955A тусгай зөвшөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953A тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХК-ийн мэдэлд байдаг.

Зүүн цанхи. 2010 оны зун Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсэг дээр хөрс хуулалт эхлүүлсэн. Улмаар "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны 7 дугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай гэрээ байгуулсан. Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс борлуулалтын болон хоёр улсын хоорондын ч хамгийн анхны гэрээ байв.

Зүүн Цанхийн уурхайн олборлолтын 80 хувийг тус компанид борлуулна гэсэн нөхцөлтэйгөөр) урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг жилийн 10 хувийн хүүтэй авсан. Тус урьдчилгаа төлбөрийн дийлэнх хувийг Хүний Хөгжлийн Санд төвлөрүүлэн Монгол Улсын иргэн бүрт халамж хэлбэрээр тараасан байдаг.

-ДӨРӨВ: “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” Баруун, Зүүн цанхиас хумсалдаг-

“Жижиг” гэгддэг “Тавантолгой” компанийн хувьцаа эзжмшигч "Тавантолгой транс" Зүүн Цанхид 169га талбай эзэмшдэг. Мөн Баруун цанхиас 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй байна.

1966 оноос эхлэн уг ордод үйл ажиллагаагаа явуулж, говийн аймгуудыг дулааны нүүрсээр хангадаг уурхай ажиллуулдаг байв. 2004 оноос нүүрсээ экспортод гаргах болсон.

1995 он компанийнхаа 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд худалдаж, үлдсэн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшсэн.

Олон нийтэд худалдсан 49 хувийн 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэд байдаг. “Ажнай”-н дараа орох хувьцааг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Тус компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй "Word Resources" ХХК эзэмшдэг аж.

Тавантолгойн бүлэг ордын ашиглалт нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд нүүрсний экспортын орлого нь улсын төсвийн томоохон эх үүсвэр болж буй. Гэвч хувийн хэвшлүүд өрмийг нь хусаж, төрийн компаниуд ашигтай ажиллуулахгүй явсаар ирсэн билээ.

 

https://eguur.mn/549636/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler