|
Видео

Шинэ мэдээ

Хонгконг: Эсэргүүцлийн жагсаал эрх баригчдын санааг өөрчилсөнгүй

Ням гаригт сая орчим хүнийг цуглуулсан өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан Хонгконгийн эрх баригчид хэрэгтнийг Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг хойшлуулах, өөрчлөх бодолгүй байгаа гэнэ. Энэ тухай Хонгконгийн гүйцэтгэх захиргааны тэргүүн Кэрри Лам сэтгүүлчдэд мэдэгджээ. 

 

Гэхдээ үүний хажуугаар "хуулийн төслийг цаашид сайжруулах алхмуудыг хийнэ” хэмээн амлажээ. Энэ хуулийн төсөл лхагва гаригт Хууль тогтоох зөвлөлөөр хоёр дахь удаагийн хэлэлцүүлэгт орох юм байна. 

Эрх баригчид бодлоосоо ухрахгүй гэдгийг Лам илэрхийлсэн ч гэлээ хуулийн шинэ өөрчлөлт олон нийтийн дунд янз бүрийн байр суурь үүсгэсэн гэдгийг  хүлээн зөвшөөрлөө. Түүний онцолсноор олон мянган хүн эсэргүүцэн жагссан ч 300 гаруй бүлэг, байгууллагууд эх газрын Хятадтай гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг шилжүүлэх механизмыг зохицуулсан хуулийн төслийг дэмжин захидал илгээсэн гэнэ. 

Мөн хэдийгээр иргэд эсэргүүцэн жагсаж байгаа ч албан тушаалаасаа огцрохгүй гэж онцолжээ. 

Олныг хамарсан эсэргүүцэл 

Эрх баригчдын "үл тоосон” эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гаригт болсон юм. Хонгконгийн олон зуун мянган хүн, зарим эх сурвалжийн мэдээлснээр сая орчим хүн сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн гудамжинд жагссан. Анхлаад эсэргүүцлийн арга хэмжээ тайван явагдаж байсан ч  шөнө дундаас хойш зарим жагсагчид жагсаалыг тарааахыг эсэргүүцэн, парламентын байр луу дайрч, төмөр хайсыг давахыг оролдсон байна. 

Ийнхүү эмх замбараагүй байдал эхлэсний улмаас хууль сахиулагчид гичийн хийтэй баллон, резинэн бороохой ашиглан, жагсагчдыг тараахыг оролдсны улмаас жагсагчид болон цагдаагийнхан хооронд мөргөлдөөн үүсчээ. Энэ мөргөлдөөний улмаас цагдаагийн гурван албан хаагч шархадсан бол мөргөлдөөнийг манлайлан зохион байгуулсан зарим жагсагчийг баривчилсан байна. 

Эсэргүүцэл дагуулсан хуулийн төсөл 

"Нэг улс-хоёр тогтолцоо” томъёоллоор автономт эрхтэй Хонгконг эх газрын Хятад, Тайван, Макао улсуудтай сэжигтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулаагүй өдийг хүрсэн. Гэхдээ одоо орон нутгийн захиргаа энэ салбар дахь хамтын ажиллагааг зохицуулах эрхзүйн орчныг бий болгохоор ажиллаж байгаа юм. 

Хуулийн шинэчлэл хийснээр БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөнд сэжиглэгдэж буй этгээдүүдийг Хятадын эрх бүхий байгууллагын хүсэлтээр эх газар руу шилжүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Харин ингэснээр зөвхөн эрүүгийн болон авлигын хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид ч БНХАУ руу шилжиж, улмаар шахалт дарамт, тамлалтад өртөж болзошгүй гэж орон нутгийн сөрөг хүчин үзэж байгаа юм. 

Түүнчлэн олон нийт, тэр дундаа ажил хэрэг, хуулийн хүрээллийнхэн болон олон улсын байгууллагууд ч энэ шинэ хуульд санаа зовнин, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

Энд дуулгахад, хамгийн сүүлд энэ хэмжээний өргөн жагсаал 2003 онд болсон бөгөөд 500 мянган хүн цуглаж байжээ. Тухайн үед хүмүүс улсын аюулгүй байдлын тухай хуулийг Бээжингийн ашиг сонирхолд нийцүүлэн батлах гэж байна гэж эсэргүүцэн жагсаж, жагсаал ч үр дүнд хүрэн хуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан аж. Жагсагчид энэ хууль батлагдвал Хятадын эрх баригчдын зүгээс автономт нутаг дэвсгэрийн дотоод хэрэгт тавих хяналт нэмэгдэж, ардчилсан эрх, ард иргэдийн эрх чөлөө боомилогдоно гэж үзэж байлаа. 

Ням гаригт болсон жагсаалтай дүйхүйц томоохон хэмжээний өөр нэг жагсаал нь 2014 оны намар болсон оюутнуудын жагсаал юм. Тэд сонгуулийн системийг ардчилсан болгохыг шаардан, 79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд энэ эсэргүүцлийг "Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрлэж байв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler