![]() |
Монголчууд нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууслаа
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж дуусгажээ.
Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлж байснаас хойш ийн жил хүрэхгүй хугацааны дараа төмөр замын бүтээн байгуулалт амжилттай дуусч байна. Энэхүү төмөр замын нийт урт нь 27.7 км бөгөөд 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай ажээ. Төмөр замыг Монголын төмөр замчид барьж байгуулсан юм. Үндсэн ажлаа дуусгаж одоо замын холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг төмөр замчдын баяр наадмын өмнө дуусгахаар шамдаж байгаа тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай юм.
Төмөр замын замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй ажилтан, зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтайгаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
М.Нэргүй
