|
Видео

Шинэ мэдээ

Санаатай, санамсаргүй гал тавигсад эх орноо шатааж байна

 

Санаатай, санамсаргүй гал тавигсад эх орноо шатааж байна

 

Онцгой байдлын газраас энэ жил цас багатай байсан учир хуурайшилт ихтэй гал түймрийн аюул гарах эрсдэлтэй байгаа талаар анхааруулсаар байтал иргэд санаатай болон санамсаргүй гал түймэр тавьж, эх орноо "шатаасаар” байна. Хамгийн гол нь иргэдэд хариуцлага, ухамсар гэж алга.
Ойрын хугацаанд нийслэлд хэд хэдэн түймэр асчихлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гоодойн ам, Шадивланд, Богд ууланд гээд гурван газар их хэмжээний га газар хамарсан түймэр гарав. Галын улмаас 20 гаруй айлын байшин шатаж, байгаль эхэд экологийн хор хохирол учрав.
Тэгвэл өчигдөр орой 15.17 цагийн үед Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч, онцгой байдлынхныг түргэн авахуулав.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд ууланд гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын гурван анги шуурхай ажиллаж цурманд оруулав. 
Гал түймэр ойролцоогоор гурван га талбайг хамарсан бөгөөд шигүү уулын орой хэсгээс эхлэн гарчээ.
Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явган аялж зугаалахыг зургадугаар сарын 15 хүртэл хориглосон байхад тамхины иш, арц хүжээс үүдэн гал гарсан байх магадлал өндөр аж.
Галын голомтод ажиллаж байгаа НОБГ-ын албан хаагчийн хэлснээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 15.17 цагт "Хийморийн овоо"-нд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аврах 14 дүгээр тасаг галын голомтод ажилласан байна.
Нийслэлийн аврах ангийн 18 дугаар тасгийг нэмэлт хүчээр илгээж, нийт 30 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар, ус зөөж унтраах ажиллагаа явуулсан байна. Урьдчилсан байдлаар иргэдийн санамсаргүй байдлаас болж түймэр гарсан гэсэн. Битүү шигүү модонд түймэр ассан бөгөөд тархалт нь хурдан явагджээ.
Эгц дээш газар болохоор машин техник явах боломжгүй. Зөвхөн гар ажиллагаа буюу ус зөөж галыг цурамд оруулсан байна.
Тэгвэл ууланд гал алдсан гэх хоёр хүнийг цагдаагийн байгууллагаас олж саатуулжээ. Тэд гал тавиад машинаа үлдээгээд зугтаасан байжээ. Энэ мэтчилэн иргэдийн хайхрамжгүй санамсаргүй, санаатай байдлаас болж гал түймэр гарч, эх орон шатаад сүйдэж байна.
Гал түймрийн 80 хувь нь хүний буруутай үйлдлээс болдог байна. Санамсаргүй тавьсан гэх ч санаатай явсан үйлдлүүд цөөнгүй бий.
Хэдхэн хоногийн өмнө Богд ууланд арц уугиулсан хоёр эмэгтэй гал алдсан бол Гоодойн аманд гагнуур хийж байсан хоёр гагнуурчин гал алдсан. Мөн Шадвиланд ч иргэдийн буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан байгаа бол өчигдөр ийнхүү хоёр иргэн Богд ууланд гал тавилаа.
Яагаад хэлээд яриад, анхааруулаад байхад ингэж гал тавиад байдаг юм бэ. Санаатай ч санамсаргүй ч гал тавьж байгаа иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Зөрчлийн хуулиар хэрэг нээж, хэдэн төгрөгөөр торгох заалттай. Гэхдээ улсад болон ард иргэдэд учруулсан хохирлыг нь өөрсдөөр нь барагдуулах ёстой юм шүү.  
Дээр нь нэмээд хэлэхэд гал түймрийг зогсоох цаг нь болсон. Иргэд та хариуцлагатай, ухамсартай байгаа ч цас бороогүй энэ үед хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа ил гал түлэхгүй байх, тамхины ишээ ил задгай хаяхгүй байх зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулаач. Дахин хэлэхэд, хариуцлагатай байгаачээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler