| |
Хоолондоо муудсан тос хэрэглэдэг “Кембаб чонгүг” хоолны газарт зөрчлийн хэрэг нээжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Дүнбэгмайл” ХХК-ийн "Кембаб чонгүг” Солонгос хоолны салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтаар хүнсний түүхий эдийн хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал болон ахуйн ариун цэвэр алдагдсан хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэг байхгүй зэрэг олон зөрчил дутагдал илэрчээ. Мөн хүнс болон түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдаж, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын байр агуулах байхгүй, хоол болон хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн шарах тосны чанарыг шалгадаггүй шууд ашигладаг, 3-4 хоног хонуулсан эрүүл ахуйн шаардлага хангаагүй муудсан тос ашигласан, эрхэлж буй үйл ажиллагаандаа хуульд заасанчлан зохистой дадал журам нэвтрүүлээгүй, орчны температурт олон цаг байсан хоол хүнсийг дахин дахин халааж үйлчлүүлэгчдэд олгодог гэх зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл хэмээн үзэж зөрчлийн хэрэг үүсгэсэн гэжээ.
Иймд ноцтой зөрчил илэрсэн "Кимбаб Чонгүг" Солонгос хоолны газрын үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн №07 тоот тогтоолоор түр зогсоож, ингэснээр зөрчлийн хэрэг нээн албан даалгавар хүргүүлж зөрчлийн арилгах биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.
Fact.mn