| |
619 орон сууцыг паспортжуулснаас 354 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2019 онд эрх зүйн орчинг бүрдүүлэх, сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 53 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.
Идэвхжилт их ажиглагдсан бүсүүдэд Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүд багтаж байна.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин, зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Үүнд:
-Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэл дэх харьяа байгууллагуудад зохих заавар, зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллах,
-Монгол Улсын засгийн газрын 2018 оны 206 дугаар нууц тогтоолд тусгагдсан барилга байгууламжийн буулгаж шинээр барих ажлын явцыг салбар бүрээр гаргуулах, төлөвлөгдсөн хугацаанд хэрэгжүүлэх талаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн 2020 оны улсын төсөвт тусгах арга хэмжээг авах,
-Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулж, өндөр хэмжээнд зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.
С.Анар