|
Видео

Шинэ мэдээ

Тусгай сангуудыг цэгцэлье гэвэл Т.Бадамжунай, Т.Гантулга хоёрын үеэс шалгаж эхлэх ёстой

 

Тусгай сангуудыг цэгцэлье гэвэл Т.Бадамжунай, Т.Гантулга хоёрын үеэс шалгаж эхлэх ёстой

 

Эрх баригчид Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгө мөнгийг өвлийн өвгөний тараадаг хүүдийтэй бэлэг мэт хэрэглэдэг баримтууд тасрахгүй байна. Иргэдийнхээ татварын мөнгөөр бүрддэг Тусгай сангуудын хөрөнгийг зорилтот бүлэгт нь хүргэдэггүй. Хулгай луйварт баригдаж, идээ бээрт идэгдсэн энэ сангуудыг цэгцлэхээс өөр гарц, зам байхгүй нь өдөр ирэх тутам тодорхой болж буй.

Булавч бултайхын жишгээр төсвийн мөнгөөс хумсалдаг, хулгайлдаг байдал нь ганцхан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хуудуутай үйл ажиллагаанаас л тод харагдсан.  Хэд гурван төгрөгөө хураан байж бизнес гэгч хатуухан салбарт хөл тавьсан олон зуун хүний итгэлийг хөсөрдүүлсэн үйл явдал өнгөрсөн оны топ сенсаци байв. Жинхэнэ үйлдвэрлэгч нь 10-15 сая төгрөг, хамгийн ихдээ 60 сая төгрөг л хүсч байхад, УИХ-ын ганцхан гишүүний авсан 950 сая төгрөгөөс дээшээ өгсч байх жишээтэй.
Энэ олон тэрбум төгрөгөөр хэдэн зуун жинхэнэ үйлдвэрлэгч хөл дээрээ босох байсныг иргэд асуусаар байна. Засгийн газарт дахиад ийм Тусгай сан олон бий. Эдгээрт оруулсан төсвийн мөнгө хаана, хэнд очсон, юу бүтээж, хөгжүүлснийг эргэн харж шалгахгүй бол юу болдгийг ЖДҮ-чид харуулсан.
Тиймээс Тусгай сангуудыг цэгцлэх ёстой болж байгаа юм. Харин хаанаас нь, яаж эхлэх ёстой вэ. Үүний тулд ганц яамаар жишээ татаж үзье. ЖДҮХС бол ХХААХҮЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Тэр санг ухаад, уудлаад үзвэл одоо илэрснээс хэд дахин ноцтой асуудал гарч мэдэхээр байгааг эх сурвалжуудын мэдээлэл байгаа.
Үүнээс гадна төрийн асар их хөрөнгө эргэлддэг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сан энэ яамны харьяанд бий. Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар Мал хамгаалах сангийн 3.4 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй, зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. 2003 оноос хойш 12.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 99.7 тэрбум төгрөгийн авлагатай байгаа нь өмнөх оноосоо 16.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Ургац алдсанаас тариаланчид зээлээ төлж чадахгүй байгаа гэсэн шалтгааныг авч үзсэн байлаа.
Хөдөө аж ахуйн салбарынхны гол итгэл найдвар болсон дээрх гурван сангийн үйл ажиллагаа тус салбарын сайд байсан Т.Бадамжунай, Төрийн нарийн бичгийн дарга байсан Т.Гантулга нарын үед утга, замбараагаа алдсаныг хэвлэлийн хуудаснаа үлдсэн үйл явдлууд гэрчилдэг. ЖДҮХС-гийн 500 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан, тэр мөнгөө сонгуульд ашигласан гэх хэргээр сайд асан Т.Бадамжунай Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, зарим газрын дарга нарынхаа хамт эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Энэ асуудал одоог хүртэл таг чиг байна.
Ингэхээр Засгийн газрын Тусгай сангуудаа цэгцэлье гэвэл дээрх шалгагдаж байсан сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёроос эхлэх ёстой болж таарч байгаа юм.  Энэ хоёр хүнээс давуу эрхээр зээл авч, тэрийгээ төлөхгүй "луу унжаад” байгаа зарим компаниар өрийг нь төлүүлэх ч ёстой. Тухайлбал, "Гацуурт”ын Л.Чинбат яалт ч үгүй яригдана. Тэрээр дотнын найз Т.Гантулгыгаа Төрийн нарийн бичгийн дарга байх үед Засгийн газраар баталгаа гаргуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гурван тэрбум төгрөгийн зээл авснаа төлж барагдуулсан уу гэдгийг хэвлэлээр шуугиад байгаа.
Р.Бурмаа энэ салбарын сайдаар ажиллаж байх үедээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр "…Л.Чинбатын "Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл Л.Чинбат баатар маань зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар зогсохгүй Мал хамгаалах сангаас дахин махны үхэр оруулж ирнэ гэж гурван тэрбум төгрөгийн зээл авсныг сайд асан Р.Бурмаа мөн хэлсэн байдаг. Р.Бурмаа "…Л.Чинбат ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үед махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж тендерт шалгарч төрөөс гурван тэрбум төгрөг зээлсэн байдаг. Намайг сайдын ажлаа өгөх хүртэл гурван тэрбум төгрөгөө төлөөгүй. Намайг ажил авах үед зээлийнх нь төлөх хугацаа хэтэрчихсэн байсан. Хугацаа хэтэрсэн төлбөрийг төлөөч гэдэг шаардлага нэлээд тавьсан. Яаманд ирж уулз гэж хэлээд ч ирээгүй. Махны үхрээсээ өг гэсэн ч нэмэр болоогүй. Найз нөхөддөө өгснөө төрд өгөх мөнгөө төлсөн гэж үздэг юм билээ” гэж байв.
Сайд асан Р.Бурмаагийн хэлснээр Т.Бадамжунай, Т.Гантулга нарыг атгасан Л.Чинбат махны үхэр оруулж ирнэ гэж авсан гурван тэрбум төгрөгийнхөө зээлийг бүрэн төлж барагдуулалгүй сунжирсаар байсныг төрийн аудитын байгууллага нотолсон байдаг юм. Хүнс, хөдөө ахуйн сайдын төсвийн багцын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын үеэр "Гацуурт” компани нь энэхүү тооцоогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж салбарын яам нь тайлбар өгч байжээ.
Бүр тодруулбал, "Гацуурт” компаниас авах гурван тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулах талаар зөвлөмж өгсөн боловч одоо хүртэл тооцоо нийлээгүй. Энэ тухай "Гацуурт” компанитай 2012 оны долдугаар сарын 23-ны өдрийн "Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах” хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгож, 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан зээлийн гэрээ болгон өөрчилсөн. Гэрээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор "Гацуурт” компани нь дээрх тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Тооцооны үлдэгдлийн баталгаа нийлэх талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тоот нэг удаа, Мал хамгаалах сангийн захирлын албан тоот мөн нэг удаа, биечлэн хоёр удаа, мөн утсаар хэд хэдэн удаа холбогдож уулзсан боловч одоог хүртэл албан ёсны тайлбар өгөөгүй байна” гэж салбарын яам нь тайлбарласныг аудитын дүгнэлтэд хавсаргажээ. Энэ бол 2015 оны тайлбар.
Тэгвэл хамгийн сүүлд юу болов. Төрийн аудитын байгууллагаас Мал хамгаалах сангийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар "Гацуурт” компанийн цэвэр үүлдрийн үхэр оруулж ирнэ гэж авсан гурван тэрбум төгрөгийн асуудал дахин сөхөгдсөн байгаа юм. Тодруулбал, "ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/127 дугаар тушаалаар 2011 онд "Гацуурт” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийг шалгах тооцоо нийлэх ажлын хэсгийг байгуулж ажилласан байна. Ажлын хэсэг нь ялгаж бэлтгэсэн 200 толгой үхрийг Сэлэнгэ аймгийн ХААГ-т шилжүүлж өгөхөөр "Гацуурт ХХК-тай тохирсон байна. "Гацуурт” компанийн зээлийн өрийн үлдэгдэл гурван тэрбум төгрөг, 2017 оны аравдугаар сард ажлын хэсэг байгуулагдаж 140 толгой үхрийг нэг бүрийг таван сая төгрөгөөр тооцож нийт 700 сая төгрөгийн өр барагдсан байна” гэж аудитын дүгнэлтэд тусгажээ. Түүнчлэн энэ асуудлыг 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар нарийвчлан шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэгэхээр "Гацуурт”-ын Л.Чинбат Мал хамгаалах сангаас авсан гурван тэрбум төгрөгийн зээлийнхээ төлбөрөөс 140 үхрээр 700 сая төгрөгийг нь хаагаад үлдсэн 2.3 тэрбум төгрөгийг төлөөгүй хэвээр байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Зээлийн гэрээг гардан хийсэн сайд асан Т.Бадамжунай, Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нар дахин холбогдов. Тиймээс Тусгай сангуудыг цэгцэлье гэвэл Т.Бадамжунай, Т.Гантулга хоёрын үеэс шалгаж эхлэх ёстой болж байна.


Б.Уран
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler