| |
Д.Трамп Төлөөлөгчдийн танхимын даргын айлчлалыг хойшлуулжээ
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтыг дуусгавар болгох талаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэний улмаас Төлөөлөгчдийн танхимын даргын Брюссель болон Афганистанд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хойшлуулсан байна.
АНУ-ын төрийн тэргүүн энэхүү шийдвэрийг Засгийн газрын түр зогсолт түүхэнд хамгийн удаан буюу 27 дахь өдрөө үргэлжилж буй үед гаргасан юм. Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг хойшлуулахыг Нэнси Пелоси лхагва гарагт Д.Трампт уриалсан билээ.
Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад зориулан 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгах санал гаргасан бол Ардчилсан намын гишүүд үүнийг зөвшөөрөхөөс татгалзсан юм.
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, пүрэв гарагт Н.Пелосигийн явахаар төлөвлөж байсан хугацаанаас цаг хүрэхгүй шахам хугацааны өмнө Д.Трамп түүний айлчлалыг цуцалсан аж.
Мөн пүрэв гарагийн орой Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, Засгийн газрын түр зогсолтын улмаас энэ сарын эцсээр Швейцарын Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад АНУ-ын төлөөлөгчид оролцохгүй болсон ажээ.