|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдэв

 

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдэв

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Билэгт, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сан бол эдийн засгийг сэргээх чухал сан байсан. Үүгээр дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн хэдий ч УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс энэ зээлийг авч, ёсзүйгүй ажиллагаа болсон. Тиймээс энэ асуудалд ард иргэдээс гадна гишүүд маш их эмзэглэж байна. Гэтэл энэ асуудал сүүлдээ замхрах талдаа орж байна. Хуулийн байгууллага үүнийг сайтар шалгах ёстой. Тиймээс УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарыг үсэг зурж, бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Үүнийгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байна. Бидний энэхүү зарчмыг УИХ-ын бүх гишүүд нэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахыг уриалж байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийт хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ? 

-Ж.Бат-Эрдэнэ: 22 гишүүн гарын үсэг зурсан. 

-Гарын үсэг зурсан гишүүдэд ЖДҮ-гээс зээл авсан гишүүд зурсан уу? 

-Үгүй. Зураагүй байгаа. Гэхдээ бид тэдгээр гишүүдтэй уулзаж, санал болгох болно. 

-Нэр бүхий гурван гишүүнийг прокурорын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэвлэлээр олон нэр явж байна. Яг хэн хэн шалгагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Бид гишүүдэд ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэсэн санаачилга гаргаж Ёсзүйн дэд хороонд гаргаж өгч байна. Сүүлийн үед ЖДҮХС-гийн дуулианыг намдаах, бүдэгрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас ч тодорхой төсөв гаргаж ажиллаж байгаа тухай мэдээлэл УИХ-ын гишүүдэд ирж байгаа. Прокурорын мэдээлж байгаагаар гурван гишүүний асуудал ирсэн. Гэхдээ дахин шалгуулахаар АТГ-т буцаасан тухай хэвлэлээс олж уншлаа. Ерөнхий сайд хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзсан гэх мэдээлэл ч сошиалаар явж байна. Тиймээс энэ асуудал чимээгүй болоод өнгөрчихвий, Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.

-Та нар ширээ сандалны л асуудал яриад байх юм. Утаатай тэмцэх гишүүн гарч ирэхгүй юу?

-Утааны асуудалд санал нэг байна. Өнөөдөр асуудал үнэхээр асуудал дагуулж байна. Бид сандал ширээний асуудал яриагүй. Зарчим ярьж байгаа. Утаатай тэмцэх нь Засгийн газрын хийх ажил. Утаатай тэмц гээд хөрөнгө мөнгийг тусгаад өгсөн. Тиймээс Засгийн газрыг ажлаа хийгээч гэж УИХ-ын гишүүдээс шахаж байгаа. Шаардлага хүргүүлж байгаа. Гэвч харамсалтай нь Засгийн газар нь ажлаа хийхгүй, сайдыг томилоод өгье гэхээр чуулганд орж ирэхгүй байна. Сайдууд нь асуудлаа танилцуулчихаад картаа сугалаад гараа явчихаж байна. Өнөөдөр ард түмний эрүүл мэнд, утааны асуудлыг хариуцаж байгаа Засгийн газар нь ажлаа хийхгүй байна. Бид шаардлагаа өгсөн байгаа. 

Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд өнөөдрийг хүртэл ирц бүрдүүлж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суун, хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал байна.

УИХ-аас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Тиймээс Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газрын шууд харьяанд байгаа Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар үүнийг хангалттай шалгаад нотлоод гаргаад ирэх боломж нь, ШҮД нь Засгийн газарт байгаа.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler