| |
М.Энхболд: Огцроход татгалзаад байх зүйлгүй
Чуулганы танхимын урд УИХ-ын дарга огцор хэмээн уриа лоозон барин суулт зарлаад байсан дөрвөн гишүүнийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийж УИХ-ын ээлжит бус чуулганыг явуулах санал гаргахад хүлээж аваагүй. Гэтэл ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагыг хүлээж авсан. УИХ-ын дэгийн хуулийг зөрчиж чуулганы хуралдааныг хаасан. УИХ-ын дарга чуулган, байнгын хорооны хуралдаан, нээлттэй сонсголын асуудлыг өөртөө таалагдвал зөвшөөрдөг, таалагдахгүй бол зогсоодог маягаар УИХ-ыг удирдаж болохгүй. Тиймээс бид иргэд, олон нийтийн дуу хоолой болж, хуульд заасан үндэслэлээр хүсэлтээ гаргаач гэсэн сануулгыг өгч, шаардаж байна" гэв.
УИХ-ын дарга М.Энхболд "60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж зургадугаар сард УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас хүсэлт авахад энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би бол хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг эсэргүүцээгүй. Ер нь энэ асуудлыг нээлттэй яриад асуудлыг нэг талд нь гаргаасай гэж би боддог. Энэ асуудлаар ээлжит бус чуулганы хуралдуулах санал гаргасан. Гэхдээ нийт гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах хуулийн заалттай. Л.Оюун-Эрдэнэ гишүүний оруулж ирсэн бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан.
Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхой болгох бичгийг өгсөн. Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн байна. Надад өгөхгүй байх шалтгаан байхгүй. Намайг гүтгэж болно. Гэхдээ ажлаа хийж буй хуулийн байгууллагыг битгий гүтгэж, доромжлоорой. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлээр огцруулдаг хуультай. Бодитой асуудал үүсвэл огцрох тухай асуудлаас татгалзаад байх зүйлгүй. Өнөөдрийн чуулган хуулийн дагуу ирц бүрдэж эхэлсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө орж ирж ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээсэй гэж бодож байна" гэлээ.
Б.Анир