|
Видео

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулганы ирц хүрэх үү?

Ээлжит бус чуулганы ирц хүрэх үү?

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд сар болоогүй байна. Гэсэн ч чуулганыг ээлжит бусаар хуралдуулж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Учир нь УИХ- ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд чуулган завсарлахын өмнө "60 тэрбум"-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагыг тавьж байсан ч уг байр сууринаасаа ухарч, чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлтээ өргөн барьсан. Үүний маргааш Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй агаар нэг асуудлаар мөн л ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт гаргаад байгаа юм.
Дээрх хоёр эрхмийн хувьд "60 тэрбум"-ын гэх асуудлаар халхавчлан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад илгээсэн бичигтээ тус бүртээ дурдсан. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүний албан бичигт "60 тэрбум"-ын хэрэг, "Чингис", "Самурай" бонд, "Эрдэнэт"- ийн 49 хувь зэрэг замхран алга болж буй авлигын хэргүүдийн тухай УИХ сонсох нь зүйтэй гэж үзэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал хуулийн дагуу жилд нэг удаа тайлбар, өгч, гүйцэтгэлийг мэдээлэх ёстой. Бидний хувьд нэг жилийн хугацаанд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэг үр дүн гарахгүй байгаагаас харахад авлигын хэргийг санаатай нуун дарагдуулж байна гэж үзэж байна. Бид энэ асуудлыг ард түмнийхээ өмнө, нээлттэй хуралдаанаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. УИХ-ын хуульд нийт гишүүдийн гуравны нэг хувийн гарын үсэг цугларсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах үндэс бүрдэх юм. Тийм ч учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг баяр наадмын дараагаас АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбогдох сонсголоор эхлүүлэх ёстой" гэсэн юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт "УИХ-ын нэр бүхий 26 гишүүн "60 тэрбум"-ын зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд АТГ-т очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага" бүхий албан бичгийг 2018 оны долоодугаар сарын 10-ны өдөр ирүүллээ. Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан" хэмээсэн байгаа юм. Тэдний эдгээр албан бичгээс үзвэл ээлжит бус чуулганы гол бай нь АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг нь тодорхой харагдана. Ямартай ч өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулган хуралдах эсэх нь Хууль зүйн байнгын хорооноос хамаарахаар болоод байна. Тодруулбал, дээрх хоёр эрхэм УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсний дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад Хууль зүйн байнгын хороонд уг асуудлыг хэрхэх тухай шийдэхийг даалгасан юм. Ингэснээр ээлжит бус чуулганы хувь заяа Ш.Раднаасэд даргатай Хууль зүйн байнгын хорооны мэдэлд шилжээд байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮД ХААГУУР ЯВНА ВЭ
 
Хууль зуйн байнгын хороо хуралдаад ээлжит бус чуулган зарлахад ядах юмгүй. Гэвч урин дулааны улирал эхэлсэн, хүн бүр хөдөө гадааг зорьж буй энэ үед чуулганы ирц бүрдэх эсэх нь тун эргэлзээтэй. Хууль зүйн байнгын хороог хуралдуулах гэсэн боловч ирц хүрэхгүй байгаа нь үүний нэг баталгаа болж байгаа юм. Нэгдүгээрт, намаржин хаваржин хуралдсан гишүүдийн амралт эхэлсэн ч бүгд зугаа цэнгэл хөөгөөд яваагүй нь лавтай. Хүн л болсон хойно тэдэнд ч бас амарч, зугаалах эрх мэдээж бий. Одоогийн байдлаар дийлэнх нь орон нутагт ажиллаж байна. Учир нь хаврын чуулганаас гаргасан шийдвэр, баталсан хуулиудыг танилцуулах том ажил чуулганы бус цагаар УИХ-ын гишүүдийн ажпын нэг хэсэг болдог. Үүний зэрэгцээ уг хууль, тогтоол ард иргэдэд хэрхэн тусах, иргэд түүнд нь хэрхэн хамрагдах зэргээр таниулан сурталчлах ажил бий. Нэг хэсэг нь ингэж сонгогдсон тойрогтоо амрах, ажиллахыг хослуулж яваа бол нөгөө хэсэг нь хуулийн төсөл дээр суугаад завгүй байгаагаа ч хэлж байна. Тодруулбал, ирэх намрын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх том ажил энэ парламентад хүлээлт үүсгээд буй. Цаашлаад намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулиас авахуулаад цөөнгүй чухал хуулийг хэлэлцэнэ. Харин тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх гэх мэт ажилд зарим гишүүн шамдаж буй. Энэ мэтийг орхиод ээлжит бус чуулгандаа анхаарах нэгэн мэдээж бий. Гэвч хамгийн том асуудал нь ямар учраас амралт, зугаалгын цагаар улс төрийг бужигнуулж, ээлжит бусаар чуулах гэж буй шалтгаан хэн бүхэнд хамаатай. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд "60 тэрбум"-ын гэх асуудлыг нэг тийш болгох зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулах санаачилга гаргаж, ангийн нөхдөдөө хандсанаар 18 нь түүнийг дэмжиж гарын үсэг зурсан. Гэвч сүүлдээ түүний санаа бодол өөрчлөгдөж, Ерөнхийлөгчтэй нэгдэн, АТГ-ын даргыг авч хаях ажиллагаанд хүч нэмээд буй. Тиймээс яг энэ шалтгаанаар ээлжит бус чуулганд ирж суух гишүүн цөөхөн бололтой юм. Зарим нэгтэй нь холбогдож лавлахад "60 тэрбум"-ын гэх асуудлыг нэг тийш болгох үүднээс нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан болохоос ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй, очихгүй" гэх хариулт өгч байгаа гишүүн ч байна. Үүнээс үзэхэд Л.Оюун-Эрдэнэ гишүүний анхны санаачилга өөрчлөгдсөн учраас түүнийг дэмжих хүн цөөн бололтой юм. Улмаар ээлжит бус чуулган зарлалаа гэхэд ирц бүрдэхгүйн улмаас тарах магадлал ч маш өндөр байна. Харин цаашдаа Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлснээр ээлжит бусаар чуулахыг 25 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан нь үнэн бол хуулийн дагуу хүсэлтээ хангуулахыг хүсээд дуугараад эхлэх биз.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler