| |
Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ
Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт:
"Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн "төрийн албыг арилжаалсан "60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ.
Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан.
Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна.
Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна.
Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.