![]() |
Видео
Шинэ мэдээ
Б.Цэрэннадмид: Энэ жил 20 мянга орчим элсэгч ЭЕШ өгнө.
Энэ жил ЭЕШ-д шууд засалтын технологийг нэвтрүүлнэ. Тиймээс шалгалтын төвүүд дээр ажиллах багш нарт шинэ технологийн талаарх сургалтыг зохион байгуулж эхлээд байна. Энэ тухай БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.
-ЭЕШ-д ‘‘Шилэн технологи”-ийг нэвтрүүлэх буюу шууд засалтын машиныг ашиглана. Шинэ технологийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Бид 2018 оны ЭЕШ-ын үеэр Орхон, Ховд аймагт шууд засалтын шилэн технологийг хэрэгжүүлсэн. Шалгалтад орсон шалгуулагч, эцэг эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байсан. 2019 онд 21 аймаг есөн дүүрэгт бүгдэд нь ашиглана. Энэ ажлыг хэрэгжүүлснээр ЭЕШ-ыг ил тод, шударга, шуурхай зохион байгуулна.
Энэ ажлыг 2019 онд улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж чадвал олон улсын хэмжээнд Боловсролын үнэлгээнд нэвтрүүлж байгаа технологиороо тэргүүлэгчдийн эгнээнд орох боломжтой юм.
-2019 оны ЭЕШ-д шууд засалтын хэчнээн машиныг байршуулах вэ?
-Нийт 80 машинтайгаар ЭЕШ-ыг зохион байгуулна. Нийслэлд байрлах шалгалтын төвүүдэд нэг машинтай шалгалтыг авна. Хөдөө орон нутагт техникийн саатал гарах вий гэсэн эрсдлийг тооцоод, хоёр машины нөөц хувилбартайгаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулна.
-Энэ жил хэчнээн элсэгч шалгалт өгөх бол. Элсэгчид юу анхаарах вэ?
-ЭЕШ өгөх XII ангийн төгсөгчид өмнөх жилийнхээс цөөн байгаа. Ойролцоогоор 16000 төгсөгч ЭЕШ өгнө. Үүн дээр өмнөх жилийн 4000 орчим элсэгч нэмэгдээд, нийт 20 мянган элсэгч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоо бий.
Зууны мэдээ
Б.Туул
