| |
Э.Эрдэнэсувд: Үзвэр үйлчилгээний газрууд и-баримт өгөх үүрэгтэй
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс иргэдэд сугалааны дугаартай,QR код бүхий төлбөрийн баримт /И-Баримт/ хэвлэж өгдөг болсон. Үүний дагуу иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг дэлгүүр, үйлчилгээний төвүүд баримт хэвлэж хэвшсэн. Харин үзвэр үйлчилгээний газрууд буюу театр, цирк зэргээс үйлчлүүлсэн иргэдэд и-баримт олгодоггүй.
Тэгвэл энэ талаар нийслэлийн Татварын газрын улсын байцаагч Э.Эрдэнэсувд "Үзвэр үйлчилгээний бүхий л газар, тоглолт зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллага сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй. Манай иргэд ч үзвэр үзэх бүртээ сугалааны дугаартай и-баримтаа аваад хэвших хэрэгтэй. Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн и-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харьяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг" гэлээ.