![]() |
Баянгол дүүргийн татварын байцаагч 155 сая төгрөг хууль бусаар завшжээ
Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй, албан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын програмд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал байна. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлэхийг нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мэдэгдсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь шаардлагатай арга хэмжээг авч, нэг сарын дотор хариу мэдэгдэх үүрэгтэй юм.
![](/templates/kingnews/images/logo.png)