![]() |
Цагдаад хүчирхийллийн дуудлага өгсөн ч ирээгүйн улмаас нэг эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдлаа
Өнөөгийн нийгэмд өөрийн гэр бүлийг хүчирхийлж, бусдын эрүүл таатай амьдрах үндсэн эрхэд халдаж буй ААВ-ууд ихээр нэмэгдэх боллоо.
Гэр бүлийн хэрүүл маргаан, шийдэгдээгүй асуудлууд, хардалт, үл итгэлцэл, хууран мэхлэлт, доромжлол, тохуурхал, үл хүндлэл даамжирвал нөхөж баршгүй хохиролд хүргэдэг. Үүний илрэл нь ч сүүлийн үед нийгмийг ихээр цочирдуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэрэг явдлууд юм.
-ХЭРГИЙН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДСЭН Ч "НААДАХ ЧИНЬ УГААСАА ТЭГДЭГ ЮМ. ТЭГЭЭД ОЧИХООР ЗУГТААД ЯВЧИХДАГ ГЭЭД” ТООГООГҮЙ-
Хамгийн сүүлд л гэхэд нэгэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, хоёр хүүхэд нь өнчирч хоцорсон харамсалтай хэрэг Өвөрхангай аймагт гарсан тухай мэдээлэл манай сайтад ирсэн юм.
Хамгийн харамсалтай нь, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн ч цагдаа нар нь "туслаагүй” талаар нутгийн иргэд мэдээллээ. Тодруулбал, "Эмэгтэй хүний аврал эрэн орилох дуу ойролцоо харагдах гэрээс гарахыг сонссон иргэн цагдаагийн байгууллагад мэдээлсэн боловч дуудлага хүлээн авсан цагдаа нь "Наадах чинь угаасаа тэгдэг юм. Тэгээд очихоор зугтаад явчихдаг гээд” тоогоогүй гэнэ.
Гэтэл маргааш нь аврал эрэн орилж байсан эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлсэнээр хэрэгтнийг гэртээ тоононоосоо дүүжлэгдэж, амиа хорлох гэж байхад нь баривчилсан гэсэн юм.
Ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах учиртай цагдаа, хүний амь настай холбоотой чухал асуудалд ийм хайхрамжгүй хандсан эсэхийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч "Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүй бол. Ямар ч хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өглөө.
Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Т.Гэрэл
