| |
Видео
Шинэ мэдээ
Дархан хилийн давтагдашгүй гавьяатнууд
Хилийн манаанд хэдэн удаа явахад л аяндаа эх оронч болчихдог юм шүү дээ. Торгон хилийн зааг дээрээс хүний нутгийг харчихаад эргээд эх орон руугаа саравчлахад өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, омогшоод ирдэг. Энэ сэтгэлийн жаргалыг хилчид л мэдэрнэ. Ер нь хилчин гэдэг улс орон, ард түмнээ "манаж” байдаг үндэсний дархлаатай хүмүүс. Хилчин хүн дээд зэргийн гярхай байх ёстой. Нойр, хоолоо сойх бол эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж буй хүмүүст огт бэрхшээл биш юм. Гагцхүү тэвчээр, хатуужлаас гадна зүрх, сэтгэлээрээ л эх орноо хамгаалж байх учиртай гэж ахмад хилчид дурссан юм. Хил хамгаалах байгууллагын Сүлдэт багана цогцолборт өнгөрсөн амралтын өдөр нэгэн үе эх орныхоо эд эс, ширхэг чулууг нь хүртэл хамгаалж, тэмцэж ирсэн хил хамгаалах байгууллагын түүх, домог болсон гавьяат хилчид цугларч халуун яриа өрнүүлсэн нь энэ юм.
Мөн эдгээр өдрүүдэд Хил хамгаалах байгууллагын яруу алдарт 85 жилийн ой, тэр дундаа Хилчдийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын хилийн "тойрог”-ийг зурж явсан эрхэм хүмүүстэй уулзаж, баярыг нь хуваалцах завшаан тохиов. Жилдээ ганц л удаа тохиодог баярынхаа өдөр үг сургамжаа хэлэх ахмад, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа дунд, залуу гурван үеийнхэн ингэж уулздаг уламжлалтай.
Хил хамгаалах байгууллагын ой давхацсан баяр, бахархлаар дүүрэн болж байна. Алс баруун хязгаарт 70 жилийн өмнө Монголын хилчид Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн төлөө олон удаагийн зэвсэгт тулгаралт хийж, эрэлхэгээр тулалдаж явсан түүх бий. Энэ газар нутгийг үр хойчдоо үлдээхийн төлөө Монгол Улсын төлөө зүтгэсэн тэдгээр баатар эрс, гавьяатнуудыг дурсч, үйл хэргийг нь мөнхөлсөн 70 жилийн ойг энэ жил тэмдэглэв. Тийм ч учраас бүдгэрэх учиргүй гавьяатнуудыг дурсч Монгол Улсын төрийн тэргүүний зарлигаар баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амиараа хамгаалж тэмцсэн. Хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий болсон Ховд аймгийн Үенч суман дахь хилийн 0130 дугаар ангид Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 0164 дүгээр ангид Цэргийн гавьяаны одонг бахархалтайгаар зүүж өглөө. Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад дайчин Б. Логийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан зэрэг бахархалт үйл явдлууд өрнөж байна.
Хилийн цэргийн 0130 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Хил хамгаалалт хөгжөөгүй, хэцүү бэрхшээлтэй он жилүүдэд улс орноо хамгаалж явсан ч өнөөгийн бидэнд газар нутгаа бүрэн бүтнээр нь үлдээж өгсөн хил хамгаалах байгууллагад данстай 4000 гаруй ахмад хилчин байдгаас 2000 гаруй ахмад хилчин Сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлж, нэгэн өдрийг дуу хуур, халуун дотно яриа дэлгэж өнгөрүүлэв. Энэ үеэр нь ахмад хилчдийн төлөөлөлтэй уулзаж, дурсамжийг нь сөхлөө. Үе үеийн хилчдийг бэлтгэж, сурган хүмүүжүүлж ирсэн тэдний гавьяаг бид мартах ёсгүй билээ.
Хурандаа Д.Чулуун: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНОЛЫГ МОНГОЛЫН ХӨРСӨН ДЭЭР БУУЛГАСАН ХИЛЧИД ЦӨӨНГҮЙ БИЙ
Дотоодын цэргийн чөлөөнд байгаа хурандаа Д.Чулуун бол хилийн цэргийн анхны боловсон хүчнүүдийн нэг. Сумангийн захирагчаас хороон захирагч хүртэлх албан тушаалд 39 жил алба хаахдаа Онгон, Өмнөговь, Сулинхээрийн отрядад ажиллаж, дараа нь 1984 оноос Дотоодын цэргийн ангиудад штабын дарга, орлогч хийж явжээ. Өдгөө ч зүгээр суухгүй хил хамгаалах салбараа шимтэн судалж, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах хамгаалалтын чиглэлээр судалгааны ажил хийж байгаа аж. Мөн тэрээр удам дамжсан хилчин бөгөөд түүний аав 1940-өөд оны үед өмнөд хилийг хамгаалж явжээ. Харин Хилийн цэргийн хурандаа Д.Чулуун Монголын элгэн талын гурван отрядад алба хашиж байсан тухайгаа "Би хилийн цэргийн хүн. 1967 онд хилийн цэргийг өргөтгөн байгуулж байхад дунд сургуулиа төгсөөд анхны боловсон хүчин болохоор ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд явж байсан. Хилийн цэрийн яруу алдарт 85 жилийн ой бол яах аргагүй хилийн ба дотоодын цэргийн түүх юм. 1922 онд Дотоодын хамгаалах газар байгуулагдаж цэргийн хэлтэс гэж байсан нь 1933 онд Дотоод явдлын яам байгуулагдахад Хилийн цэрэг, Хязгаарын цэргийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хүндтэй хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн түүхэн замналтай.
Бидний үеийнхэн 8000 гаруй урттай хилийн зурвасыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тиймээс өмнө, хойно аль ч үед Монгол Улсын нутаг дэвсгэр хэмжээ хязгаараараа бүрэн бүтэн байгаа гэж боддог. Хил хамгаалах байгууллага хуучин байснаасаа илүү хэмжээнд хүчирхэг хүч хэрэгслээр хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй үүргийг нэр төр, хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны онолыг Монголын хөрсөн дээр буулгасан хилчид ч цөөнгүй бий. Хилчин хүн бол Монголын ард түмэн, нутаг дэвсгэр тусгаар тогтнол бүтэн бүтэн байдлыг хамгаалж байх ёстой дархлаатай, хүмүүжилтэй хүн байх ёстой” гэлээ.
С.Жалбуу: ДАРГЫН ТУШААЛААР БИШ ЗҮРХ, СЭТГЭЛЭЭРЭЭ ХИЛ МАНАХ ЁСТОЙ
Ахмад хилчдийнхээ дунд Монгол Улсын хилийн "тойрог” гэж алдаршсан хилийн цэргийн хурандаа С.Жалбуу 1973 оноос 2006 он хүртэл Монгол Улсыг бүтэн тойрч хил манасан эгэл жир хилчин юм. Тэрээр Архангайн Цахир сумын уугуул бөгөөд 1973 онд ЗХУ-ын Москва хот дахь Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж 1976 онд төгсч ирээд Сулинхээрийн отрядад 14 жил ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтэст ажиллажээ.Мөн Увсын Баруунтуруунд зургаан жил ажилласан тэрээр тухайн үед хил хамгаалах байгууллагын урдаа барьдаг, үлгэр жишээ боловсон хүчний нэг байжээ. Ахмад хилчин С.Жалбуу хил хамгаалж явсан үеэ "Намайг заставын даргаар очиж байхад хилийн зогоон, тор ч байгаагүй. Улсаас ч их анхаарч хөрөнгө гаргаж байсан. Анх мөр хянах зурвас, зогоон байхгүй. Зүгээр л тал газар байсан. Гэсэн ч хил зөрчигч алдвал маш хатуу арга хэмжээ авагддаг учраас нойр, хоолгүй зүтгэдэг байлаа. Цэргүүдээ дээд зэргээр сургаж бэлтгэнэ. Хил бол хүний тэвчээр, зүтгэлийг шалгадаг, төлөвшүүлдэг алба. Хилийн зогоон, тор гээд хил хамгаалалтыг бэхжүүлэх ажлыг манай үеийнхэн бүтээж босгосон юм. Миний үед өндөр боловсролтой хүн цөөхөн байлаа. Харин одоогийн Хил хамгаалах байгууллагын удирдлагууд сайн ажиллаж байна. Ингэж ажиллахаас ч өөр аргагүй. Бүгд л хилийн бүтээгдэхүүнүүд юм шүү дээ. Түүнээс гадна хилчдийн нийгмийн асуудалд сайн анхаарч байгаа нь сайшаалтай.
1990 онд нэг үе хил задгайрахад янз бүрийн суудлын тэрэгнүүдийг Сүхбаатар, Дорнодоор гаргаж байлаа. 1996 онд Ерөнхийлөгчийн тушаалаар 300 хүнтэй опряцийн даргаар Дорнодод зургаан сар ажиллаад олон ч зөрчил илрүүлж байсан үе бий. Одоо бол орчин үеийн хил хамгаалах байгууллага өргөжин бэхжиж, застав, отряд байгуулж, техник хэрэгсэл, хүч хэрэгсэл, холбоо мундаг болсон. Дрон хүртэл ашиглаж байна. Хилчин хүн маш гярхай, тэвчээр, хатуужилтай байх ёстой. Хилийн манаанд хэдэн удаа яваад, энэ улс орныг би л аюулгүй амар тайван байлгах ёстой гээд бахархаад өөрийн эрхгүй эх оронч болчихдог. Даргын тушаалаар биш зүрх, сэтгэлээрээ хилээ манах ёстой юм. Айна, зайлж бултана гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.
Д.Туул: ХОЛБООЧИД ТАЙВАН ЦАГТ БАЙЛДААНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙГААРАА ХАРИУЦЛАГАТАЙ
Хил хамгаалах байгууллагын онцгой хийгээд хамгийн хариуцлагатай алба бол холбоочин юм. Хилийн цэргийн 0151 дүгээр анги, ахмад холбоочин Д.Туулын тодотгосноор холбоо бол хилийн цэргийн зүрх, тархи нь юм байна. 1965 оны цэрэг гэж өөрийгөө онцолсон тэрээр хил хамгаалах байгууллагад арав гаруй жил холбоочин хийжээ. Энэ тухайгаа Д.Туул "Холбоочин хүнд алдах эрх байхгүй. Хил зөрчигч орж ирлээ гэсэн мэдээг нэг минут, секундээр хоцроох юм бол зөвхөн хувь хүний хариуцлага биш улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой аюул учирна. Хилчид, хилийн цэргийн холбоочид тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог, хариуцлагатай. 1960-1970 онд утсан холбоо голчилдог байсан. Бидний үед холбоо барихдаа газараа бэлтгэнэ. Шугамаа татаж, шонгоо босгоно гээд нөхцөл байдал хэдийгээр хүнд байсан ч үүргээ хариуцлагатай биелүүлэхийн төлөө хором мөч бүхэнд бэлэн байлаа. Хил хамгаалах байгууллага өнөөдөр өргөжин хөгжиж байна” гэсэн юм.
Монгол Улс хэдэн зууны турш дархан хилээ хамгаалж ирсний дотор 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн түүхтэй. Түүнээс хойшхи эдүгээ хүртэлх яруу алдарт 85 жил бол хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх юм. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан. Тэрхүү хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэж гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдсэнийг бид мартах ёсгүй юм. Хилчдийн эгнээнээс байлдаан, тулгаралтуудад онцгой гавьяа байгуулсан Н.Жамбаа, П.Чогдон, Л.Даваадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Б.Дорж, С.Лхагвадорж, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Х.Дамба, Б.Бадам, Ж.Нэхийт, Д.Гуулин, Д.Намнан нарын 14 хилчинг Монгол Улсын баатар цолоор, олон зуун хилчдийг төрийн одон медалиар шагнаж байжээ. Ийнхүү амаргүй замналд Монгол Улсаа бүрэн бүтнээр нь бидэнд үлдээсэн тэдний үйл хэргийг өнөөгийн хилчид ч нэр төр, хариуцлагатайгаар үргэлжлүүлж явна. Тухайлбал, өнөөгийн Хил хамгаалах байгууллага нь гэрээт хилчдийн албыг төгөлдөржүүлэх, улсын хил хамгаалалтад холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудыг цаг тухай бүрт нь сайжруулах, нутаг, хүч хэрэгсэлдээ тохируулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, боловсон хүчнээ сургах бэлтгэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. 85 жилийн түүхээ ёслол төгөлдөр тэмдэглэж буй хил хамгаалах байгууллагын түүхийг товчхон сөхвөл ийм. Монгол Улсын тусгаар тогтнолын манаанд зогсч буй нийт хилчдэдээ яруу алдарт 85 жил, хилчдийн баярын мэнд хүргэе.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин