|
Видео

Шинэ мэдээ

“Сүлдэт багана” сүндэрлэв

“Сүлдэт багана” сүндэрлэв

 

Хил хамгаалах байгууллагын 83 жилийн ойн эдгээр өдрүүдэд эх орныхоо хил хязгаарыг манан суугаа хилчин дайчдын баяр тохиож байна. Баяр дээр баяр нэмж түүхэнд шинэ хуудас нээсэн "Сүлдэт багана” цогцолборыг өнгөрсөн баасан гаригт сүндэрлүүллээ. Хил хамгаалах ерөнхий газрын санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, нийслэлийн удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран цогцолборын ажлыг өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн юм. Ийнхүү "Сүлдэт багана” цогцолборын бүтээн байгуулалт дуусч нээгдсэнээр хүүхэд багачуудын эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй нэмэр оруулж байгаа юм. Мөн хилчин цогцолборт баярын парад, хүндэт жагсаалын цуваа тасрахгүй гэдгийг баярын арга хэмжээнд ирсэн хилчид тэмдэглэж байлаа.

""Сүлдэт багана”-ын хөшөө нь Монгол хүн бүрийн эх оронч үзэл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон сайхан зүйл боллоо”

 

"Сүлдэт багана”  цогцолборын нээлтэд Хил хамгаалах байгууллагын удирдлагууд, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, найрал дуучид, хөгжимчид ая дуугаа өргөсөн бол үе үеийн хилчид армийн генерал, офицер ахлагч албан хаагчид хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал, гавьяат тамирчин  С.Батцэцэг, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нар нээлтийн ёслолд оролцож талархал дэвшүүлсэн юм. Үйл ажиллагааг нээж ХХЕГ-н дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн "Хил хамгаалах байгууллагын 83 жилийн ой, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой гээд ойрын өдрүүдэд баяр давхацсан олон арга хэмжээ  тохиож байна. "Сүлдэт багана”-ын хөшөө нь Монгол хүн бүрийн эх оронч үзэл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон сайхан зүйл боллоо " гэдгийг онцолсон юм. Мөн энэ өдөр ХХЕГ-ын гурван төрөлт  тэмцээн болж гранат,  гүйлт, буудлагын төрлөөр амжилт гаргасан албан хаагчид, бусдадаа үлгэр дуурайл болсон хилчдийг  шагнав.

 

Энэ үеэр шинэхэн цогцолбор­тоо морилон саатсан ахмад хилчин Н.Эрэндэлэг хэлэхдээ "Хууль зүй, дотоод хэр­гийн яам, хотын удирдлага, ХХЕГ, цэцэрлэгт хүрээлэн хамтран бүх зүйл нь утга учир бэлгэдэлтэй сайхан цэцэрлэг байгуулж өгсөнд талархаж байна.  Хилчдийн ажил үйлс, түүхийг харуулсан энэхүү цогцолборт олон сайхан хүндэт жагсаал болно байх. Нүдээ олсон, зөв зүйтэй ажил санаачилж, богино хугацаанд үр дүнг нь  мэдрээд зогсч буй хамт олондоо баярлалаа”  гэв.  "Сүлдэт багана”  цогцолборын төсөл зарлагдсанаас хойш ХХЕГ-ын санаачлагаар хэлтэсийн дарга, хурандаа н.Баттулгын удирдлагаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бай­на. Тэрээр бүтээн байгуу­лалтын талаар "Ажил эхэлснээс хойш ХХЕГ-ын албан хаагчид өөрсдөө түргэн хугацаанд барьж гүйцэтгэсэн. Төсөв сан­хүүгийн хувьд ч ажилчдын хандиваас бүрдсэн. Албан хаагчид гурван өдрийн цалингаа хандивласан. Нийт 2.1 га газар хүлээж авсанаас одоогоор 1.2 га газарт сагсан бөмбөг, хүүхдийн талбай, хөшөө үзмэрүүд, явган хүний зам, зүлэгжүүлэлт  суулган бүтээн байгуулалт хийлээ. Үлдсэн талбайг ирэх жи­лээс дахин нарийн төлөвлөж ашиглана” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

М.БААСАНДЭЛГЭР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler