|
Видео

Шинэ мэдээ

Н.Хишигсүрэн: Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

Н.Хишигсүрэн: Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэн баталж, өнгөрсөн сарын 16-наас мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.
 
-Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг яагаад шинэчлэв. Ямар өөрчлөлт оруулсан бэ?
 
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хувь хэмжээг шинэчлэн баталсан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод Монгол Улсад мөрдөх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутамд шинэчлэн баталж байхаар заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны есдүгээр сард Эрүүл мэндийн сайдын А 350 дугаар тушаалаар зайлшгүй шаардлагатай эмийн найм дахь жагсаалтыг шинэчлэн, хүүхдийн эмийн жагсаалтыг анх удаа тусад нь баталсан. Зайлшгүй шаардлагатай эмийн найм дахь жагсаалтад нийцүүлэн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг шинэчлэн батлах шаардлага үүссэн. Ингээд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эмийн холбоо зэрэг олон төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, нэлээд судалгаа хийсний үндсэнд эмийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн жагсаалтаар худалдааны нэрийн 827 эмийн үнийг 30-80 хувиар хөнгөлж байгаа юм. Эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангууд харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа.
 
-Иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн зардалд энэ жил хэчнээн төгрөг зарцуулахаар тусгасан бэ?
 
-Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг жил бүр нэмэгдүүлж байна. Энэ онд эмийн үнийн хөнгөлөлтөд улсын хэмжээнд 29.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн элэгний С вирусийн эмийн төсөвт 18.4 тэрбум төгрөг төсөвлөж, нийт 47 тэрбум төгрөгийг тусгаад байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлж байгаа эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг хоёр тэрбумаар нэмэгдуүлэх арга хэмжээ авсан.
 
...Шинэчилсэн жагсаалтаар худалдааны нэрийн 827 эмийн үнийг 30-80 хувиар хөнгөлж байгаа юм. Эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангууд харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа...
 
-Улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа хэчнээн эмийн сан байна вэ?
 
-Энэ онд улсын хэмжээнд 861 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 324, үлдсэн нь орон нутагт бий. Эдгээр эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэдэд узүулж байна.
 
-Эмийн сангууд харьяалал харгалзахгүйгээр иргэдэд хөнгөлөлттэй эм олгох боломжтой болсон гэлээ. Гэтэл иргэдийн зүгээс төдийлөн хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлдэг?
 
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэртэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Манай байгууллага агентлаг болсонтой холбоотойгоор багагүй ажил эхлүүлээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын цахим системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр даатгалын гэрээтэй эмийн сангууд энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эмийн цахим программ хангамжийг бүрэн нэвтрүүлсэн. Цахим хэлбэр болон эмийн жагсаалтыг шинэчилсэнтэй холбогдуулан даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жороор өнгөрсөн сарын 16-наас эхлэн харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлтийн журмаа шинэчлэн ЭМДЕГ-ын цахим хуудсанд байршуулсан. Эндээс иргэд мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан тохиолдолд гар утсаар нь мэдээлэл өгч эхэлсэн.Тухайлбал, "Та тийм байгууллагаас, хэчнээн төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Одоо тэдэн төгрөгийн тусламж авах боломжтой" гэсэн мэдээллийг гар утсаар нь өгч байна. Ингэснээр иргэд өөрийнхөө эрүүл мэндийн даатгалын зарлагыг хянах боломжтой болж байгаа юм.
 
-Хөнгөлөлттэй эм олгох цахим системийг хэрхэн ашиглах вэ. Түр оршин суугчид хөнгөлөлттэй үнээр эмээ хэрхэн авах боломжтой вэ? 
 
-Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд харьяаллынхаа өрхийн эмнэлэгт хандаж, өрхийн эмчээс зургаан оронтой хяналтын дугаар авна. Уг дугаарыг даатгалын гэрээтэй эмийн санд үзүүлэхэд тухайн даатгуулагчийн мэдээлэл бүрэн гарч ирнэ. Үүнд өөр ямар нэгэн баримт бичиг шаардахгүй. Заавал хөнгөлөлттэй эмийн жорыг цаасаар хэвлүүлж авах шаардлагагүйгээр эмийн хөнгөлөлтийн үйлчилгээг бүрэн авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутгийн даатгуулагч болон түр оршин суугчид тухайн оршин суугаа хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт авсан тохиолдолд даатгалын сангийн тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой. Үүнд ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй.
 
-Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг сарын эхээр хэдхэн хоног олгоод эм эсвэл төсөв нь дууссан гэдэг шалтгаанаар олгодоггүй шүү дээ. Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байна вэ?
 
-"Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг бид хүртэж чадахгүй байна. Эмийн сангуудын төсөв дууссан байна" гэсэн мэдээлэл, гомдол манай байгууллагад ирдэг байсан. Тиймээс эмийн үнийн хөнгөлөлтийн уйлчилгээг цаг хугацаанд нь хүндрэл, чирэгдэлгүй бүрэн хургэх үүднээс цахим программыг нэвтрүүлсэн. Цаасан жор дээр эмч эмийн жорыг дутуу бичсэн, тоо хэмжээг нь засварласан байвал эмийн сан олголгүй, буцаадаг. Ингэснээр тухайн хүн буцаж өрхийн эмнэлэгтээ очдог хүндрэл бэрхшээл үусдэг байсан. Харин цахим программад шилжүүлж цаасан жор ашиглахгүй болсноор энэ алдаа дутагдал арилж иргэд эмийн сан, өрхийн эмнэлгийнхээ хооронд ямар нэгэн явдал, чирэгдэлгүй үйлчилгээгээ авах нөхцөл бүрдсэн. Мөн өмнө нь эмийн сангийн төсөв дууссан эсэхийг мэдэх боломжгүй байсан бол цахим хуудсаар ороход даатгалын гэрээтэй эмийн сангийн тасөв дууссан эсэхийг дүүрэг, хороо, байршлаар нь харах боломжтой. Тэгэхээр эмийн сангууд харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа учраас тухайн иргэн эмийн төсөв нь дуусаагүй эмийн сан хаана байна гэдгийг урьдчилж хараад дараалалгүйгээр эмээ авах боломжтой. Эмийн сангуудад иргэд урт дараалал үүсгээд байгаа шалтгаан нь, эмийн сангуудын төсөв байдаг ч иргэд сарын эхэнд л авахгүй бол төсөв дуусдаг гэсэн хандлага байдгаас сарын эхэндээ Өрхийн эмнэлгийн ачааллыг нэмж, урт дараалал үүсгэн цаг хугацаагаа алдаад байдаг. Гэтэл цаана нь төсөв нь дуусаагүй эмийн сан олон байдаг. Дээр хэлсэнчлэн харьяалал харгалзахгүй болсон учраас иргэд энэ үйлчилгээг асуудалгүй авах боломжтой болсон. Мөн ахмадуудын тэтгэвэр сарын эхэнд буудагтай холбоотой хөнгөлөлттэй эмийнхээ жорыг бичүүлээд авъя гэсэн хандлага байдаг. Тиймээс Өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нягт хамтарч ажиллан өрхийн эмч нь ахмадуудынхаа нэг хэсэгт нь сарын эхэнд, нөгөө хэсэгт сарын дундуур жор бичиж өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авбал хаана хаанаа чирэгдэл үүсэхгүй байх боломж бий.
 
-Эмийн жагсаалтыг шинэчилснээр хүмүүсийн хэрэгцээтэй зарим нэр төрлийн эмийг жагсаалтаас хассан байна гэсэн мэдээлэл байна?
 
-Өмнө нь мөрдөж байсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмэнд хөнгөлөлт үзүүлж байсан. Жагсаалтыг шинэчилснээр насанд хүрэгчдийн ерөнхий жагсаалт болон хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг тусдаа баталсантай холбогдуулан худалдааны нэрийн 827 эмийг 30-80 хувь хөнгөлж байгаа. Энэ нь өмнөх нэр төрлийг бууруулаагүй гэсэн үг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан зайлшгүй шаардлагатай эмийн найм дахь жагсаалтад жортой, жоргүй олгох эмийг Тусгайлан заасан байдаг. Үүнд нийтийн үйлчилгээтэй эмийн сангаар жороор олгодог, зах зээлд тасралтгүй нийлүүлдэг, иргэд, даатгуулагчид даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр авч байгаа тайлан мэдээнд хийсэн судалгаагаар иргэд их авдаг, зайлшгүй шаардлагатай эмийг оруулсан. Харин өмнө нь жоргүй олгож байсан амин дэм, витамин, үрэвслийн эсрэг зарим эмийг жагсаалтаас хасч, нэмэлтээр зонхилон тохиолдох өвчлөл, нас баралтын тэргүүн шалтгаант өвчлөлийн эмийг түлхүү оруулсан. Өөрөөр хэлбэл, хүн амын зонхилон тохиолдох өвчлөл, нас баралтын тэргүүн шалтгаант өвчлөлийн буюу зүрх судас, амьсгалын зам, хоол боловсруулах замын өвчинд хэрэглэдэг эмийн хөнгөлөлтийн хувийг өндөр тогтоож өгсөн. Мөн судалгаанд үндэслэн орлого багатай, зорилтот бүлгийн хүн ам болон 0-5 насны хүүхэд, ахмад настны хэрэглэдэг эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг огцом бууруулахгүй байх зарчим баримтлан ажиллаж байна.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler