| |
Видео
Шинэ мэдээ
Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сунгажээ
Балба Улсын Катманду хотноо өнгөрсөн сарын 21-27 -ны өдрүүдэд болсон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалтаар дээрх төлөвлөгөөг сунгах шийдвэр гаргасан байна.
Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцжээ.
Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнасан аж.
Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын "саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг нь харахаар болсон байна.
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг