| |
ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан яаж баяжсан бол...
Ингэхэд Монгол Улс яг буурай, ядуу орон мөн үү. Их хотыг хүрээлсэн гэр хороолол, өрөнд баригдсан дунд ангийнхан, эмчилгээний зардлаа олж дийлэлгүй нас нөгчиж буй өвчтөнүүд, Улаанчулуутын хогийн цэгт сэг зэм булаалдан зодолдох ядуусыг харвал яах аргагүй буурай улс мөн болж таарна.
Гэвч нөгөө талдаа баян тарганаараа өрсөлдөж, нэгнээсээ давахын тулд эгээтэй л Арабын шейхүүд шиг аашилдаг томчуудыг харвал нөхцөл байдал арай өөр мэт. Ялангуяа, авдаг цалин нь бусадтай яг адил хэрнээ амьжиргааны түвшин нь тэрбумтнуудынх шиг төсвийн байгууллагын дарга нараар жишээлбэл Монгол Улс хөгжилтэй орны тоонд хэдийн орсон гэмээр ажээ. Тодруулбал, хэдэн сарын өмнө шүүгч нар хэмээх эрх мэдэл, хөрөнгө чинээ бүхий тусгай давхарга Монголын нийгэмд бий болсныг бид мэдэж авсан.
Тэдний цалин дундаж түвшнийхээс хэд дахин илүү гэдгийг бүгд мэддэг. Бүр хүлээн зөвшөөрдөг. Гэвч шүүгч нарын амьдралын өртөг олж байгаа бодит орлогоос нь хэдэн арав дахин их байгааг харин хэрхэвч хүлээн зөвшөөрөх аргагүй. Нэгэнт шүүгч нар мөнгө тарьж ургуулж чадахгүй нь үнэн тул тэдний энэхүү байж боломгүй их орлогыг авлига, хээл хахуультай холбон ойлгохоос өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл, тэд нийгмийн хувалз болчихжээ. Тэгвэл алтан гарт эмч нар энэ эгнээ рүү шилжсэнийг бид дараах баримтаар "илчилж” болно.
Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Юу гэвээс, эмч нарын бүрдүүлж буй энэ бүлэгт жирийн эмч, сувилагч, асрагч нар огтоос орохгүй, бүр орох боломж ч байхгүй. Харин улсын томоохон эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүдийг удирдаж буй эмч нарын бодит орлого хийгээд амьдралын түвшинг нь харгалзуулбал ихээхэн но бий гэдгийг шуудхан харж болно.
Жишээ татъя. Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн захирал Т.Мөнхсайхан гэгч нь өнгөрсөн оны ХОМ-ээ АТГ-т гарган өгчээ. Гэтэл мань эрийн өөрийн жилийн орлого 207.7 сая, харин гэр бүлийнх нь 528.4 сая төгрөг байх юм. Улмаар 647.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 80 сая төгрөгийн машин нэг, 800 саяын газар нэжгээдтэй гэжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байлаа.
Жирийн эмч нарын хувьд ой тойнд нь багтахгүй их хөрөнгө зоорийг Т.Мөнхсайхан дарга хэрхэн хуримтлуулсан юм бол. За тоо бодох гэж оролдъё л доо. Хамгийн дээд хэмжээгээр буюу шүүгч нарынхтай адил сард 4.5 сая төгрөгийн цалин авлаа гэхэд (энэ нь бодит цалингийн хэмжээ биш болно) 12 сарын турш нийт 54 сая төгрөг болох нь ээ. Эндээс татвар шимтгэлийг нь тооцоход л бүтэн жилд 48.1 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Харин Т.Мөнхсайханы жилийн орлого 207.7 сая төгрөг. Зүгээр хар ухаанаар бодвол сард 17 сая төгрөгийн цалин авдаг байж гэмээнэ ийм хэмжээний орлого бүртгүүлж болно. Гэвч өнөөдөр хувийн томоохон компанийн гүйцэтгэх захирал л биш бол сард 17 сая төгрөг авдаг монгол хүн тун ховор. Бараг хүн амын нэг хувь орчим нь тийм байх.
Гэхдээ ГССҮТ-ийн дарга энэ нэг хувьд багтахгүй гэдгийг л итгэлтэйгээр өгүүлэх байна. Дээр нь 7.8 тэрбум төгрөгийн хадгаламж гэдэг нь яг өнөөдрийн албан ханшаар бол 3.2 сая ам.доллар. Уншигч та бүхэн санаж байгаа бол С.Баярцогтыг анх оффшор бүсэд нэг сая доллар нуусан гэж бөөн дуулиан гарч байсан. Тэгвэл ГССҮТ-ийн даргын дансанд 3.2 сая ам.доллар байгаа ажээ. Харин сумын эмнэлэгт насаараа ажиллаж байгаа их эмч нар нойр хоол дутуу, өдөржин, шөнөжин ажиллаж ажиллачихаад гар дээрээ сард 800 мянган төгрөг л авдаг. Тэгсэн хэрнээ бүгд цалингийн зээлтэй. Цагаан халаадаа тайлаад л өөр өмсөх өнгөтэй өөдтэй хувцасгүй сумын эмч нарын энэ дорд байдлыг төвийн том эмнэлгүүдийн дарга нарын байр байдалтай харьцуулшгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой ажээ. Яагаад эмнэлгийн дарга болох гэж зүтгэдэг вэ.
Тухайлбал, аль нэгэн томоохон эмнэлгийн даргын албан тушаал хашиж байсан хүмүүс засаг төр солигдсоны дараа сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга гэсэн албан тушаалд тохоон томилогддог. Тэгвэл эдгээр эмнэлгийн дарга нар өөрсдийнхөө чадал чансаагаар дээрх суудалд очдог үү гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй. Дээр нь тэд улсын эмнэлгийг удирдаж байхдаа албан тушаалдаа дөрөөлөн бүгд хувийн эмнэлэгтэй болж амждаг. Түүндээ эмнэлгийнхээ хамаг өөдтэй эмч, сувилагчийг хүчээр шахам ажиллуулж, улсын ажлыг цалгардуулдаг нь бараг жишиг болсон. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх хувийн эмнэлгийн цаана төрд данстай эмнэлгийн төсөв санхүүг шууд захиран зарцуулах эрхтэй эрх мэдэл бүхий хүмүүс бий ажээ.
Хамгийн гол нь, одоо ч эдгээр албан тушаалд байгаа дарга нар хувийн эмнэлгээр зогсохгүй эмийн компанитай. Харин эдгээр хувийн эмнэлэг, эмийн компанийг босгосон хөрөнгийн эх үүсвэр нь анхаарал татмаар. Эдгээр даргын сарын цалин, нэмэгдэл, урамшууллыг бодоод үзэхээр тийм ч их мөнгөний тоо гарахгүй. Нийт тооцоог харахад, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нар сард хоёр сая хүрэхгүй цалин гар дээр авдаг юм билээ.
Гэтэл томоохон барилгын хэд хэдэн давхрыг эзэлдэг хувийн эмнэлэг, олон зуун сая төгрөгийн багаж хэрэгсэл, цаашилбал эмийн компани гээд олигархуудын дайтай хөрөнгийг бий болгосон эх үүсвэр нь хаанаас ундарсан байж таарах вэ. Энэ бол зайлшгүй шалган тодруулах асуудал. Мэдээж хэд хэдэн хардлага бий. Нэн түрүүнд эмнэлгүүдийн дарга нар өөрсдөө тендерээ зарладаг гэдгийг онцлох ёстой. Харин тендерийн зарчим, шалгаруулалт туйлын шударга явагддаг гэвэл түүн шиг худал зүйл үгүй.
Бүр тодорхой яривал, эдгээр зарлагдсан тендерт эмнэлэгийн дарга нарын хувийн эмнэлэг, эмийн компани шалгарч, олох ашиг шууд л мөнөөх удирдлагын халаасанд ордог. Тэгэхээр цагаан халат өмссөн, буянтны дүртэй эмнэлгийн дарга нарт шүүгч нараас дутах зүйл огт байхгүй. Харин ч зарим тохиолдолд тэднээс илүү "ашигтай” ажиллаж, үүнийгээ хаахын тулд хууль хяналтынхан, холбогдох албаныхныг худалдан авч байгааг бүгд мэдэх хэрнээ өнөөг хүртэл ул суурьтайгаар илчилж, шударга ёсыг тогтоосонгүй.
Ер нь Т.Мөнхсайханы талаар анхаарал татмаар яриа олон бий. Өнгөрсөн оны сүүлчээр, хэвлэлүүдээр Т.Мөнхсайхан ГССҮТ-ийн даргын албыг МАН-аас худалдаж авсан тухай мэдээллүүд гарсан. Тухайлбал, түүнийг эмнэлгийнхэн хувьдаа дурангийн мэс заслын төхөөрөмжтэй, үүгээрээ төлбөртэй мэс ажилбар хийдэг, төлбөрийг нь хувийн дансаараа авдаг гэх мэтээр ярьдаг аж. Түүнчлэн хувийн компаниараа дамжуулж эмнэлгийн шаардлагатай хэрэгсэл, хиймэл үе зэргийг оруулж ирж, өндөр үнээр зардаг гэцгээсэн.
Ерөнхийдөө Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг ГССҮТ-ийн захирлаар зүтгүүлж, дэмжлэг үзүүлсэн гэдгийг яамны хүрээнд ч ярьдаг билээ. Мэдээж иргэн хүн баяжиж болно. Иргэн баян байвал улс баян байна. Гэхдээ баяжсан нь тодорхой шалтгаантай, хуулийн хүрээнд байх ёстой. Иймд хуулийн байгууллага үүнийг анхааралдаа авна биз ээ. Ер нь Монгол Улсын эмч нар чадварын хувьд хаана ч гологдохгүй. Гэтэл хорт хавдар болон бусад эмчлэх боломжгүй хүнд өвчин туссан хүмүүс доод тал нь 100 сая төгрөг төлж гадаад руу явдаг.
Харамсалтай нь, ихэнх нь ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүйн улмаас үхлээ хүлээн хэвтдэг гэхэд буруудахгүй. Хамгийн гол нь, эмч нар нь чадварлаг атал нарийн эмчилгээнд шаардлагатай аппарат, тоног, төхөөрөмж, өндөр үнэтэй технологийг бид дотооддоо нэвтрүүлж чадахгүй байгаа. Гэтэл эмнэлгийн дарга нарын бэл бэнчин энэ анзаанд байгаа нь хачирхалтай. Тиймээс бид дараагийн удаа улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын ХОМ-ийг уншигчдадаа хүргэх болно.
Р.САРУУЛ