|
Видео

Шинэ мэдээ

Үйлчлэгчээс дор цалинтай эмч нарын халаас руу гар дүрэхгүй байхыг шаардаж байна гэв

Үйлчлэгчээс дор цалинтай эмч нарын халаас руу гар дүрэхгүй байхыг шаардаж байна гэвЗасгийн газраас энэ оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эмч, ажилтнуудад тэтгэвэрт гаргахад нь олгодог 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулахаар тусгасан. Тэгвэл, үүнийг эсэргүүцсэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, өрхийн эмнэлгийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог 24-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бууруулж 1-12 сар болгох санал тусгасан билээ. 2016 оны төсвийн тодотголыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг өнөөдөр албан ёсоор хүргүүлж байгаа аж. Хэрвээ энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэв.

 

Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны үйлдэврчний эвлэлийн дарга Б.Мягмараас тодрууллаа.

-Төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталчихвал яах вэ?

-Хэрэв төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын ажилчдын тэтгэмжийг одоо байгаа түвшнээс нь буулгах юм бол Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2015-2016 оны улсын гурван талт хэлэлцээрийн 1.13-т байгаа "Төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх бодлого баримтална” гэсэн заалтыг зөрчиж байна. Бид энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Төрийн алба залгамж чанартай байх ёстой. Энэ заалт хэрэгжихгүй байна гэдэг нь хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг хамтын маргааны асуудал яригдана. Тэгэхээр анхан шатны нэгж байгууллагууд нэгдэж хамтын маргаан үүсгээд тэмцэл хөдөлгөөн өрнүүлнэ.

этгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг хүргүүлж байгаа гэсэн?

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд наймдугаар сарын 25-наас тасралтгүй УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, байнгын хороод, Засгийн газар, салбар яамандаа удаа дараа санал, шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг албан ёсоор хүргүүлж байгаа. Эрүүл мэндийн салбарт өндөр цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтан байхгүй. Мөн хадгаламжиндаа 100 сая битгий хэл 10 сая төгрөгтэй ч хүн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт байхгүй. 150 метр кавдрат орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажилтан байхгүй. Харин орон гэргүй эмч, эмнэлгийн ажилтнууд зөндөө олон бий. Өчигдөрхөн над дээр Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч ирээд 15 жил эмчээр ажиллаад орох оронгүй, байрны подволд амьдарч байна. 30 жил эрүүл мэндийн салбарт зүтгэлээд орох орон ч үгүй байна гэж хэлсэн. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 350-580 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ цалингаар хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа хийх, хаус барих байтугай найман хувийн зээлийн болзлыг ч хангаж чадахгүй байна. Насаараа эрүүл мэндийн салбарт 2-3 дахин их ачаалалтай ажилладаг эрүүл мэндийн салбарынхны нуруун дээр их ачаа үүрүүлж байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ахмад, туршилгатай эмч нар тэтгэвэртээ гарахдаа хэдэн төгрөг авдаг. Тиймээс өдий болтол гүрийж байгаа. Гэтэл өнөөдөр сарын 30 сая төгрөгийн цалин авч байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчид компаниудын захирлуудын цалинг танаж чадахгүй хулчиганачихаад хамгийн бага цалинтай эмч, эмнэлгийн ажилтнуудхаа халаас руу гар дүрж байна.

-Төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталчихвал эрүүл мэндийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ төсвийн тодотголоо эргэж харахгүй бол олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан ахмад, эмч, ялангуяа нарийн мэргэжлийн эмч, сувилгаа үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар эрүүл мэндийн салбарт тогтохгүй. Одоо сумын эмнэлэг, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Сүрьеэ, халдварт, гэмтлийн эмч гээд нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна. Дутагдалтай мэргэжилтнүүдийг татахын тулд нийгмийн хамгааллын бодлогыг Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамтай удаа дараа зөвшилцөж өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг бууруулахгүй гэдгээ хэлсэн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler